Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа

Хятадын “Pony.ai” компани энэ сарын 24-нд анхны автомат жолоодлоготой таксины үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан компани боллоо. Тус компани нь Гуанжоугийн Нанша дүүрэгт төвтэй.

Энэ хүрээнд Нанша дүүргийн нутаг дэвсгэрт 100 автомат жолоодлоготой машин байршуулах болжээ. Автомат такси тавдугаар сараас эхлэн Наншад төлбөртэй ажиллаж эхлэх бөгөөд аажмаар Гуанжоугийн бусад бүс нутагт үйлчилгээгээ өргөжүүлэх юм байна.

Зорчигчид “PonyPilot+” нэртэй програмаар дамжуулан төлбөрөө төлнө. Мөн үйлчилгээний цаг 8:30-22:30 хүртэл байх аж. Төлбөрийг тогтоохдоо Гуанжоу дахь таксины үнэд суурилсан ба эхний гурван километрт 12 юань байна.

“Pony.ai” нь 2018 оны арванхоёрдугаар сараас хойш автомат жолоодлоготой таксины үйлчилгээгээ туршилтын журмаар эхлүүлсэн. Тэр цагаас хойш системээ тасралтгүй сайжруулсаар, өдгөө лицензээ аваад байна. Одоогийн байдлаар 700 мянга гаруй удаа хэрэглэгчид үйлчилсэн. Үйлчлүүлсэн зорчигчдын 99 хувь нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн буюу сэтгэл ханамжийн үйлчилгээ 4.9/5 байжээ.

https://www.youtube.com/watch?v=ImJiGAAOSq4&t=58s

Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ 10.00 цагт эхэлнэ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

  • Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
  • Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 Тагнуулын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч, мөнгө угааж байсан байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсан 150 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад Г, Ц, Б нарын зохион байгуулалттай нэг бүлэглэл болох нь тогтоогдоод байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Г, Ц, Б нарын тэргүүтэй энэ бүлэглэл НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авах гэмт хэргээ 2020 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнийг бүлэглэлдээ татан оролцуулсан байжээ. Тагнуулынхан одоогоор дээрх 1000 орчим иргэн эл гэмт хэрэгт ямар, ямар оролцоотой оролцсоныг хүн тус бүрээр нь шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэмт бүлэглэлийнхэн НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар авсан мөнгөнөөсөө тодорхой хувь өгөх байдлаар танил тал, хамаатан садан, найз нөхдөө ашиглаж байснаас гадна бусдын иргэний үнэмлэхийг мөнгөөр түр “түрээслэх” хэлбэрээр хамтарч байсан зэрэг нь илэрч байгаа гэнэ. 

Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах анхны эмийг зах зээлд гаргана

Олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эм тун удахгүй зах зээлд гарахад бэлэн болжээ.

Эмийн туршилтыг хулгана дээр туршсан ба дааврын бус “YCT529” гэх шинэ эм нь ямар нэгэн гаж нөлөө үүсгэдэггүй болохыг эрдэмтэд баталжээ. Шинэ эм нь эр бэлгийн эсийг боловсруулах чухал үүрэгтэй уургийг дарангуйлах аж.

Туршилтын хулгана дээр дөрвөн долоо хоногийн турш хийсэн ба эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хугацаанд эр хулганын эр бэлгийн эсийн тоо эрс багасаж, жирэмслэлтээс даруй 99 хувиар хамгаалж байсан аж. Харин эмийн хэрэглээг зогсоосноос хойш 4-6 долоо хоногийн дараа хулгануудад эр бэлгийн эс нь дахин боловсорч, зулзагалах боломж бүрдэж эхэлсэн байна.  

Эрчүүдэд зориулсан анхны туршилтууд энэ оны хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байна. Миннесотагийн Их Сургуулийн профессор Гунда Георгийн ярьснаар, эмийг ирэх таван жилийн дотор зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл гарч магадгүй хэмээн өөдрөгөөр харж байгаа аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ, Г.АМАРТҮВШИН,Х.ГАНХУЯГ, Ё.БААТАРБИЛЭГ НАРЫН УЛС ТӨРИЙН КАРЬЕР ӨНДӨРЛӨХ ҮҮ?

МАН-ын бүлгийн гурван гишүүний хамт АН-аас сонгогдсон Н.Алтанхуягийг халдашгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Ийм хэзээ  ирэх нь цаг хугацааны асуудал байсан нь Ерөнхий сайдын байр суурь болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үг үйлдлээс  ойлгомжтой байсан.  Ардын намын удирдлагуудын амласан, зарласнаас харвал Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар Төрийн ордноос төрхөмдөө хөөгдөх тодорхой байна.  АН-аас сонгогдсон Норовын Алтанхуягийн хувьд АТГ-аас шалгуулахаар болсон. Тэрээр “Би буруу зүйл хийгээгүй, сөрөг хүчнээс МАН-ын хүчтэй шүүмжлэж байгаа учраас намайг дуугүй болгох гэсэн зохиол” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Ийгхүү эдгээр 4 гишүүнийг бусад гишүүп нь “Шүүхээс үнэн зөвөө тогтоолгоод ир” гээд кноп дарцгаах болов уу. Эдгээр 4 гишүүний  улс төрийн карьер энэ хүрээд өндөрлөх үү гэдэг эргэлзээ үүсээд байна.

Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн С.Бямбацогт дээрх дөрвөн гишүүнийг үлдээх үү, явуулах уу гэдгийг шийдэх эрхтэй хүн. Гэхдээ түүний хувь заяа ч мөн бүрхэг байгаа. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлдэгчийн нэг. Тэгээр ёс зүйн хувьд бусдын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх түүнд байх ёсгүй юм.

зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 27. Буд гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

МОНГОЛ УЛС 1КВТ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ХОЁР ХӨРШӨӨС 40-50 ХУВЬ ХЯМД

ОХУ болон Украин улсын хурцадмал байдал нь европ болон азийн зарим оронд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг бий болгосоор байна.  Өнөөдрийн байдлаар Европын орнуудад хэрэглэгчийн 1 КВТ эрчим хүчний үнэ 34 цэнт бюу 1040 төгрөг байна. Харин манай улсад хэрэглэгчийн 1 КВТ эрчим хүчний үнэ 175 төгрөг байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний үнэ дэлхийн бусад улс оронтой харицуулахад маш хямд байгаа юм. Жишээлбэл Оросын холбооны улс болон Бүгд найрамдах Хятад ард улстай харицуулахад 40-50 хувь хямд байна. Харин Евродын холбооны улсуудаас 4-5 дахин хямд байгаа юм. Үүнээс авч үзвэл дэлхий дахинд үнийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч манай улсын хувьд үнэ тогтвортой байна.

Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийг хараат бусаар тогтоодог. Үнийг хараат бусаар тогтоодог газар бол эрчим хүчний зохицуулах хороо юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тооцоогоор одоо байгаа хэрэглэгчийн үнийг хамгийн багадаа 28 хувиар нэмэгдүүлж байж цахилгаан дулааны эрчим хүчний үнэ өөрийн өртөгтөө хүрнэ.

Эрчим хүчний салбар зардлаа нөхөж чадахгүй өөрийн өртөгөөс нь доогуур үнээр борлуулалт хийж байгаа нь цаашид энэ салбар доголдох нэг том шалтгаан нь болж байна.  Дашрамд дурдахад хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт

2017 онд 6.2 тэрбум төгрөг

2018 онд 9.8 тэрбум төгрөг

2019 онд 13 тэрбум төгрөг

2020 онд 18.1 тэрбум төгрөг

2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

УОК-ЫН ШИЙДВЭРТ УЯАЧИД БУХИМДАЖ БАЙНА

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-ийг хүртэл хурдан морины уралдааныг хориглодог. Тэгвэл нийт уяачид тавдугаар сарын 1-ний өдрөөс морьдоо уралдуулахаар морьдынхоо уяа сойлгыг тааруулж бэлэн байдлаа хангаж байжээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө УОК-оос  тавдугаар сарын 15-ныг хүртэл хурдан морины уралдааныг хориглосон гэнэтийн  шийдвэр гарасанд уяачид гомдолтой байна.  21 аймгийн хэмжээнд Уяачид тавдугаар сарын нэгнээс хурдан морины 100 гаруй уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байжээ.

УОК-ын шийдвэрт Улсын хэмжээнд Шүлхий өвчний вакцинжуулалтыг хийх үүднээс хурдан мориын уралдааныг хоригложээ. Одоогоор 17 аймгийн 100 гаруй сумд шүлхий өвчин тархаад байгаа. уяачдын хувьд шүлхий өвчний  вакцинжуулалтыг хийх нь зөв. Гэхдээ шүлхий зөвхөн үхэр хонь ямаа буюу салаа туураатай малд тусдаг гэдгийг хэлж байна. Нэг ёсондоо цагийг нь тулгаж шийдвэр гаргасанд уяачид бухимдалтай байна. Хэрвээ ийм шийдвэр гаргах байсан бол хугацаа тулгалгүйгээр урьдчилаад мэдэгдэх байсан гэдгийг хэлж байна.

Хурдан морь уралдуулахад сунгаанаас эхлээд олон ажил төлөвлөж хийдэг учир УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой эдгээр ажил алдагдаж байгааг онцоллоо. Нэг уяач сард дунджаар 300 мянгаас нэг сая төгрөгийн зардлыг уяа сойлгонд зарцуулдаг. Хэрвээ хурдан морины сунгаа, давхил эхэлсэн үед сунгааг зогсоовол уяа сойлгоо удаан тогтоож чададгүй байна. Энэ утгаараа  цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ч уяа ч нар алдагдал хүлээгээд байна.

БНСУ-Д АЖИЛЛАХААР 297 ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл  2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09.00 цагаас албан ёсоор нээгдэж, цахимаар явагдаж байна. Өчигдөр өглөөний 11.00 цагийн байдлаар бүртгэл 10 гаруй хувьтай буюу 297 хүн бүртгүүлжээ. Олон хүн дахин дахин хандаж байгаагаас бүртгэлийн програм ачаалж байгааг харгалзан хүлээцтэй хандах, шалгаж байна гэсэн тохиолдолд хүлээцтэй хандахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс анхааруулж байна.

зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 26. Ангараг гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.