ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 195 ОРНООС 50 ОРОНД ӨРТЭЙ БАЙНА

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2021 онд 33.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар, Төв банкны өр 342.1 сая ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын зээл 19.9 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Үндсэндээ монгол улс дэлхийн 195 орноос 50 оронд өртэй байна гэсэн үг юм 

 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

АН-ЫН ДАРГАД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ НАР ӨРСӨЛДӨНӨ

      Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр товлогдож, шинэ даргаа сонгохоо зарлаад байна.  Харин жил орчмын өмнө АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл  тус сунгаанаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ удаагийн сунгаанд бүртгүүлжээ.

О.Цогтгэрэл, С.Эрдэнэ даргатай АН -ынхан өөр хоорондоо намын даргын сонгууль явуулахаа илэрхийлж нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн хороо өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж тус намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэнээр, улс төрчдийн нэр ил боллоо. Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш дараагийн улс төрийн нүүдэл нь АН-ын даргын сунгаагаар эхэлж, улс төрийн эргэн эрэлт хийлээ гэж улс төр судлаачид харж байна.

ХӨСҮТ: ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООГҮЙ ХҮҮХДҮҮД МЕНИНГИТИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

      Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Менингококк халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр  халдвар  амын дунд тархаагүй ч халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байхыг зөвлөж байна. Хүүхэддээ вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эмнэлгийн байгууллагуудад ихээр хандах болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ойрын хавьтал болоогүй хүүхдүүд менингитийн вакцин хийлгэх шаардлага гэж мэдээллээ.

Менингококкын халдвараас сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэм барьж, давсны уусмал, содын уусмал, царван, сармисны хандаар хоолойгоо тогтмол зайлахыг зөвлөж байна. 1 төрлийн уусмалаар 10 хоног зайлсны дараа өөр төрлийн уусмал хэрэглэх шаардлагатай. Учир нь хүний биед дасал болж үр дүн нь буурдаг байна.

Менингококкын халдвараар 5 хүртэлх насны хүүхэд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өвчлөсөн тохиолдолд хурдан хугацаанд хүндэрдэг, нас барах эрсдэл өндөр өвчин юм. Тиймээс эцэг эхчүүд тээгч болж хүүхдэдээ халдвар дамжуулахаас сэргийлэх шаардлагатай.