6-17 насныхны өсөлт хөгжлийг тодорхойлно

Энэ сарын 1-нээс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг эхлэв. Хүүхдүүд харьяа сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх юм.

Манай улсад сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын 10 мянган хүн ам тутамд ногдох түвшин 15-34 нас, 65-аас дээш насанд өндөр байдаг. Иймд 6-17 насныхнаас сүрьеэгийн илрүүлгийг асуумж асуух замаар хийнэ.

Тодруулбал сүрьеэгийн шинж тэмдэг, зовуурын зургаан асуултад тавина. Мөн тархвар судлалын гурван бүлэг асуулт асуун, үнэлгээгээр 3 ба түүнээс дээш оноо авбал сүрьеэгийн сэжигтэй гэж үзэх юм.              

ДЭМБ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар 43 ам.долларын  өгөөжтэй байдгийг тогтоожээ. 

ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бодис илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МҮДЭБ)-аас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан.

Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага(ОУДЭБ)-ын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөх орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар танилцууллаа.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Б.Бейсен тэргүүтэй 21 гишүүн эмийн стандартад хяналт тавих иүр хороо байгуулах санал гаргалаа. Монгол улсын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. Тиймээс эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулахын тулд “Хянан шалгах Түр хороо” байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Үндэсний Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Энэ нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн үг юм. Мөн эмийн чанарт хийсэн шалгалтаар монгол улс дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн 18,6%, импортын эмийн 6,1% нь стандартын шаардлаг хангаагүй гэж гарчээ. Мөн зах зээлд байгаа нийт эмийн 14% нь стандартын бус, 19% нь бүртгэлгүй эм эзэлж байна. Энэ нь Монгол улсад байгаа эмний чанар стандарт ямар хэмжээнд байгааг харуулж байна.

Эмтэй холбоотой асуудал нь нийт хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Одоогийн байдлаар ямар ямар  эмийн үйлчилгээ хангалтгүй байгаа вэ гэдэг судалгаа монгол улсад байхгүй. Тиймээс түр хороо байгуулах хүсэлтэй гишүүд “Монгол улсад худалдаалагдаж байгаа эмүүдийн дээжийг гадаадын лабораторид” шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдвал эхний ээлжинд тоног төхөөрөмжийн дутагдалд орсон эмийн лабораторийг сайжруулах, эм үйлдвэрлэлийн явцад  хяналт шалгалтын чангаруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол улсын эмнэлэгүүдэд антибиотикт тэсвэртэй халдварт өвчин маш их гардаг гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн. Гэвч тэр халдварын дарах антибиотик монгол улсад байхгүй.  Мөн эрүүл мэндийн салбарын төсвийн нилээд хэсгийг чанаргүй эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдаж авсаар өдийг хүрчээ. Эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо өндөр байдаг нь чанаргүй эмтэй шууд холбоотой гэдгийг онцлож байна.

Нийт эмийн 14 хувь стандарт бус, 19% нь бүртгэлгүй гэдэг нь эмүүдийн 33% нь ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэсэн үг. Монгол улсад эмийн чанар хангалтгүй гэдгээс гадна өндөр үнэтэй гэдэг нь шалгалтаар илэрсэн. :Монгол улсад эмийн үнэ олон улсын жишгээс 5,4-15,6 дахин өндөр үнэтэй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн үнэ импортолсон үнээс буюу гадаадаас татан авсан үнээсээ 10-82%-иар үнэтэй зарагдаж байгааг  аудитын тайланд онцлосон байна. Тиймээс эмийн чанар болон  үнийн асуудалд нэгдсэн нэг тогтолцоо шаардлагатай байна.

Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал,

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо.

  • Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.
  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.

Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн.

  • Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.
  • Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар:

  • Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой.
  • Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана.

Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо маргааш хуралдана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байхаар тусгасан.

Энэ дагуу Цалин хөлс тогтоох аргачлалыг боловсруулж, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо(ХНТГТҮХ) баталсан юм. Гэвч энэ нь бодит байдал уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байх, тооцсон тохиолдолд үндсэн цалинг бууруулах зэрэг зөрчлийг бий болгож, салбар даяар үл ойлголцол үүсгэсэн гэдгийг өчигдөр Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлж, ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан билээ.

Хариуд нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа ХНТГТҮХ-г маргааш буюу Лхагва гарагт хуралдуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү” гэжээ.

ТЕГ-ААС МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны 12 дугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлст нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна.

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4,5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Т.ДОРЖХАНД:ЦААШИД УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт УИХ хаалттай хуралдаж, Хөгжлийн банктай холбоотой гишүүдээ хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг эхлүүлэх бөгөөд үүнд залуучуудыг мөн уриаллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ.

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа ба тэд тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарчээ.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажил эхлэж байна. Ингэснээр аливаа үйлчилгээ авахад хурууны хээ уншуулах бус цахим гарын үсгээ ашиглан авдаг болно гэсэн үг юм. Мөн цаашдаа биечлэн очиж гарын үсэг зурахгүйгээр тоон  гарын үсгээ солилцож цахимаар гэрээ байгуулах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5,8 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. ҮҮний хүрээнд Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэнэ гэж тусгасан. Өнөөдрөөс эхлэн нийслэл болон аймгуудад  3 төрлөөр тоон гарын үсгийг олгож эхэллээ.

  1. Иргэн улсын бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, есөн дүүрэг, үйлчилгээний төвөөр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгонр
  2. Киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож байна
  3. Гар утасны аппликейшнаар тоон гарын үсэг авах боломжтой юм байна. Цаашдаа хороодуудаар дамжуулан олгоно гэж мэдэгдлээ.

Тоон гарын үсгийн шилжилт 5,8 тэрбум төгрөгийн төсөвтэй.Тоон гарын үсэг нь  256 тэмдэгтэй алгиритм өгөгдлөөс бүрддэг. Үүнийг тайлж унших программын аюулгүйболон үйл ажиллгааны урсгал зардалд дээрх 5,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Иргэдийн дунд E-mongolia, регистерийн дугаар, баталгаат гарын үсэг, цахим үнэмлэх гээд тухайн хүний хувийн мэдээллийг агуулж байгаа олон зүйл байхад тоон гарын үсэг нь үр ашиггүй зардал гэж үзэж байгаа хэсэг бий. Гэвч албаны эх сурвалжаас “Хувь хүний мэдээллийг баталгаажуулсан хамгийн боломжит”арга гэдгийг хэлж байгаа юм. 

2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Тоон гарын үсгин 16-аас дээш бух насны хүн авна. Цаашдаа 5 5 жилийн зайтай  хугацааг нь сунгуулах юм байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд ч консулын газраар дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой. Ингэснээр үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголд байгаа хүнтэй гэрээ байгуулах, ямар нэгэн төрийн үйлчилгээ авахад саадгүй болох юм байна. 2023  оноос цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэх юм байна.

Тоон гарын үсэг аваагүй тохиолдолд одоогийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй. Гэвч цаашдаа банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын газрууд, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тоон гарын үсэг шаардлагатай болно гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрөөс цахим шилжилтийн багц хууль хэрэгжиж эхэлснээр тоон гарын үсэгнээс гадна Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдсэн.