М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр/2022.05.29/ боллоо. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Үүнээс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл найман даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон юм. Харин Архангай аймгийн Тариат сумын харьяат, сумын заан Ө.Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ, цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ. Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг тус тус нэмэв.

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 04-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, зургадугаар сарын 05-нд “Дашваанжил газ” ХХК-ны нэрэмжит “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

МХЕГ: Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагддаг тул бэлгээ анхаарч сонгоё

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй холбогдуулан сэрэмжүүлэг хүргэж байна. Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагдаж буй тул бэлэг сонгохдоо сахарын агууламж багатай бэлэг худалдан авахыг зөвлөв.

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм. Тухайлбал, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна. Хэрэв Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун  болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05

Хонь

Энэ долоо хоногт таны хайр дурлал болон ажил амьдрал хоорондын тэнцвэрт харьцаа алдагдсан мэт санагдах болно. Хайр дурлалын харилцаа тань онцгой анхаарал шаардаж байхад нөгөө талд ажлын  ачаалал ч их байх нь. Бүтээлч санаа арвин байж, өөрөө өөртөө талархах долоо хоног. Та өөртөө итгэлтэй болж, мөнгө олох шинэ аргыг олох болно.  Энэ долоо хоног хилийн чанад дахь бизнесээ сайжруулахад таатай байна.  Таны хүүхдийн боловсрол, ханийн  эрүүл мэнд бага зэрэг сэтгэл зовооно. Гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхийг зөвлөж байна. Хайртай хүмүүс харилцаагаа шинэ түвшинд ахиулна. Хэт их стресстэх хэрэггүй, цаг хугацаа танд аз жаргалыг бэлэглэнэ.

Үхэр

Долоо хоногийн эхээр танд таагүй мэдрэмж төрж, аз жаргалгүй болсон мэт санагдана. Бодол санаа, үг яриагаа хянахыг танд зөвлөж байна.  Хатуу ширүүн үгээ хянаагүйн улмаас  гэр бүлтэйгээ асуудал үүсгэж болзошгүй. Түрэмгий зан таньд тус болохгүй. Санхүүгийн бэрхшээл тулгарч магадгүй. Хайртай хүмүүс анхаарал болгоомжтой байж, хэрүүл маргаанаас зайлсхийх хэрэгтэй.  Долоо хоногийн дундуур бүх зүйл аажмаар хяналтанд орно. Та шаргуу ажилласнаар үр шимийг нь хүртэж, маш их сэтгэл ханамжтай байх болно.

Ихэр

Энэ долоо хоногт нэлээн завгүй бөгөөд эерэг өдрүүд үргэлжлэх болно. Ирээдүйд тохиох сайн сайхан зүйлсийнхээ төлөө та олон шийдвэр гаргах ёстой болох нь. Шийдвэр тань ч амжилт дагуулах нь дамжиггүй.  Удахгүй таны орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Таны манлайллын гайхалтай чанаруудаар баг хамт олон тань бахархана. Ажил ихтэй байх тул гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ санаа зовох хэрэггүй, тэд таныг ойлгож, дэмжинэ.  Та буяны ажилд тодорхой хэмжээний хандив өгөх болно. Мөн залуу хосууд бүл нэмэх тухай сайн мэдээ дуулж магадгүй.

Мэлхий

Энэ долоо хоногт бодож, төлөвлөж, таамаглаж байсан зүйлс биелэнэ.  Танд итгэдэггүй, таныг дутуу үнэлдэг байсан хүмүүсээс та маш их талархлыг хүлээн авах болно. Хувиа бодсон бус зөв харилцааг бий болгоход анхаарлаа хандуул. Харилцааны ур чадвараа сайжруулахын төлөө ажилла. Шийдвэр гаргах, манлайлах ур чадвар тань энэ долоо хоногт маш эерэг үр дүнг авчрах болно. Хайр дурлалын амьдрал тань энэ долоо хоногт цэцэглэн хөгжинө. Та хайртай хүнтэйгээ цагийг маш дулаахан, тав тухтай өнгөрүүлэх болно.

Арслан

Долоо хоногийн эхээр таны хүлээж байсан боломжууд гарт орж ирнэ. Энэ долоо хоногт ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Тэр байтугай таныг буруу замаар уруу татдаг танил талуудтайгаа тааралдахаас зайлсхий. Сарны шилжилтийн улмаас гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Та аз жаргалтай байснаар хамгийн хайртай хүмүүстээ ч аз жаргалыг түгээж, амьдралынхаа цаг хугацааг таатай өнгөрөөх болно. Ажлын хамтрагчийн тань туслалцаатайгаар өнгөрсөн долоо хоногт тохиолдсон эмх замбараагүй нөхцөл байдал шийдэгдэнэ. Хайр дурлал санаанд оромгүй цэцэглэнэ. Жижиг сажиг асуудалд сэтгэлээр унах хэрэггүй, зүгээр л тайван суугаад таашаал аваарай.

Охин

Энэ долоо хоног гэр бүлийн долоо хоног байх нь. Аливаа асуудал амар хялбар шийдэгдэж, тайван амгалан байна. Хэдийгээр бүх зүйл таны хүссэнээр бүтэхгүй ч илүү хүчтэй, ухаалаг байснаар тэмцлийг даван туулах болно. Өрсөлдөгчид таны байр суурийг эзлэхийг оролдож байгаа тул ур чадварын хувьд өөрийгөө шинэчлэх хэрэгтэйг анхаараарай. Та бизнесийн хамтрагчаасаа асар их дэмжлэг авах болно. Тэд таны бэрхшээлийг ойлгож, таны замд саад болохгүй. Сүүлийн үед ярилцахаас зайлсхийсэн хэцүү сэдвүүдийнхээ талаар хамтрагчтайгаа ярилц. Амралтынхаа өдрүүдээр залхуу, идэвхгүй байж болохгүй. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг зөвлөж байна.

Жинлүүр

Танд ажил дээрээ өөрийгөө батлах өргөн боломжууд нээгдэх бөгөөд энэ нь эргээд албан тушаал ахихад хүргэх магадлалтай. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт Сугар гараг таны талд байна. Хайр дурлалын гайхалтай адал явдлуудтай та учрах болно. Хэрвээ та хостой бол хайр дурлал тань шинэ түвшинд ахина.  Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал сайжирна. Та юм бүхэнд сэтгэл дүүрэн байж, энэ ертөнц урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ үзэсгэлэнтэй санагдана. Спортоор хичээллэж, их хэмжээний ус ууж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөе. Та өөртөө илүү их анхаарал хандуулаарай. Ажил дээр шинэ боломж гарч ирж магадгүй. Таны чин сэтгэл, шийдэмгий байдал амжилтанд хүрэх түлхүүр болно.

Хилэнц

Энэ долоо хоногт та эерэг эрчмээр дүүрэн байх болно. Таны дотоод хүч өндөр түвшинд байж, ажилдаа амжилт гаргана. Шаргуу хөдөлмөрийн үр дүнгээ харна. Хамтран ажиллагсадтайгаа маргаантай байсан бол энэ долоо хоногт шийдэгдэнэ.  Ажилтай холбоотой богино аялал хийж магадгүй.  Багийн гишүүд болон найз нөхдийнхөө тусламжтайгаар зарим чухал төслүүдээ дуусгаж чадна.  Ажил хайж байгаа хүмүүст аятайхан боломж гарч ирж болзошгүй.  Энэ долоо хоногт  хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд жаахан завсарлага авахад илүүдэхгүй.  Энэ долоо хоногт хамтрагч, гэр бүл, найз нөхөд тань хангалттай их тусламжийн гараа сунгах нь. Тусламжийг хүлээн авч, хүн бүрт талархлаа илэрхийлээрэй.

Нум

Энэ долоо хоног таны хувьд маш сонирхолтой байх болно. Сэтгэл хөдөлгөм, өвөрмөц адал явдлуудаар дүүрэн байх болно. Долоо хоногийн турш сонссон эерэг мэдээнүүд таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэнд сайн байна. Тиймээс олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг зөвлөе. Өнгөрсөнд санаа зовоож байсан асуудлууд таны хяналтанд орох болно. Өрсөлдөгчид таниас холхон байхыг хүсч, эмээж байна. Санхүүгийн байдал сайжирна.  Амжилт ойрхон байгаа тул энэ долоо хоногийг бүрэн дүүрэн ашиглаж өнгөрүүлээрэй. Хүмүүстэй илүү сайн харилцаа тогтоох боломжийг бүү алдаарай.

Матар

Таны сайн сайхан зан чанарыг хамтрагч болон гэр бүлийнхэн тань сайшаах болно. Энэ долоо хоногт та хүмүүсийн амьдралд эерэг гэрэл гэгээ нэмэх нь. Ирээдүйд маш их ашиг авчрах шинэ боломж гарч ирж болзошгүй. Эерэг бүхэн таны талд байна. Аливаа бэрхшээлийг амархан даван туулахад од эрхэс таны талд байна. Энэ долоо хоногт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь  хамгаас таатай байх болно. Тэд энэ долоо хоногт тулгарсан бүх саад бэрхшээлийг даван туулах таны хамгийн том дэмжлэг байх болно. Ажил дээрээ амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй. Энэ долоо хоногт шаргуу ажиллаж чадвал олох санхүүгийн ашиг тань чамлахааргүй байна.

Хумх

Энэ долоо хоногт таны аз таарч, зөв, логик шийдвэр гаргаж чадна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой долоо хоног байна. Найдвартай, хамтрагчаасаа зөвлөгөө ав. Шийдвэр гаргахдаа бүү хойшлуул. Та бүх эрч хүчээ ажил, ар гэртээ төвлөрүүлж долоо хоногийг өнгөрөөх болно. Гэсэн хэдий ч өөртөө амрах цаг гаргах нь чухал юм. Энэ долоо хоногт та олон сонирхолтой хүмүүстэй уулзаж, тэдэнтэй үнэ цэнэтэй харилцаа тогтоох болно. Бүх зүйл тань бүтэмжтэй байна.  Эрүүл мэнд маш сайн байна. Та урьд урьдаасаа илүү эрч хүчтэй, эрүүл байж, өөрт тохиолдсон аливаа бэрхшээлийг даван туулахад бэлэн байх болно.  Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг зөвлөж байна.

Загас

Та энэ долоо хоногт дэлхий ертөнцийг цоо шинэ нүдээр харах болно. Долоо хоногийн турш тохиолдох жижиг гэлтгүй сайн сайхан зүйлсийг анхаарч эхэлбэл үүнийг анзаарах болно. Энэ долоо хоногт амьдрал бага зэрэг хэцүү байж магадгүй ч од эрхэс танд ээлтэй байна. Тиймээс эерэг эрчим танаар дүүрэн байна. Багагүй хугацаанд уналтад орсон бол энэ долоо хоногт эсрэгээрээ тайвшралыг мэдрэх болно.  Таны сэтгэлийн түгшүүр энэ долоо хоногт намжина. Ганцаараа байж, энэ байдлаасаа аз жаргалыг эдлэхийг танд зөвлөе. Та тохиолдсон бэрхшээлийн өмнө хариуцлага хүлээх чадвартай байна. Амьдралд хийж буй бүх зүйл тань эргэн тойрны бүх хүмүүст урам зориг өгөх болно.

Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй

“Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Бэлтэс мөрөн компанийн хууль бус үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням: “Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан. Уг үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдөөгүй, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг бичиг нь ирчихсэн. Хориглосон заалттай байхад уг үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна. Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа” гэв.

Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Уг төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр  дуусна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн мэдээллээр төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах боломжтой.

Өнгөрсөн жил 2389 залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Үүнээс оны эцэст 806 нь байнгын ажлын байртай болсон. Мөн 1700 гаруй залуусыг сургалтын дараа 15 хоног үйлдвэрийн дадлагад хамруулаад байна. Энэхүү сургалтыг 14 хоног вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулдаг. Хичээлийн агуулгын хувьд хөдөлмөрийн үнэ цэнэ, харилцааны ур чадвар, анкет бөглөх зэрэг хамаардаг. Үүнээс гадна өв соёл, эрүүл мэнд, батлан хамгаалахын чиглэлээр хичээлүүд ордог.

Энэхүү тэтгэлгийн онцлог нь хоёр долоо хоногийн сургалтын дараа хичээлд бүрэн хамрагдсан хүмүүст 500 мянган төгрөг бэлнээр олгодог. Үүний дараа үйлдвэрлэлийн дадлагыг хийвэл мөн 500 мянган төгрөг өгдөг.

Тэтгэлэгтэй төсөлд хамрагдахын тулд хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:

  • Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны иргэн байх
  • Сүүлийн гурван сар ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй
  • Сургалтад хамрагдах үед их, дээд сургууль, МСҮТ-д хамрагдаагүй байх ёстой.

Засгийн газрын 58 дугаар тогтоолоор энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо” төсөл зөвхөн иргэдэд дэмжлэг үзүүлэх бус, ажил олгогчдыг мөн харгалздаг. Тухайлбал, тогтвортой ажлын байраар хангаж, 12 сараас дээш төсөлд хамрагдсан иргэнийг ажлуулсан тохиолдолд тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөнгөлдөг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буцаан олгодог.

Ямар нэгэн боловсрол эзэмшээгүй иргэд ч энэ төсөлд хамрагдаж болно. Тиймээс мэргэжил эзэмшээгүй залуус хөдөлмөрт оролцоотой байх талаар сайн ойлголт авдаг. Өнгөрсөн жил хамрагдсан иргэд энэ жил хамрагдах боломжтой эсэх талаар тодруулж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн тухайд дахин хамрагдах боломжгүй юм байна. Бүртгүүлэх иргэд E-mongolia системд хандах эсвэл нэг цэгийн үйлчилгээний төвд очиж биечлэн бүртгүүлэх боломжтой.

 Эх сурвалж:ХНХЯ

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өчигдөр батламж гардууллаа.  

Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ.  Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ” гэв.

зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн тэтгэлэг Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх мэргэжлээр суралцах залуусыг дэмжсэнээрээ онцлог. Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг  бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.

Оюутнуудыг төлөөлж АШУҮИС-ийн оюутан Г.Хонгорзул сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр “Ерөнхий сайдын тэтгэлэг оюутан залуус бидний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, суралцах тэгш боломж олгож байна, маш их баяртай байна” гэлээ.

Мөн Лейден их сургуулийн докторын хөтөлбөрийн оюутан М.Ренчинханд “Зүрх судасны оношилгооны чиглэлээр мэргэшиж буй миний хувьд судалгааны ажлаа хийж, үргэлжлүүлэн суралцах боломжийг Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгож байна. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад Монгол Улсдаа хувь нэмрээ оруулах зорилготой суралцаж байна” гэж хэллээ.

зураг

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 

-“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хуулийг УИХ-аас баталсан. Энэ нь нэг сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зорилготой. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн дарамт үүсч байгаа одоогийн нөхцөл байдалд бага орлоготой иргэдээ хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэхүү ажил олгогчоос ирүүлсэн тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна. Өөрөөр хэлбэл тавдугаар сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно. Нэг сая төгрөг түүнээс доош цалингаас тооцон шимтгэл төлсөн албан журмын болон сайн дурын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг буцаан олгох юм. Харин нэг сая төгрөгөөс дээш цалин хөлстэй иргэнд шимтгэл буцаан олгохгүй.

Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 625 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 609 хэрэг шалгагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;
  • Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
  • “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн тендер”-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг;
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэрэг багтаж байна.

ЭХ СУРВАЛЖ:АТГ

МОНГОЛ УЛСАД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ЗЭРЭГ 37 ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ БАЙНА

Монгол улсад их дээд сургууль төгсөгчдын 70 хувь нь нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшин төгсдөг. Энэхүү 70%-ийн 50%-ийг банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлүүд эзлэж байна. 240 мянган гаруй оюутнуудаас судалгаа авахад 60% нь “Энэ мэргэжлээр сурах сонирхол байгаагүй” гэж хариулжээ. Сургууль төгсөж байгаа оюутнуудын ердөө 20 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил байгаа юм.