Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлана гэдгээ Засгийн газар хэлж буй. Төсөв хэмнэх болоод төрийн данхар байдлыг бууруулахын тулд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах дэд дарга нар цомхотголд орно. 

1. Биеийн тамир, спортын улсын хороо нэг дэд даргатай. – Ц.Одонбаяр ажиллаж байна;

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван дэд даргатай. Тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, дэд дарга Д.Энхсайхан, дэд дарга Б.Мөнхдөл нар ажиллаж байна;

3. Стандарт, хэмжил зүйн газар нэг дэд даргатай;

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэг дэд даргатай – А.Ариунболд;

5. Төрийн худалдан авах ажиллагааны газар нэг дэд даргатай;

6. Цаг уур, орчны шинжилгээний газар нэг дэд даргатай – Б.Баттулга;  

7. Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай – Б.Батхишиг, Ц.Гэндэнцэвээн нар ажиллаж байна;

8. Татварын ерөнхий газар нэг дэд даргатай – Ц.Цогтжаргал;

9. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Билгүүн; 

10. Архивын ерөнхий газрын нэг дэд даргатай – Ч.Оюунчимэг;

11. Гадаадын иргэн, харьяатын газар нэг дэд даргатай – Д.Мөнхбаатар;

12. Оюуны өмчийн газрын нэг дэд даргатай;

13. Нийгмийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Саран;

14. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөдөлмөр болон нийгмийн асуудал хариуцсан хоёр дэд даргатай;

15. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэг дэд даргатай – Н.Самъяа;

16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар захиргаа хамтын ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан хоёр дэд даргатай;

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нэг дэд даргатай – М.Буяндэлгэр;

18. Соёл урлагийн газар нэг дэд даргатай;

19. Иргэний нисэхийн ерөнхий газар нэг дэд даргатай- Б.Алтанцом;

20. АМГТГ нэг орлогч даргатай- Ц.Эрдэнэбаяр;

21. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Гийхнаран

Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогч даргатай ажиллаж байгаа бол энэ хууль батлагдсанаар хоёр орлогчтой ажиллана гэсэн үг. 

Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм. 

Шүд цоорсгоос янгинаж лугшиж өвдөж эхэлсэн бол өвчин хүндэрсний илрэл

Амны хөндийн эрүүл мэнд ба шүд цоорол, түүний хүндрэлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Нүүр, амны эмчилгээний тасгийн эмч Г.Мишээл зөвлөж байна.

Тэрбээр, Хүүхэд зургаан сартайгаас шүдлэхээс эхлэн 2.5 нас хүртэл хүүхдийн дээд, доод талд тус бүрт 10 шүд ургаж, сүүн зуулт үүсдэг. Зургаан наснаас 12-13 нас хүртэл шүд нь нэг нэгээр унаж, солигдож ургасаар ясан шүд буюу байнгын зуулт үүснэ. Гаднаас стрептококкус мутанс нянгийн халдвар авсны дараа цаг хугацааны туршид нүүрс ус буюу чихэрлэг хоол, хүнсний нөлөөгөөр шүдний пааланд нэвчиж шүдний цоорол үүсдэг.

Нэгэнт цоорсон шүд нөхөн төлжихгүй, цоорлын явцыг зөвхөн эмчилгээгээр зогсооно. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвөөс 2018 онд сургуулийн өмнөх насны судалгаанд хамрагдсан 1100 гаруй хүүхдийн 86 хувь нь шүд цоорох эмгэгтэй байсан.

Дэлгэрэнгүйг:

https://www.facebook.com/watch/live/?ref=external&v=724019601947873

Хүүхдийн мөнгө барьцаалан зээл олгох, зээлд суутгахыг хориглоно

2020 оны гуравдугаар сараас эхлэн төрөөс хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байна. Хүүхдийн мөнгө нь хүүхдэдээ зарцуулагдахгүй хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд шилжүүлж байгааг шүүмжлэх нь түгээмэл билээ.

Иймд Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг хариуцлагагүй эцэг, эхийн данс руу биш хүүхдийн хадгаламжийн данс руу, эсвэл тухайн хүүхдийг асран халамжилж буй жишээ нь эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг хийсэн гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Уг журамд Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон байна.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох ЖУРАМ-д: 

5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
      5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
      5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
   5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.

5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

ӨДӨРТ 1000 ГАРУЙ ДАНСААР 2000 ОРЧИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ГҮЙЛГЭЭ ХИЙГДДЭГ БАЙСНЫГ ТОГТООСОН

Сүүлийн жилүүдэд залуучууд цахим мөрийтэй тоглоомд донтож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө зарж үрэх,   цаашлаад их хэмжээний өр, дарамтад орох тохиолдлууд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насныхан холбогдох нь ихэссэн байна.

Тодруулбал цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олно гэсэн сэдлийг  төрүүлэх тактик ашигладаг байна.  Цахим мөрийтэй тоглоом, түүнээс үүдэлтэй  гэмт хэрэгийн тохиолдол 2021 онд 94 хувиар өссөн байна. Харин энэ оны 1-р улирлын байдлаар цахим мөрийтэй тоглоомын 93 хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтууд байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож их хэмжээний мөнгийг битүүмжилсэн байна.

 

Өдөрт дунджаар 1000 гаруй дансаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгддэг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, цаашлаад их хэмжээний өрөнд орж амиа хорлох оролдлого хийсэн ч хүн байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдээллээ. Тоглоом болон мөрий нь хуулиар шаардах эрхийг бий болгохгүй. Хэрэв мөрийтэй тоглоом тоглоод бусдад их хэмжээний мөнгөө алдсан, эсвэл эд хөрөнгөө алдсан тохиолдолд заавал тухайн эд хөрөнгийг өгөхгүй байсан ч болно гэсэн үг юм.

Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл санаа тогтворгүй,  амар хялбар аргаар мөнгө олох хүсэлт автсан, алдсан мөнгө буцааж олхын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр ч тоглоход бэлэн болсон байдаг байна.

Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан шоо, хөзөр бусад эд зүйлээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг. Мөн 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  дээрх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Харин тоглосон иргэнд зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл ногдуулдаг байна.

ИРГЭДИЙН ӨГСӨН 15 ШААРДЛАГЫН НЭГИЙГ Ч БҮРЭН АГУУЛГААР НЬ ХҮЛЭЭЖ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛООГҮЙ

Залуучууд 4-р сарын 7-ны өдөр төв талбайд тайван жагсаал хийж 15 шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү шаардлагын дагуй төсөвт тодотгол хийж байгаа. Гэвч эдгээр шаардлагыг биелүүлээгүй, аргацаасан байдлаар хандаж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Тиймээс хүргүүлсэн шаардлагын биелэлт ямар хэмжээнд байгааг авч үзье.

Шаардлага 1.Нийгмийн даатгалын шимтгэлийг 15-18 хувь хүртэл бууруулж, татварын дарамтыг багасгах

Шаардлагын хариу.Байгууллага болон иргэний төлдөг  Нийгмийн даатгалын хувь хэмжээ хэвээрээ.  1 сая төгрөгөөс доош цалинтай иргэд төлж байгаа нийгмийн даатгалынхаа 50%-ийг буцааж авна. НДШ-ын 50%-ийг буцаан олгохын тулд төсөвт 172 тэрбум төгрөг суулгана.

Шаардлага 2:НӨАТ-ын буцаан олголтын сугалааг зогсоох, буцаан олголтын 2% хувийг 10 хувь болгох

Шаардлагын хариу.НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хэвээр үлдээж, сугалааг зогсооно гэж шийдвэрлэсэн. Иргэд өөрсдийн төлж байгаа мөнгийг өөрсдөө авъя гэдэг зорилгоор энэхүү шаардлагыг хүргүүлсэн ч сугалаагаар дамжин иргэдийн гар дээр очдог хэсэг хувийг төр авахаар болов.

Шаардлага 3. .Цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Бодит байдал. Хувийн цэцэрлэгүүдэд олгох хувьсан зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Тухайн хувийн цэцэрлэг төлбөртэй байх нь эсэх нь тухайн аж ахуй нэгжийн асуудал гэдэг байр суурийг сангийн сайд Б.Жавхлан илэрхийлсэн.

Шаардлага 4. Авилга, албан тушаалын хэрэгт ялын бодлого чангатгах

Шаардлагын хариу.Тодорхой мэдээлэл өгөөгүй

Шаардалага 5. Төр өөрөө хэмнэ

Шаардлагын хариу. Хотод том оврын машин унахгүй, дэд дарга орлогч даргагүй болох, дарга нар бизнес ангилалаар нэсэхгүй, төрийн тусгай албанаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй, 10 ТӨК-иудыг татан буулгах  зэрэг хэмнэлтийг гаргаж ирсэн. Гэвч төрд тэвчиж болох зардал олон бий гэдгийг эдийн засагчид онцолж байгаа.

Шаардлага 6. Аж, ахуй нэгж байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, зээлийн бодлогыг ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах

Шаардлагын хариу. Тодорхой хариулт өгөөгүй. Хүнс нөөцлөх зорилгоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Бусдаар ААН-үүдийг дэмжих талаар асуудал хөндөөгүй.

Сонгуулийн хар машиныг халах, Олон улсын төлбөр тооцооны системийн үйлчилгээнд Монгол улсын төлбө хүлээн авах боломжийг нээж өгөх, Иргэд олон нийтийг мэдэх эрхээр нээлттэй болгох зэрэг олон шаардлагад тодорхой хариулт хэлээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гал намжаасан, түр зуурын шийдвэр гаргахгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч энэ удаагийн жагсаалаас гарсан шийдвэр, шаардлагын хариуг түр зуур аргацаасан, богино хугацааны шийдвэр гэж дүгнэж байна. НДШ-ын 50%-ийг эргүүлэн олгох мөнгөөр сургууль, цэцэрлэг, үйлдвэр барих боломжтой байсан гэж үзэж байгаа юм.

​Жагсаалт: Хувьчлах, нэгтгэх, татан буулгах төрийн өмчит компаниудын нэрс

Засгийн газар 2022 оны төсвийн тодотголын төслийг дагалдуулж Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд худалдах үндсэн чиглэлийг УИХ-д оруулж ирлээ. Үндсэндээ Засгийн газар өмч хувьчлалыг гурван чиглэлд буюу төрийн эзэмшлийн тодорхой хувийг олон нийтэд арилжаалах, ижил чиг үүрэгтэй төрийн өмчийн компаниудыг нэгтгэх, татан буулгах гэсэн чиглэлийг барьжээ. 

НЭГ. Дараах компаниудын 34 хүртэлх хувийг хувьчилна

Дор нэр дурдсан 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчилж, төрийн эзэмшил 66 хувиас хэтрэхгүй байна. Олон нийтэд хувьцааг арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээд хамгийн ихдээ таван хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж иржээ. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзсэн байна. 

  1. Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;

  2. “Монголын цахилгаан холбоо” ХК​;
  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;​
  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​;
  5. “Үндэсний давхар даатгал” ХК​;
  6. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК​;
  7. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​;
  8. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
  9. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК​;
  10. “Диспетчерийн үндэсний төв“ ХХК​;
  11. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК​;
  12. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​;
  13. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК;
  14. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
  15. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК​;
  16. “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК​;
  17. “Баянчандмань АЗЗА” ТӨХК​;
  18. “Налайх АЗЗА” ТӨХК​;
  19. “Архангай-АЗЗА” ТӨХК;​
  20. “Багануур-АЗЗА” ТӨХК;​
  21. “Булган-АЗЗА” ТӨХК;​
  22. “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК; ​
  23. “Дархан-АЗЗА” ТӨХК​;
  24. “Дорноговь-АЗЗА” ТӨХК;  ​
  25. “Завхан-АЗЗА” ТӨХК​;
  26. “Орхон-АЗЗА” ТӨХК​;
  27. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​;
  28. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;​
  29. “Талын зам” ТӨХК;
  30. “Төв-АЗЗА” ТӨХК​;
  31. “Увс-АЗЗА” ТӨХК; ​
  32. “Харгуй” ТӨХК​;
  33. “Хархорин-АЗЗА” ТӨХК;  ​
  34. “Ховд-АЗЗА” ТӨХК​;
  35. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК​;
  36. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

Төрийн банкны 20 хүртэлх хувийг олон нийтэд арилжаална

Дээрх компаниуд дээр Төрийн банк нэмэгдэнэ. Банкны тухай хуульд заасны дагуу Төрийн банк 2022 оны долдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд хувьцаагаа санал олгож, нээлттэй хувьцаат компани болох учиртай. Тэгвэл Засгийн газраас Төрийн банкны олон нийтэд арилжаалах хувь эзэмшлийг тогтоожээ. Ингэхдээ Төрийн банкны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй, 20 хүртэлх хувийг олон нийтэ үе шаттай арилжаалахаар оруулж ирсэн байна.

ХОЁР: Дараах төрийн өмчийн компани, үйлдвэрийн газрыг нэгтгэнэ

Чиг үүрэг нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд ТӨБЗГ-ын дарга, холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

1. “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах

2. “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах

3. “Геологийн судалгааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Геологийн төв лаборатори” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах,

4. Шинжлэх ухааны академийн харьяа Геологийн хүрээлэнг Үндэсний геологийн албатай нэгтгэх

5.“Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Цагаан шонхор” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, болон төрийн байгууллагуудын харьяанд байдаг бүх төрлийн хувцасны үйлдвэрийн үйл ажиллагааг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани

6. “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Усны газартай нэгтгэх

ГУРАВ: Дараах компаниудыг татан буулгана,  эсвэл бүтцийг нь өөрчилнө

Дараах  ТӨҮГ, төрийн өмчит газруудыг татан буулгах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийхийг даалгажээ.

“Радиотелевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар,

– “Хөдөө аж ахуйн бирж” ХХК,

-“Автоимпекс” ТӨХК,

-“Гермон газ” ХХК,

– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ,

-“Спортын бэлтгэлийн төв” ТӨҮГ,

-“Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ,

-“Техник спортын төв” ТӨҮГ

Шүүх: ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорилоо

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцээд, түүнд 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа. Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм. Харин прокурор түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн аж. 

Д.Эрдэнэбилэг нь өнгөрсөн мягмар гаригт “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орж, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт зэрэг том төслүүдэд хэрхэн оролцсон, нийгэмд үүсээд буй асуудал, бизнесийнхээ талаар анх удаа телевизийн ярилцлагад ам нээсэн юм.

Тэрээр “Би улс орондоо аж үйлдвэр хөгжлүүлэхийн төлөө том төслүүдэд оролцож, зээл авч хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр үүсээд байгаа гэнэтийн хүндрэлийг тухайн үед тооцох ямар ч боломжгүй байсан”  гэдгийг тодотгож байсан. Тэрээр цаашид ярих, хийх зүйл их байгаа гэдгээ ч илэрхийлж байсан юм. 

Л.Оюун-Эрдэнэ: Төсвөөс санхүүжүүлэх 33 арга хэмжээг хасаж, төрийн байгууллагын 1,500 гаруй орон тоог цомхотгоно

Төсвийн тодотголд тусгасан хэмнэлтүүд: 

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хуулиар хориглоно.
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын авто машин унахыг хориглоно.
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим технологиор сайжруулах  хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ухаалаг системд оруулснаар өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж буй 9,000 гаруй машиныг багадаа 60 хувь бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох реформын эхлэл болно.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэх шийдвэрийг бие даах гаргахыг хориглоно.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, урлаг спортын үйл ажиллагаа ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтод бизнес ангиллаар зорчих, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
  • Мөн конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.
  • Цаашид угтах, үдэх хаалга, орон нутгийн шинжтэй үрэлгэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
  • Үүний дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар буурч, 1,500 гаруй орон тоо хасагдана.

“НДШ-ээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг танилцуулав. Үүнд: 

  • Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд зарцуулна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажил хангах, дөрвөн улирлын зоорь, хүлэмж барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн татаасыг улсын төсвөөс шийдэх,
  • Импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ. 

НИЙТ 94 ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, 103.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон.

Ямар хөрөнгө оруулалтуудыг хасахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл

Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

  • Контор-6
  • Наадмын талбай-3
  • Соёлын төв -7
  • Спорт заал, цогцолбор-3
  • Усан бассейн-2
  • Конторын тоног төхөөрөмж-18
  • Конторын их засвар-12
  • Айргийн өргөө-1
  • Орон нутгийн тохижилт-6
  • Нийтийн эзэмшлийн зам талбай-3
  • бусад төсөл-33

Төсвийн тодотголын дээрх задаргааг  /2022.04.18/-д  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржингээ хэлэлцэж дээрх жагсаалтыг гаргажээ.

Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.