ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 195 ОРНООС 50 ОРОНД ӨРТЭЙ БАЙНА

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2021 онд 33.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар, Төв банкны өр 342.1 сая ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын зээл 19.9 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Үндсэндээ монгол улс дэлхийн 195 орноос 50 оронд өртэй байна гэсэн үг юм 

 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

АН-ЫН ДАРГАД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ НАР ӨРСӨЛДӨНӨ

      Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр товлогдож, шинэ даргаа сонгохоо зарлаад байна.  Харин жил орчмын өмнө АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл  тус сунгаанаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ удаагийн сунгаанд бүртгүүлжээ.

О.Цогтгэрэл, С.Эрдэнэ даргатай АН -ынхан өөр хоорондоо намын даргын сонгууль явуулахаа илэрхийлж нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн хороо өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж тус намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэнээр, улс төрчдийн нэр ил боллоо. Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш дараагийн улс төрийн нүүдэл нь АН-ын даргын сунгаагаар эхэлж, улс төрийн эргэн эрэлт хийлээ гэж улс төр судлаачид харж байна.

ХӨСҮТ: ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООГҮЙ ХҮҮХДҮҮД МЕНИНГИТИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

      Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Менингококк халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр  халдвар  амын дунд тархаагүй ч халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байхыг зөвлөж байна. Хүүхэддээ вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эмнэлгийн байгууллагуудад ихээр хандах болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ойрын хавьтал болоогүй хүүхдүүд менингитийн вакцин хийлгэх шаардлага гэж мэдээллээ.

Менингококкын халдвараас сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэм барьж, давсны уусмал, содын уусмал, царван, сармисны хандаар хоолойгоо тогтмол зайлахыг зөвлөж байна. 1 төрлийн уусмалаар 10 хоног зайлсны дараа өөр төрлийн уусмал хэрэглэх шаардлагатай. Учир нь хүний биед дасал болж үр дүн нь буурдаг байна.

Менингококкын халдвараар 5 хүртэлх насны хүүхэд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өвчлөсөн тохиолдолд хурдан хугацаанд хүндэрдэг, нас барах эрсдэл өндөр өвчин юм. Тиймээс эцэг эхчүүд тээгч болж хүүхдэдээ халдвар дамжуулахаас сэргийлэх шаардлагатай.

Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл (2021.10.28)

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн байдлаар PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр 252 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 15795 болсон байна.
Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж өөрийгөө болон хайртай хүмүүсээ цар тахлаас урьдчилан сэргийлээрэй…

Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

Засгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ.


Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.

Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орнуудаас ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байгаа. Түүнээс улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэжээ.

Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан музейтэй нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэр гарчээ. Ингэснээр музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх гэнэ.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан.  Шинэ музей ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн юм.

Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай аж.

Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтог малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.

ТАЛАРХЛЫН АЯН

“Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, ажилтнууддаа баярлалаа” цахим талархлын аянд байгууллага, ААН, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хүнд хэцүү цаг үед иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа эмч нартаа үгийн урам хайрлая.
Эмч нарын хамгийн том шагнал бол иргэд үйлчлүүлэгчдийн “БАЯРЛАЛАА” хэмээх талархлын сэтгэл юм шүү.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УЛААН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

“Иргэдээ сонсох” нэрлэсэн жилийн хүрээнд Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сум орон нутагт ажиллаж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд газар дээр нь биечлэн очин ажиллаж байна.
Ажлын албаныхан Улаан-Уул сумын өвөлжилтийн нөхцөл байдал, Коронавируст халдварын нөхцөл байдалтай танилцан сумын засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон салбар, салбарын төрийн албан хаагчдад мэдээлэл, зөвлөгөө, чиглэл өглөө

Халдварын улмаас улсын хэмжээнд 3184 хүүхэд, 1248 жирэмсэн эх эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд короновирусын 1095 тохиолдод батлагдаж 6 иргэн харамсалтайгаар амиа алдлаа. Нийт 19093 иргэн эмчлүүлж байгаагаас 3184 хүүхэд, 1284 жирэмсэн эх байна. Биеийн байдлын хувьд 9464 иргэн хөнгөн, 7041 иргэн хүндэвтэр, 2220 иргэн хүнд, 368 иргэн нэн хүнд байна.

Нийт 1593 иргэн харамсалтайгаар амь насаа алдаад байна.