А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно

Таталтын эсрэг эм хоёр жил гаруй тасарсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр жагссан.

Энэ үеэр “өлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг түүгээр хийх ёстой.

Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хэрэв Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт нь зарцуулна гэвэл арав орчим хүүхдэд л зарцуулагдах болчихно. Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэв.

ЦЕГ: Махны асуудлаар таван байршилд нэгжлэг хийсэн

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ МХЕГ-аас “Эм ди си пи” компанийн үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан. Улмаар эрүүгийн хуулийн 20.12,  23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр нэгжлэг хийж шалгалт хийсэн. Гомдлын дагуу таван байршилд хяналт шалгалт, нэгжлэг хийж битүүмжилсэн.

Анх битүүмжилсэн махан дотор  ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцагтай “Эм ди си пи” ХХК-ийн мах байсан. Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн шошго гарсан нь шалгах асуудал болсон.

Өчигдрийн байдлаар Баянгол зочид буудал, “Эм ди си пи” компани байр, Захирлын оффис гэр, ХКҮ компани оффис гэсэн таван байршилд нэгжлэг  хийсэн.

ХКҮ компани байршил нь “Мах Импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгжлэг хийхийн тулд нь “Мах Импекс” ХХК рүү нэвтэрсэн нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн. ХКҮ компанийн шошготой махыг ХКҮ компани өөрөө бэлтгэсэн эсвэл мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлгүй “Эм ди си пи” компани  ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна” гэлээ.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ

Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.

Тахь нутагшуулах чиглэлээр ажилласан мэргэжилтнүүдийн нэг П.Цогтсайхан, Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. Ингэснээр:

  • Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь
  • Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулсан. Энэ хугацаанд Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ
  • Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.Өнөөдрийн байдлаар:
    • Хустайн нуруунд 422 тахь
    • Говийн их дархан цаазат газарт – 386 тахь
    • Хомын талд- 132 тахь, нийт 970 толгой тахь Монгол нутагтаа сэргээн нутагшиж, манай улс дэлхийд  хамгийн олон тахьтай орон боллоо.

    Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн хамгийн хүндрэлтэй цаг үед энэ ажлыг эхлүүлсэн.

​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан нь үнэн. Гэхдээ түргэвчилсэн шинжилгээнд шууд итгэж болохгүй. Хуурамч хариу гарах боломжтой. Үүнийг баталгаажуулах хэрэгтэй. Явуулын баг явсан. Гэхдээ ДОХ-ыг лабораторийн бус орчинд шинжлэх боломжгүй. Тиймээс эерэг гарсан тохиолдлуудыг авчирч лабораторийн нөхцөлд шинжлэхээр ажиллаж байна” гэлээ.

Одоогоор хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа юм.

Сануулахад, Гашуунсухайт боомт дээр байгуулсан бөмбөлөг тээврийн зарчим гэдэг нь жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Нэг бөмбөлөгт дунджаар 40 орчим жолоочийг хамруулдаг бөгөөд 5000 гаруй жолооч бөмбөлөг тээврийн зарчмыг баримталж байгаа юм.Уг арга хэмжээ 2021 есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон билээ.

Иймд оноо дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана.

БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Ойрын хоёр хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй

Хэт бага наснаасаа ажил хийх, эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг.

Хүүхдийн хөдөлмөрийг дараах нөхцөлөөр тодорхойлдог. Үүнд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд дор дурдсанаас илүү цагаар оролцсон бол

  • 5-11 нас: нэг ба түүнээс олон
  • 12-14 нас: 14 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба түүнээс олон цаг

Гэрийн ажлыг дор дурдсанаас илүү цагаар хийсэн бол

  • 5-14 нас: 28 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба цаг түүнээс олон цаг

Аюултай нөхцөлд ажилладаг бол: Хэт халуун, хэт чийгтэй, хэт өндөр, хэт тоосжилттой, аюултай тоног төхөөрөмж дээр гэх мэт.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9% байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48% нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.

МАН-ын бүлэг: ҮХНӨ-ийг олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн нам, иргэдээс ирсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг УИХ-д ирүүлсэн. Хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, саналыг нь сонссон.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбал, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулсан юм. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгээс энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

МАН, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын талаар урьд өмнө байр суурь илэрхийлж байгаагүй. Харин өнөөдөр тодорхой бүрэлдэхүүний санал гарч, УИХ-ын ТББХ-оор хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал юм гэдэг талаар бүлгийн гишүүд тодорхой саналуудыг хэллээ. Иймээс улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ” гэв.

​ТАНИЛЦ: Эмээлтийн эрхээ түр хасуулсан 20 компанийн 11 нь хятад эзэнтэй

МХЕГ-аас Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт төлөвлөгөөт бус шалгалт хийж, 20 үйлдвэрийг өчигдөр /2022.06.03/ битүүмжилж, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлэв. Эдгээр үйлдвэрийн эзэд ямар хүмүүс байдаг талаарх мэдээллийг нээлттэй өгөгдлийн сан /opendata/-г ашиглан хүргэж байна.

  1. Цэлмэг Онгод ХХК / Li Qingshan, Бямбасүрэн Гансэлэм/
  2. Шилүүст Сүмбэр ХХК / Мягмар Ариунболд/
  3. Язгууртны Эзо хүнс ХХК / Онхор Алтансүх, Цэрэнхүү Энхтуяа/
  4. Саян Уул ХХК / Jia Chaoqun/
  5. Дун Фан интернэйшнл ХХК / Yu Yadong, Gao Hongyu, Yu Yaquan/
  6. Үүлэнгөү ХХК / Zhang Qian, Xxx Mailegen, Сугар Мягмархорол/
  7. Натурал грийн фүүдс ХХК / Bao De, Zhang Jianquan, Nagata Norihiro, Tamagawa Hidehiko, Мягмар Бумаюуш/
  8. Цан сан тиан ийн ХХК / Mai Heping/
  9. Тэлмүүн Ану ХХК / Бямбадорж Мөнхжаргал/
  10. Оргинал гүн ХХК / Халзанхүү Чулуунцэцэг/
  11. Өргөө мийт трейд ХХК / Leng Gusi, Dong Xiufen, Wang Heping/
  12. Мон грийн хас ХХК / Xxx Liu Xiaolong/
  13. Актай фүүдстафф ХХК Ирэрц олдоогүй
  14. Жэй Икс Си Эс ХХК / Yin Wenhua, Yin Jiangming, Zhao Hairong/
  15. Эм Ди Си Пи ХХК / Chin Bin, Dong Xiao Zhong/
  16. Монгол Эко Мах ХХК / Мөнх Цагаанбаатар/
  17. ГПДС ХХК / Баточир Должинсүрэн, Ганхуяг Пүрэвжав/
  18. Тэнүүн хүсэл ХХК / Пүрэвжал Баясгаланхүү, Жамбаацэрэн Бөхбямба, Цогтжаргал Гэрэлтод, Нацагдорж Олзод/
  19. Эс Эс Си Монголиа фүүдс ХХК / Jin Yonghe/
  20. БӨЖТ ХХК / Дааданхүү Байгалмаа- Мах, махан бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулдаггүй/

Дээрхээс харахад, 20 аж ахуйн нэгжийн 11 нь хятад эзэнтэй бөгөөд нэг компани /Актай фүүдстафф ХХК/ нь АТГ болон УБЕГ-ын цахимд ямар нэг бүртгэлгүй байв. Мөн БӨЖТ ХХК нь мах махан бүтээгдэхүүн боловсруулах ямар нэг үйл ажиллагааны чиглэлгүй, хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг аж.