СТАТИСТИК:Атар талх, өндөгний үнэ өмнөх сарынхаас хямдарчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар өссөн байна.

Тухайлбал, хонины ястай мах 13126 төгрөгөөс 13156 төгрөг болж 0.2 хувиар, үхрийн ястай махны үнэ 15585 төгрөгөөс 15835 төгрөг болж 1.6 хувиар нэмэгджээ. Харин атар талх 1717 төгрөгөөс 1713 төгрөг болж 0.2 хувиар, өндөг ширхэг нь 468 төгрөгөөс 463 төгрөг болж 0.9 хувиар хямдарчээ.

У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, туршлага солилцох зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын бага хурлыг нээж үг хэллээ.

Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. Мөн НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэ дагуу 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж, НҮБ-аас тавьсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзахдаа Олон улсын энхийг сахиулахын судалгааны хүрээлэн байгуулах санал дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт эмэгтэй цэргийн болон цагдаагийн алба хаагчийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын судалгаа, сургалт явуулах чиглэлээр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон бусад улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв.

Мөн “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь хамтын ажиллагааны нэг тод жишээ гэдгийг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа олон улсын бага хуралд үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн асуудалд анхаарч байгаа нь НҮБ-ын жендерийн тэгш байдлыг хангах зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байгаагийн нотолгоо гэж үздэгээ онцлов.

Мөн бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дагаж, энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Урьд өмнө байгаагүй, дэлхий нийтийг хамарсан олон сорилт тулгарч байгаа энэ үед НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг улс төрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зарчим болгож байгааг хэлэв.

Цаашид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах зэрэгт дэлхийн улс орнуудын онцлог байдлыг тусгасан жендерийн тэнцвэртэй ажиллах хүч урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Монгол Улсын санаачилгаар бүс нутагт анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хуралд НҮБ, Европын Холбоо болон дэлхийн 30 орны эмэгтэй цэргийн алба хаагч, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын мэргэжилтэн, олон улсын эрдэмтэн, судлаач, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 25 энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байна.

Мөн  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцож байгаа юм.

ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:
  • “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээл болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”
  • “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээл, сайн туршлага”
  • “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”
  • “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт олон улсын бага хурал 2022 оны 06 дугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.15

 

Хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмжийг 79 мянган хүн авч байна

Энэ оны эхний таван сарын байдлаар нийтдээ 984 мянган хүн нийгмийн даатгал төлжээ. Даатгал төлөгчид өмнөх оны мөн үеэс 56 мянга буюу 6 хувиар өссөн байна. Нийт даатгуулагчийн 87 хувь нь албан журмаар, үлдсэн 13 хувь нь сайн дураар даатгуулсан иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 297 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин зарлага нь 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 283 тэрбум төгрөгөөр өсөв. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 589 мянга болж, өмнөх оны мөн үеэс 55 мянга буюу 10 хувиар өсжээ. Энэ өсөлтөд хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмж авагчид 79 мянгад хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас энэ оны эхний таван сард нийтдээ 470 мянган хүнд 1.2 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон. Тэтгэвэр авагчдын тоо 3 хувиар өссөн байна. Харин олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар өссөн байна. Учир нь энэ оны хоёрдугаар сард өндөр настны болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, бусдыг 15 хувиар нэмсэнтэй холбоотой.

Нийгмийн даатгалын сангийн зарлагын 98 хувийг тэтгэвэрт олгосон мөнгөн дүн эзэлж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хор

Фэйсбүүкээр дурласан гадны залуу руу 77 мянган доллар шилжүүлжээ

Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан элдэв гадны иргэнтэй харилцаа тогтоож, түүндээ дурлаж, суух дээрээ тулсан монгол эмэгтэйчүүдийн хүн итгэхийн аргагүй гомдлууд цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсчээ. Зөвхөн гурван эмэгтэйн нэр, хаяг нь, бүр аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй цахим хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147,800 ам.доллар, монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болсон байна.  

Эдгээр эмэгтэйчүүд бүгд гадны залилангийн нарын хохирогч болсон нь  тогтоогдсон бөгөөд гадагшаа шилжүүлсэн олон улсын гүйлгээ бүхий мөнгө нь эргэж олдохгүй замхардаг болохыг хуулийнхан хэлж байна. залилнгийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн хэргүүд цагдаад цөөнгүй шалгагдаж байна. Хуулийнхны хэллэгээр “романс” залилан гэж нэрлэгдээд байгаа цахимаар танилцаж, хайртай дуртай болсон, улмаар танай Монголд очиж үл хөдлөх хөрөнгө худалдан авч хамтдаа амьдарна, би хөрөнгө оруулалтын олон улсын компанитай, чамд байгаа мөнгийг өсгөж, нугалж ашиг хүртээнэ гэх зэргээр олон улсын гүйлгээгээр валют шилжүүлэн авдаг хэрэг эрс нэмэгджээ.

Жишээ нь, Монгол улсын иргэн Д.О гэгч эмэгтэй АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна. Aliso Camelove  гэгч нь иргэн О-д өөрийгөө хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 77 мянган доллар авсан, эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг 2 сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад хандсан ч цагдаагийн байгууллага Турк дэх АНУ-ын Консулын газраар дамжуулан хайлт хийлгэхэд Aliso Camelove  нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэсэн хариу ирсэн байгаа юм. Яг үүнтэй адилхан байдлаар Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнд Иргэн С 33,500 доллар, George Hensonгэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд иргэн С 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.

Олон улсад “Romance scam” гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдрана, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиэл орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг гэдгийг байнга бодож, хянуур хандах хэрэгтэй. Тэд өөртэй нь харицаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхөддөө битгий мэдэгдээрэй гэж хүсдэг, таны талаар маш олон асуулт асуудаг, таны хувийн санхүүгийн талаар сонирхож, дараа нь таниас мөнгө нэхэх аргыг ашигладаг байна.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулая гэх мэтээр их хэмжээний ашиг амлаж, энэ бүхнийг хийхийн тулд шимтгэл төлөх хэрэгтэй гэж итгүүлэн олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг. Ингээд зогсохгүй данс болон интернэт банкийг нь ашиглаж олсон мөнгөө дансруу нь шилжүүлэн, гадаад улсын өөр дансруу шилжүүлүүлж авах замаар залилангийн хэргээ үйлдэж байна.

 Романс залилангаар  Монгол Улсын долоон иргэн Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, Индонез улс дахь дансруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэрэг гарч байв. Нигерийн бүлэглэл гэдэг шиг яг ийм гадны олон орны бүлэг этгээдүүд Монгол улсыг онилон, зорилтот ажил болгож, судалгаа хийж, маш нарийн төлөвлөгөөтэйгээр Романс залиланг үйлддэг. Монголчууд шиг технологийн мэдлэг муутай улс орны иргэдрүү зохион байгуулалтад орсон албан байгууллага шиг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд тогтмол цагаар ажиллаж, ихэвчлэн Америк иргэдийн бүртгэлгүй нэрээр фэйсбүүк, инстаргам, твитерт бизнес эрхэлдэг ганц бие эмэгтэйчүүд, тэтгэврийн насны хүмүүсийг нарийвчлан судалж хайр дурлалын романс үүсгэдэг. Тэд  гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь  хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.

Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг 60 орчим хувьтай илрүүлдэг боловч нэгэнт гадны улс орон руу шилжүүлгээр гарсан мөнгө эргэн олдох боломжгүй гэдгийг иргэд маш сайн ойлгодог болохгүй бол яг энэ мэтээр “романс” залилангийн хохирогч болж байгаа эмэгтэйчүүд цаашдаа ч ихсэхийг үгүйсгэхгүй аргагүй. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэлтэй, тааварлах ямар ч боломжгүй байдаг тул иргэн та энэ мэдээллийг ойр хавийнхаа хүмүүст заавал түгээж, анхааруулж сэрэмжлүүлээрэй.

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд төрийн ордны гадаа жагсаал хийж  , ерөнхий сайд  төлөөллийг нь  өөрийн биеэр хүлээн авч  , тодорхой асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амлалт өгсөн. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар   хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Бүх шатны сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа  26 асуудлыг авч хэлэлцсэнээс тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн байна.Түүнчлэн   тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгчээ.  Эдгээрээс гадна   байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан байна.

Түүнчлэн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа.  Тодруулж хэлбэл  засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй , хүүхдүүд , тэдний ар гэрт тулгамддаг асуудлыг цогцоор нь шийдсэн  гэж салбар хариуцсан  сайдууд мэдээллээ.

 

Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30% нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдлагуудын төлөөллийн уулзалт өчигдөр боллоо.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ирэх намар гэхэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүрэг чиглэлийн засгийн газрын хуралдаанаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон нийслэлийн засаг дарга нарт өгсөн.

Хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах болно гэдгээ БШУ-ы сайд зарлалаа. Харин хэрхэн хамтрах, түншлэх талаар өчигдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, эрхлэгч нартай зөвлөлдөв.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1,453 байгууллага байдгаас 481 нь хувийн цэцэрлэг байна. Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд ачаалал өндөртэй 26 хорооны 57 байршлыг зарлаж байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхэд байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрахдаа төр хэд хэдэн шийдэл танилцуулж амлалт өгч байгаа юм.

  • Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг ойрын үед гаргаж хамгийн эхэнд хувийн хэвшлийнхэнд санал болгох
  • Зарласан бүс нутагт хувийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгээ өргөтгөж шинээр байр түрээслэх болон худалдаж авах тохиолдолд ойр орчимд төр 5 жил цэцэрлэг барихгүй, түрээслэхгүй байх тогтвортой байдлын гэрээ байгуулах
  • Цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэх
  • Цэцэрлэгийн багш, туслах багш нарыг МУБИС тэргүүтэй консерциумаар дамжуулан бэлтгэх, хувийн цэцэрлэгүүдэд хуваарилах
  • Ачаалал өндөртэй байршилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг хамруулсан хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны мөнгө олгох
  • Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран хамран сургах тойргийг шинээр зурах, тухайн цэцэрлэгт бүртгэлтэй хүүхэд бүтэн жилийн турш тууштай хамрагдах боломжийг бүрдүүлэх юм.

Харин уулзалтад оролцсон хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч нар

  • Эдийн засгийн болон эрх зүйн тогтвортой байдал
  • Цэцэрлэгээ өргөтгөхөөр зээл авахад батлан даалт гаргах эсэх
  • Ачаалал өндөртэй байршилд үйл ажиллагаа явуулдаггүй бол дээрх боломжуудад хамрагдах эсэх гээд олон асуултыг асууж хариулт авсан.

Энэ удаагийн өргөтгөсөн уулзалтаас гадна 6, 7 дугаар саруудад дүүрэг тус бүрээр хэсэгчилсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөв.

Хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байна

Сургуулиудын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын салбарын санхүүжилт, удирдлага, засаглал, үнэлгээний тогтолцоо, багшийн хөгжил, цахим шилжилт зэрэг шинэчлэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн менежментийг сайжруулах нь чухал байна. Үүнийг ажил хэрэг болгоход хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд хэллээ.

“Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах найман сургуульд хэрэгжүүлээд байна. Ингэхдээ Шинэ Монгол менежментийн найман брэнд туршлагыг хэрэгжүүлжээ.

Үүнд:

  • Сургуулийн соёл төлөвшил
  • Багш нарыг багт нэгтгэх
  • Ажлын байран дээрх багшийн хөгжил
  • Эцэг эх олон нийттэй хамтран ажиллах
  • Сургалтын цогц хөтөлбөр
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
  • Шалгалт, үнэлгээ
  • Төгсөгчдийн эргэх холбоо зэрэг багтсан байна.

Төслийг хэрэгжүүлж байх явцад сурагчдынхаа бодит байдлыг судлах, сургууль бүр өөрийн алсын хараагаа тодорхойлж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоогоор ажилласан байна. Төрийн өмчийн найман сургуульд ажилласан туршлагын адил нийт төрийн болон хувийн өмчийн сургуулиудын менежментийн механизмыг бий болгож, нэгдсэн загвар гаргах хэрэгтэйг оролцогчид санал нэгтэй хэлж байлаа.

Сургуульд суурилсан менежментийг бий болгох хүрээнд Боловсролын ерөнхий газар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тайлангийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм  гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

Хятадын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал дахин нотлов.

Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож буй. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарах юм. Энэхүү өдөрт зориулан Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явуулах аж. Тус парадыг 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.19/

Хонь
Энэ долоо хоногийг төлөвлөгөөтэй эхлүүлээрэй. Таны ажил амьдралыг хэцүү болгодог цорын ганц зүйл тань эмх замбараагүй байдал. Энэ долоо хоногт ерөнхийдөө азтай байна. Ажил дээрээ хамт олондоо туслаарай. Бусдад анхаарал тавихгүй бол өөртөө хэт итгэх итгэл чинь сөрөг үр дагавар дагуулж магадгүй юм. Та хаашаа ч явсан баяр хөөр, эрч хүчийг түгээх болно. Од эрхэс таны талд байгаа тул хичээвэл их ашиг олох боломжтой.
Үхэр
Дүрэм журам тогтоох долоо хоног айсуй. Энэ нь ажил, гэр бүл, хайр дурлал, юун дээр ч байж болно. Та хэн болохыг хүсч байна, тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хиймээр байна, түүнийхээ дагуу дүрмээ гарга. Бусдын дэмжлэг хамгийн их хэрэг болно. Таны ойр тойрны хүмүүс таны аз жаргал, эрүүл мэнд, хөгжил дэвшлийн чинь төлөө бүхнээ зориулахад бэлэн байна. Аливаад яаран дүн шинжилгээ хийхээс зайлсхий. Энэ нь таны олсон ашгийг сүйтгэж мэднэ. Хайр дурлалын амьдрал будлиантай байна.
Ихэр
Энэ долоо хоногт та өөрийгөө харуулахыг хичээх болно. Мэдлэг чадвараа бусдад харуулахаас бүү эмээ. Санхүүгийн бэрхшээлүүд таныг бага зэрэг ганхуулах нь. Ойр дотны хүмүүс тань асар их хайр, дэмжлэг танд үзүүлсэн ч ажил дээрээ багагүй гүрийх шаардлага гарна. Өдөр бүр таван минутын завсарлага авч, бясалгал хийж сураарай. Бусдын туслалцааг харамгүй ав. Бодит бус зорилго өөртөө тавиад хэрэггүй, таныг бухимдуулахаас цаашгүй. Хайртай хүнтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлнэ.
Мэлхий
Таны эрүүл мэнд долоо хоногийн турш асуудал үүсгэж магадгүй. Гэр бүл, найз нөхөдтэйгөө аль болох цагийг хамт өнгөрөөж, тайван амар. Баяр баясгалан, урам зоригтой байх тусам эрүүл мэнд тань сайжирна. Бизнесийн хувьд энэ долоо хоногт бага зэргийн алдагдал хүлээж магадгүй. Долоо хоногийн эхээр хайртай хүмүүсийн харилцаа таагүй байх хэдий ч өдөр өнгөрөх тусам байдал дээрдэнэ.
Арслан
Энэ долоо хоногт ялалт таных. Сугалаа юм уу, ямар нэг тэмцээнд хожиж ч мэдэх юм. Хэдийгээр энэ нь зөвхөн таны ялалт байлаа ч таньдаг бүх хүмүүстэйгээ аз жаргалтай мэдрэмжээ хуваалцаарай. Хүмүүс танаар бахархах болно. Бизнесийн гайхалтай шийдвэр гаргана. Энэ долоо хоногийн цорын ганц асуудал бол хайр дурлал. Та өөрийн мэдэлгүй хамтрагчийнхаа итгэлийг алдаж болзошгүй. Каффейны хэт их хэрэглээнээс татгалзаарай.
Охин
Энэ долоо хоногт од эрхэс хайр дурлалын амьдралыг тань ивээлдээ авчээ. Хайр дурлалын амьдралд олон хүн гарч ирэх магадлалтай. Шинэ бизнес эхлүүлбэл алсдаа амжилттай. Зорилгодоо тууштай байж, бодитой хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Өөртөө халамж анхаарал тавиарай. Богино хугацааны аялал юм уу, шинэ сургалтад хамрагдаж, юм үзэж, нүд тайлж магадгүй. Эрүүл мэнд сайн байна.
Жинлүүр
Энэ долоо хоногт та азтай байна. Бүх зүйл зөв гольдрилоороо үргэлжилж, хайр дурлал тань бүтнэ. Догдлол дүүрэн байж, секунд нэг бүрийг таатай өнгөрүүлнэ. Олон шинэ найз нөхөдтэй болж, аялалд гарч магадгүй. Хэт их сээтэгнүүр зандаа хил хязгаар тогтоохгүй бол нөгөө хүн тань эвгүй сэтгэгдэлтэй үлдэхийг анхаараарай. Аливаа шийдвэр гаргахдаа ахмад хүмүүсээс зөвлөгөө авч, цогц дүгнэлтэд хүрэхийг зөвлөж байна.
Хилэнц
Та ганцаараа цагийг өнгөрөөх дуртай хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт ганцаараа байгаад хэрэггүй гэж зөвлөе. Ерөнхийдөө сорилтын долоо хоног гэхэд болно. Ажил хэрэг, хайр дурлал аль аль нь амаргүй байна. Бизнесийн өрсөлдөгчид хувийн мэдээлэл, стратегийг тань ашигласан байж мэднэ. Энэ асуудлыг тэвчиж, уучлах хэрэггүй. Хувийн мэдээллээ хамгаалах стратеги боловсруул.
Нум
Та энэ долоо хоногт ганцаараа байхыг илүүд үзэж, бүхнийг өөрөө шийдэх гэж хичээх болно. Ганцаараа байгаа энэ өдрүүдэд олон ч зүйл тохиолдох нь. Толгой тань элдэв бодлоор дүүрээд байвал өөрөө өөртөө амралт өгөөрэй. Хайртай хүндээ эелдэг хандаж, хамт амрах цаг гарга. Онцын хүчин чармайлт гаргалгүйгээр мөнгө олох боломж гарч ирнэ. Энэ долоо хоногт гаргасан шийдвэр урт хугацаандаа маш үр дүнтэй байна. Эрүүл мэндийн байдал бага зэрэг хэлбэлзэх боловч үүнийгээ анзаарах сөхөөгүй гүйж мэдэх нь дээ.
Матар
Та энэ долоо хоногт ямар нэг зүйлээс мултарч, аз тохиох нь. Өөрийнхөө төлөө өчнөөн хөдөлмөрлөсөн тань үр дүнгээ өгч эхэлнэ. Зорилгодоо хүрч, бусад хүмүүс таны зоримог байр суурийг хүндэтгэх болно. Зарим хүмүүс байр суурийг тань эзлэхийг оролдох тул ур чадварын хувьд өөрийгөө шинэчлэх шаардлага гарна. Санхүүгийн байдал бага зэрэг хүндхэн байх хэдий ч долоо хоногийн дундуур байдал сайжирна. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөж, ердийн бус завсарлага авах бололтой.
Хумх
Энэ долоо хоног минут секунд тутамд хайр дурлал, амар амгалан, тогтвортой байдлыг мэдэрнэ. Энэ нь танд таалагдана. Шаргуу хөдөлмөрийн тань үр дүн гарна. Амжилтад хүрч, цаашид мөрөөдлөө биелүүлэх урам зоригоор дүүрэн байх болно. Өөрийн мэдрэмжээ үл тоомсорлож болохгүй. Магадгүй та амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулаад гарсан бол хааяа өөртөө гуниглах, гашуудах боломж олгоорой. Ажил хэрэг тань нэг их хүч зарцуулахгүйгээр аяндаа өөрөө бүтнэ.
Загас
Ашигтай ажиллахыг хүссэн ч эмх замбараагүй байдал, санхүүгийн алдагдалтай нүүр тулгарч магадгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ. Сэтгэлийн түгшүүрийг тань намжаах маш сайн зөвлөгчтэй таарна. Рашаан сувилалд явж, дуртай зохиолоо уншиж алжаалаа тайлаарай. Хайртай хүн тань хамт байхгүй, та ганцаардаж магадгүй.