Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал авч байна

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1,350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.  

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн Та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home  саналаа өгнө үү?

Монгол хүүхдүүд олон улсын бүжгийн тэмцээнээс Алтан медаль хүртлээ

Нийслэлийн 69-р дунд сургуулийн МУСТА Ч.Бямбадорж багштай “Хөх толботон” хамтлагийн хүүхдүүд БНСУ-д болсон “2022 KACIFA International Dance Competition Awards” олон улсын хэмжээний 17 орны өрсөлдөгч хүүхдүүдэээ ардаа орхин түрүүлж Алтан Медаль хүртжээ.

Тус хамтлагын 8-10 насны хүүхдүүд өмнө нь Монгол улсад болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтад хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан Алтан гадас бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байсан юм. 

БҮЖГИЙН БИЧЛЭГ: https://www.facebook.com/Tsaskhan.mn/videos/2310300789117253/

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц

-Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ

-Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга

-Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай

-Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна.

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралдах товтой. Өмнөх хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэж, Ерөнхий сайд зарим үүргийг сайд нарт өгсөн юм.

-Байнгын асаргаатай хүүхдээ хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эхийн эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлнө.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшийн цалин, урамшууллыг нэмэгдүүлэх талаар судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

-Бага орлоготой, байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй айл өрхөд орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулахыг БХБ-ын сайдад даалгав.

-Байнгын асаргаатай болон сэтгэцийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн газар байгуулах талаар судлахыг сайд нарт даалгав.

-Уналт, таталттай хүүхдийн хөнгөвчлөх хагалгааг нутагшуулж, эмийг нь 100 хувь улсаас даана.

АНХААР: Томоохон гол, мөрөн аюултай түвшинг давж, хүчтэй үерлэжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Зэгстэй болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см даван тус тус хүчтэй үерлэж байна.  

Маргааш буюу 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.

Түүнчлэн маргааш буюу 22-ны өдөр Туул гол Алтанбулаг,  Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ХОНОГТ 3 ХҮН УСНЫ ОСЛООР НАС БАРЛАА

Онцгой байдлын албанд өчигдөр /2022.06.21/ гол, нуурын усанд живсэн тул тусламж хэрэгтэй байна гэх дуудлагууд иржээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах нуурт автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага энэ сарын 20-нд ирсэн байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургадугаар сарын 21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж нуураас суудлын автомашиныг татан гаргажээ. Автомашины бүхээг дотроос 26 настай иргэний цогцсыг гарган аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мөн Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах “Тамир”-ын голын усанд хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өчигдөр 18:20 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг явуулж, 15 настай хүүхдийн цогцсыг голын эргээс гурван метр зайтай, дөрвөн метрийн гүнээс гаргаж цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул” голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр иржээ.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гаргажээ.

Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөж байгаа тул голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН

Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Автомашины хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН

1. Амь насаа алдахаас сэргийлнэ

Хамгаалах бүс зам тээврийн ослын үед амиа алдах, хүнд гэмтэж бэртэх эрсдэлийг бууруулдаг. Жолооч зөвхөн өөрийн бус зорчигчдын бүсийг зүүлгэж, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хэрэгтэй.

2. Шидэгдэх эрсдэлээс хамгаална

Хамгаалах бүс нь тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед зорчигчийг суудалтай бэхэлж, шидэгдэх эрсдэлээс хамгаалдаг.

3. Бүс зүүгээгүй нэг л хүн үлдэхэд бусдыг бэртээх эрсдэлтэй

Хэрвээ урд суусан зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн ч хойно суусан хүн бүс зүүгээгүй бол ослын үед бүс зүүгээгүй зорчигчоос гадна урд суусан зорчигч амиа алдах эрсдэл найм дахин нэмэгддэг байна.

4. Цохилтын хүч

Хамгаалах бүсний чухал үүргүүдийн нэг бол цохилтын хүчийг зөв хуваарилахад оршдог. Гэнэт тормозлох үед хамгаалах бүс хүчийг зөв хуваарилж хүнд гэмтлээс сэргийлдэг байна.

5. Хамгаалах бүс ба  аюулгүйн дэр

Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр ажиллах нь зорчигчийн амь насанд эрсдэл үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ.  Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр задарснаар зорчигчдын 98 хувь нь тархи толгойн хүнд бэртэл авсан байна. Тиймээс сүүлийн үед автомашинуудыг хамгаалах бүс зүүсэн тохиолдолд аюулгүйн дэр задрах горимтой болгосон байна. Өөрөөр хэлбэл бүс зүүгээгүй бол аюулгүйн дэр ажиллахгүй гэсэн үг.

6. Даатгалын компаниуд нөхөн төлбөр олгоно

Даатгалын зарим компани аюул ослын үед хамгаалах бүс зүүгээгүй байсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс хамгаалах бүсээ зүүснээр осолд өртсөн тохиолдолд та нөхөн төлбөр авах боломжтой юм.

7. Торгууль төлөхгүй

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах бүс зүүгээгүй жолооч болон зорчигчийг 20 мянган төгрөгөөр торгодог. Та хамгаалах бүс зүүснээр торгууль төлж, санхүүгийн үргүй зарлага гаргахгүй юм.

Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу, 50-иас дээш хувь нь толгой нүүрэндээ гэмтэл авч, хамар, эрүү, эгэмний яс хугарч, дух нүүрний хэсэг зүсэгддэг байна.

Зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан жолооч, зорчигчийн 

  • 167 нь буюу 72,3 хувь зам тээврийн осолд өртөх үедээ хамгаалах бүс хэрэглээгүй,
  • 43 буюу 18,6 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй,
  • 21 нь буюу 9,1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан үзүүлэлт гарчээ.

2020 онд зам тээврийн осолд өртөх үедээ жолооч тээврийн хэрэгслээр зорчигчдын

  • 23,4 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн
  • 72,9 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй
  • 3,7 хувь нь тодорхой бус буюу зүүсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, зорчигч хамгаалах бүс хэрэглэх, үүрэгтэй” гэж заасан байдаг.

​ОХУ-д АИ-92 автобензин литр нь 3220 төгрөг байна

Газрын тосны томоохон нийлүүлэгч ОХУ-д АИ-92 автобензиний үнэ өнөөдрийн /2022.06.20/ валютын албан бус ханшаар тооцоход 3220 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь манайд нийлүүлэгдэж буй литр шатахууны үнээс даруй 830 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат хэдий ч УУХҮЯ, Роснефть компанийн хооронд хийсэн хэлцлийн үр дүнд энэ оны 4-6 дугаар сард АИ-92 автобензинийг литр тутмыг нь 2390 төгрөгөөр борлуулсан байна. Хэрэв дээрх хэлцэл хийгдээгүй бол бид АИ-92 шатахууныг нэг литрийг нь дэлхийн зах зээлийн ханшаар 3390 төгрөгөөр худалдан авч хэрэглэх байсан аж.

Гэвч нөгөө талд гадаад зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна. “Brent” маркийн бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн долоо хоногт наймдугаар сард нийлүүлэгдэх нэг баррелийн үнэ 125 долларт хүрч өссөн нь гуравдугаар сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Нэг баррель газрын тосны ханш нэг доллараар өсөхөд нэг тонн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 10 орчим доллараар өсдөг байна.

​Өмнөговь аймагт ‘Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2022’ нээлтээ хийлээ

Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Цусны даралт ихсэх өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Даралт ихсэж л байдаг гэж хүмүүс энэ өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага байдаг. Тэгвэл цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг ажээ.

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор таван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү аяныг өмнө нь нийслэл болон төв, баруун бүсийн аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд “Ковид”-ын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан бол энэ жил Өмнөговь, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймагт хүрч ажиллахаар өнөөдөр Даланзадгадад өдөрлөгийн нээлтийг албан ёсоор эхлүүллээ.

Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийдэг уламжлалтай.

Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн мэргэшсэн туршлагатай эмч нар болон НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, ХААН Банк Сангийн ажилтнуудаас гадна аяны мэдээ мэдээллийг газар дээрээс нь цаг тухай бүр шуурхай бэлтгэн олон нийтэд хүргэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллаж буй.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг энэ сарын 22-24-нийг дуустал Дорноговь аймагт ажиллах бөгөөд дараагийн ээлжийн баг 7-р сарын 31-нээс 8-р сарын 5-нд Орхон, Сэлэнгэ аймагт аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Өнөө жил аяны хүрээнд эдгээр аймгуудын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллахаас гадна 2017 оноос хойш аян хэрэгжүүлсэн 8 аймгаас бүсчилсэн байдлаар 1, 1 аймгийг сонгон авч, “Цусны даралт ихсэлтийн мониторинг судалгаа” хийхээр төлөвлөж буй юм.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан BePawsitive-2 арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

“Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцсон юм. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг боловсруулах шатанд гэрийн тэжээвэр амьтан тэжээж сургадаг иргэд болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхантай уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Тэрбээр манай улсад Амьтны тухай хуулиар мал сүрэг буюу гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал болон ашиг шимийг нь ашиглах зорилгоор үржүүлж байгаа тахиа, гахай дээр нь зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой харилцааг тус тус зохицуулдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирснийг уулзалтын үеэр тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлаас боловсруулж, хэлэлцэж буй хуулийн төсөл бүрд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохоос гадна цахим хуудсаар дамжуулан тухайн хуулийн төсөлд саналыг авдаг гээд ЭНЭ хаягаар орж, саналаа өгөхийг уриаллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

​МҮБХ-оос шинээр баталсан бөхийн зодог, шуудагны стандартыг танилцуулав

Монголы үндсэний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан байна. Үүнд,

1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон. Уг шаардлагыг МҮБХ-ноос албан ёсоор томилсон өмсгөл шалгагч нар тав, зургаадугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгаж, зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд өмсгөл шалгагч нараас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх санал ирүүлсэн.

Үүнд,

1. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх,

2. Шуудагны ширээс долоо байх гэсэн хүсэлт ирснийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэсэн гэж Монгол үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.