АЛАГ-ЭРДЭНЭЧҮҮД ХАМТЫН ХҮЧЭЭР ТӨВ ЗАМАА ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОЛОО

Алаг-Эрдэнэ сумын удирдлагууд “Нэг өрх-Нэг цемент” аян өрнүүлж төв зам дагуух 500 метр замыг #хатуу хучилттай болгож, ажлаа дуусгажээ.
Тус аянд төсөвт байгууллагын албан хаагч бүр идэвхтэй оролцож нэг сэтгэлээр нэгдэж чадвал боломжгүй зүйл байхгүйн тод жишээ боллоо.
Бүтээн байгуулалтыг сумын иргэдийн техник хэрэгслийг ашиглан цутгалт хийж гүйцэтгэжээ.
#Нутгаа гэсэн сэтгэлтэй нэг цемент аянд нэгдсэн Алаг-Эрдэнэ сумынхандаа баяр хүргэе.
Сайн туршлага түгээж чиглүүлэн #ажилласан сумын Засаг дарга Загдсамбар Ням-Очир, сумын ИТХ-ын дарга Баясгалан Жанлав нартаа талархлаа
+3

БҮХ НИЙТЭЭРЭЭ ЦАС, МӨС, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ 02 ДУГААР САРЫН 01-НЭЭС 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

✅️Сумын Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжийн дагуу замын халтиргаа гулгаа их байгаа тул осол аваар гарах эрсдэлийг бууруулах зорилгоор орчны 50 метр хүртэлх газрын засмал зам явган хүний замын цас, мөс хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд зохион байгуулах мэдэгдлийг байгууллагуудын удирдлагуудад хүргүүллээ.
✅️Гэр хорооллын доторх засмал замын цас мөс хоёр талын хог хаягдал цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулна.
✅️Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тонн бодисыг 11 сая төгрөгөөр худалдан авч 50 уулзварт бодис цацах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМААС ДЭЛХИЙН АВАРГА ТОДОРЛОО.

Итали улсын Baselga di piné хотод 2024 оны 1 сарын 27-28-нд болсон “мастеруудын гүйлтийн тэшүүрийн ойрын зайн Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний 80-аас дээш насны ангилалд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 81 настай МТМХ-ны тамирчин ОУХМ Бүжийн ЖАЛБАА амжилттай оролцож 80-аас дээш насны ангилалд Дэлхийн аварга боллоо.🎊🥇
Мэдээллийг: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын тэшүүрийн багш Д.Отгонбаяр

ХӨВСГӨЛЧҮҮД ШАГАЙН ХАРВААГААР УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

XVII жарны Модон луу жилийн сар шинийн шаган харваанд 20 аймаг 9 дүүргийн 102 багийн 800 гаруй харваач цэц мэргэн ээ сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол улсын мэргэн Зоригтын Батням алтан медаль,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат АГМ Баасанхүүгийн Очирпүрэв мөнгөн медаль,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат АГМ П.Содбилэг мөнгөн медаль
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат залуу харваач н.Доржпүрэв мөнгөн медаль тус тус хүртлээ.
Аймаг орон нутгийн нэрээ дуурсгасан эрхэм харваачид даа баяр хүргэе. Хойморь нутгийн хийморьлог харваачид даа айлчилсан ирж буй сар шинийн мэнд дэвшүүлж оноо мэргэн хараа хурц уухай цээл байхын ерөөл дэвшүүлье

ОРОН НУТАГТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ БОЛОМЖ

ШУТИС-ын харьяа Хөвсгөл аймаг дахь ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ нь техникийн боловсрол олгох 1,5 жил, мэргэжлийн боловсрол олгох насанд хүрэгчдийн 1 жилийн дараах сургалтуудад элсэлт авч байна.
✔️ Сургалтууд 2024 оны 1 сарын 29-ээс эхэлнэ.
📌 ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ /1,5 жил/
– Иргэний барилгын техникч
– Оёдлын техник, технологич
– Ойн техникч
– Сантехникийн техникч
– Цахилгааны техникч
✔️ Тавигдах шаардлага: Тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 1 болон 2.5 жилээр төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
✔️ Суралцах хугацаа: 1,5 жил
📌 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ /1 жил/
– Барилгын цахилгаанчин
– Зочид буудал, жуулчны баазын ажилтан
– Малчин
– Модон эдлэлийн мужаан
– Ойн нөхөрлөлийн ажилтан
– Хүнсний ногооны фермер
✔️ Тавигдах шаардлага: Боловсролын түвшин харгалзахгүй, 18-45 хүртэлх насны иргэд суралцах
✔️ Суралцах хугацаа: 1 жил
💯 СУРГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ 💯
☎️ Харилцах утас: 99025907, 9906-9763

Чансаагаараа сүүл мушгисан МҮИС Алтан гадас одон хүртжээ

“Монголын хамгийн том их сургууль” хэмээсэн Монголын Үндэсний Их Сургууль өчигдөр буюу 12-р сарын 14-ний өдөр Алтан гадас одон хүртжээ.

МҮИС-ийн хувьд БШУ-ы яамнаас гаргасан Их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаагаар нийт 61 их сургуулиас 59-т жагссан бөгөөд ийнхүү Алтан гадас одон хүртсэн нь олны гайхширлыг төрүүлээд байна.

ДЭЛГЭРМӨРӨН ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИЛТ ХУРАЛ

БОЛОР ЦОМ ХҮРТСЭН С.НАЧИНГИЙН ШҮЛГҮҮД

УУЧЛАЛЫН ШҮЛЭГ
Орчлонд өчнөөн од харваж болох байсан
Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг
Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө
Цэх завилаад нүдээ аниваас
Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад
Царам хэцэд амь эцэслэх гэж буй
Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө
Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд
Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн
Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан
Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал
Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд
Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?
Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү
Чи жишээ нь яаж уйтгарлдагыг
Чимээгүй нулимс унагахдаа
Ямар чимээ хацрыг чинь зүссээр
Зүрхэнд чинь шингэдгийг
Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг
Зам татуулан урсах тэр нулимс
Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ
Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү
Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос
Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад
Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж
Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс
Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг
Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор
Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз
Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно
Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч
Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана
Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж
Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож
Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж
Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ
Амьдрал баялаг гэж чи хэлдэг
Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж
Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ
Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд
Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ
Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү
Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү
Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий
Үгэнд заримдаа итгэх хэцүү
Үйлдэл заримдаа үгнээс ч чухал
Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч
Суниагаад босох чинь хөгжим мэт яруу
Бягтрууланд венийн вальс эгшиглэж
Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн
Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг
Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг
Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж
Үдэш оройн энгэсгийг үргээж
Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг
Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж
Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон
Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь
Тагтаар сийгэх салхинаас харамлаж
Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж
Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө
Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж
Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд
Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон
Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд
Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ
Одоохон явчхаад ирэе хайрт минь
Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч
Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн
Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг
Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх
Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч
Цас бударсаар, бударсаар, бударсаар
Цайдам хөндийг хучина
Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй
Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж
Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний
Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай
Өргөх ёстой дээж минь гэвэл чи
Өгсөж дээш мацах оргил минь чи
Өдөр бүрт залбирах залбирал минь чи
Өргөө гэрийн минь унь багана нь чи
Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи
Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи
Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи
Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг
Болзож уулзсан хувь төөрөг минь
Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг
Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна
Инээмсэглээд ахин нэг алхахад
Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана
Алдсан байж болно бид
Алдрайхан нас шүү дээ
Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана
Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна
Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад
Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох
Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь
Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!
Болгоогооч амь амьдарлыг минь
*****
БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАЖ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 99 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
Үеийн үед итгэнэ эх орон минь
Үүрийн гэгээнд цэцэг дохигнох
Үндсийн гүнийг нь чагнаархаж
Чөдрийн морь шүүдэрт жиндэн зүүрмэглэх
Чив чимээгүй уулс нь далайн ёроол байснаа бодож дүнхийх
Өргөл мөргөлийн өндөр дээд эх орон минь
Өргөн дэлхийд өөрийн сүнсийг эрэн орь ганцаар бэдэрч явахад
Өгүүлэх шүлгийн байц гишүүн шиг
Алс алсын толгодыг нь ширтхэд
Өндөр тэнгэрээс хэв хадаг унжуулсан мэт
Анир чимээгүйгээр үүлс нь газрын хэвгийд шингэдэг эх орон минь
Манант тэнгэртэй хаяа хатгасан түүхийн их уснаас амталхуй
Наранд цогшсон гандирсын балгад нь
Саранд сэрийсэн нууцлаг ертөнцөө бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээндээ унага эрхлүүлж наадсан эх орон минь
Хур тээсэн хээлтэй үүл шиг
Ертөнц эхийн хэвлийн хүйсэнд бүрэлдэхдээ
Ер бусын үй түмэн загас жараахайг
Сая живаан тэртээд салмайтал суяралдуулан сэлүүлж
Сансар огторгуйн нууцыг гүндээ оньсолсон эх орон минь
Хөвөн дээгүүр алхаж байгаа юм шиг тогорууд нь ирэхэд
Зөрж одсон учирлын сэжүүрт гадас тойрон гунганах ботгоны
Зөөлөн зөөлөн бөмбөрөх нулимсыг салхиараа арчихдаа
Бударгана үүрч алхах бөгтөр эмгэний сэтгэлийг үймцүүлж
Бүүр эртийн эртэд эврээ буганд итгээд явуулсан гэнэн тэмээний нулимс эх орон минь
Нараа үзсэн ой хөвчийн цоорхойд нярайлах гэрэл шиг
Саранд сэрийсэн нууцлаг ертөнц нь
Наранд цогшсон гандирсаа бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээнд эрхэлж хоцорсон унагыг эхийнх нь сааманд унтуулсан эх орон минь
Үзэсгэлэнт бүсгүйн энгэрийн алчуур хийсэх шиг эмзэгхэн шүү та
Үхэхэд минь газар шороондоо тэвэрч нойрсох ертөнц минь чи
Мөнхөд таныг хайрлана гэж би худлаа хэлж чадахгүй
Мөнхийн мөнхөд чамайг хайрлах бүхэн тасралтгүй төрнө гэдэгт харин
Үеийн үед итгэнэ ээ эх орон минь
******
ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
“Дорнын дотоод гоо сайхан”
Дорнын дотоод гоо сайхныг нэгжихэд
Үдшийн говьд үнээ мал хивэх нь цолмон оддод тод сонсогдож
Үлгэрийг тэд л өөр хоорондоо шивнэлдэн эвцэлдэж байна уу гэлтэй
Догол мөрөөс энхэл мөрийг хайх шиг нэг нэгнээ харван тоглоно
Дорнын дотоод гоо сайхныг хэмжихэд
Шонгын орой дээр хар хэрээ үзтэл цайрах үүрийг эвхэн бөөвийж
Шанх дэлээ сэгсрэн үүрсэх хүлгийн янцгаалтанд цочин сэрээд
Догшин хутагтын аялгуулж явсан говь руу хангайн зүгээс салхи эсгэнэ
Дорнын дотоод гоо сайхныг тэмтэрхэд
Сахлаа имрэн дуран тавьж суусан өвөг минь
Сайхан энэ дэлхийн нэгэн толгод дээр чулуу нэмээд
Долоон бурхан одруу цоройж тэмүүлсэн буган чулуунд үлдсэн шиг санагдана
Дорнын дотоод гоо сайхныг амталхад
Усруу цувах адуун сүрэг уудмын холыг сүүдэртэйгээ цуг хумисаар
Уран торгон зэрэглээн хоосныг газрын хээлэнд туураараа бичиглэж
Домгын алслалт цаг хугацааг муутуу цаас шиг эвхэнэ
Дорнын дотоод гоо сайхныг үнэрлэхэд
Цас унах чимээг цайрах борооны үзүүртэй зангидаж суугаа ээж минь
Цайныхаа дээжээс тогорууд үймцсэн зэлгээн туяан дор цацаж зогсоо нь
Дотоод мөн чанарын минь халил байц дээр зогсоо өвөг дээдсийн сүнс шиг үзэгдэнэ
Донын дотоод гоо сайхныг чагнахад
Сэтгэлийн минь аг чиггүй нам гүмд угаал үйлдэх бүсгүй
Сэмээрхэн өлмийлсөөр он цагийн хэцэнд сэтгэлээ тохож орхиод одох нь
Дадуширт зориулсан “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ыг цээжний хананд нөр цууриатуулах мэт сонсогдоно
Дорнын дотоод гоо сайхныг хархад
Хажуу дэргэд тамхилж зогссон агуу найрагчид бодлоо нүцгэлж үлдээгээд
Хараа хярхаггүйн тэнгэр өөд цувныхаа хормойг далдартал дэвсээр одох нь
Дэвтэрийн завсарт хатаагдан үлдсэн намрын навч лугаа бодолд үйрэх нь гашуун тэмтрэгдэнэ

“Монгол хэл бичгийн ТУСЛАХ БАГШ” НОМ ХУДАЛДААНД ГАРАХ ГЭЖ БАЙНА

Уялга үг
“Идэр” их сургуулийн багш Ч.Нацагдорж, Д.Уянга нарын хамтран боловсруулсан “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН “ТУСЛАХ БАГШ” гарын авлагын агуулга, арга зүйн боловсруулалт, хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар хэдэн ам үг хэлж, уялга үг бичье.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, ялангуяа ЭЕШ өгөх төгсөгчдөд зориулсан энэхүү гарын авлага нь Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарт ЭЕШ-д шавь нараа хэрхэн бэлтгэх, сонгосон эхийн задлалыг яаж хийх, юунд анхаарах талаар зөвлөмж болохоор барахгүй сурагчдад өгсөн сэдэв, асуулт, даалгаврыг алдаагүй зөв хийх мэдлэг, чадварыг олгох, санамж анхааруулга өгөхүйц “туслах багш”-ийн үүргийг гүйцэтгэх сургалтын гарын авлага болж чаджээ.
Уг гарын авлага нь 3 бүлэгтэй бөгөөд нэгдэх бүлэгтээ урд өмнө монгол хэл бичгийн аймаг, хот, улсын олимпиад болон төгсөлт, элсэлтийн удаа дараагийн шалгалтад орж байгаагүй шинэ сэвүүн, сонирхолтой сэдэв, сургамжит санаатай, танин мэдэх агуулгатай уран сайхны ба шинжлэх ухааны зохиолын нэгэн сэдэвт төвлөсөн 15 эх бичвэрийг сонгон, түүндээ задаргаа тайлбарыг зөв оновчтой хийж үзүүлсэн нь зүйтэй байна.
Гарын авлагын хоёр дахь бүлэгтээ Монгол хэл, уран зохиолын сурах бичигт орж, шалгалтад гүйцэтгэж байсан 10 эх сэдвийг сонгон авч, даалгаврын гүйцэтгэлийг үлгэрлэн үзүүлсэн бол гурав дахь бүлэгтээ суралцагчид бие даан бичиж зохиох эхийн сэдэв өгч, даалгавар гүйцэтгэлийг хэрхэн хийж, өөрийгөө үнэлэх оноожуулах арга зүйг өгсөн нь багшийн туслалцаагүйгээр бие дааж гүйцэтгэх “гэрийн даалгавар” болсон байна. Бүлэг хэсэг бүрт сургаалын шүлгээс эшилсэн монгол бичгийн эхийг кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг давхар өгчээ.
Манай орны ЕБС-д үзэж судалдаг гол хичээл-Монгол хэл, уран зохиолын сургалтын түүхийг товч сөхвөл 1990 оноос өмнө бид монгол хэлний хэлзүй \авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй\, зөв бичих дүрэм заахыг чухалчилдаг байсан бол мөн оноос хойш монгол хэлний хичээлийн агуулгад зарчмын томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсэний нэг нь “эх сэдэв (mekst)”-т тулгуурласан “эх төвтэй” сургалтын агуулгад шилжсэн явдал юм. Төрөл бүрийн сэдэвт эхэд эхийн хэсэгчилсэн болон бүрэн задлал хийх, эхийг хувиргаж дэлгэрүүлэх юмуу хураангуйлж бичих, улмаар эх зохиож бичих чадварыг эзэмшүүлэх нь манай хэлбичгийн хичээлийн гол зорилго байсаар байна.
Эх бичвэрийн дээд эрэмбийн бүтээлч ажил нь эсээ бичих чадвар юм. Уг номын гуравдугаар бүлэг нь “Эсээ бичих сэдвүүд” , “Эсээ бичиж сурахад хэрэгтэй зөвлөмж”, “Эсээ үнэлэх шалгуур”-ыг боловсруулж оруулсан нь суралцагчдад зориулсан энэхүү гарын авлагын хэрэгцээ, шаардлага, үнэ цэн, ач холбогдлыг бүр ч өргөж байна.
Хамтын номыг нь хянан шүүдэглэж, урмын мялаалгын уялга үг бичлээ, удаах сайн номыг нь урин залж хүлээе, багш нь.
Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, МУ-ын зөвлөх багш Д.Баттогтох

Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа

Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох асуудал хурцадмал байдалд орж олны анхаарлын төвд байгаа юм.

Өчигдөр livetv.mn сайт, tv5 телевизээр мэдээлэл хийхдээ, өөрийнх нь авлигын шинжтэй хэргүүдийг баримтаар нотлон сурвалжилж буй сэтгүүлч С.Будрагчааг өнчин, өрөөсөн, түүний ээжийг архичин хэмээн зүй бусаар хэлсэн.

Энэ асуудалд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан түүнд хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хүнийг угсаа гарвалаар ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.