зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Өнөөдөр аргын тооллын 4-р сарыэ 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх дуу сарын 13. Бархасвадь гараг. Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. 

Тухайн өдөр иогой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтний сөрөг муу нөлөөтэй тус элдвэ үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэвь үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхрлэх, уаг ихтэй үйлийг эхлүүлэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, башингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явах бол баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ гэжээ. 

ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ

Төр, засгийн байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс том оврын автомашинуудаа Улаанбаатар хот дотор унахгүй байх шийдвэрийг  засгийн газраас гаргасан. 2021 оны жилийн эцсийн байдлаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 9879 байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Зөвхөн төрийн өмчийн 1000 машины зардалд   жилд  11 тэрбум төгрөг зарцуулж байна.  

Төрд данстай автомашины тоо 9879 байна.Үүний 1767 буюу 17.9% нь жижиг тэрэг, 1364 буюу  13.8% нь том оврын, 664 буюу 6.7% нь дунд оврын автомашин байна.Статистикаас харахад, төрд 98 Lexus, 152 Nissan Patrol, 906 Land Cruiser автомашин байгаа юм.Тэгвэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Улмаар энэ асуудлыг зохицуулсан журам, Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Судалгаанд ойролцоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум, даатгал, татварт гурав орчим тэрбум төгрөг гарч байгаа гэх судалгаа гарсан. Энэ бол маш үрэлгэн зардал гэж  үзэж байна.

Төрийн өмчит компанийн гаргасан судалгаагаар нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Төрийн албанд, төсөвт байгууллагуудад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилнэ. Моторын багтаамж өндөртэй автомашиныг хэрэглэхгүй байх, байгальд ээлтэй цахилгаан, хайбрид автомашин авах, тэгэхдээ худалдан авалтыг төвлөрсөн зохион байгуулалттай хийж, бусад оронд хэрэгжүүлж буй сайн жишээнүүдийг хэрэгжүүлнэ.Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед автомашин худалдаж авахгүй.

Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг  борлуулна.  Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Автомашины тоо цөөрвөл жолоочийн тоо цөөрнө. Эхний ээлжиндээ бодитоор тав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт богино хугацаандаа гарах тооцоо гарсан байна.Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэнэ.

15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Малын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой комисстой цахим хуралдаан зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 сумын 145 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, 41 сумын 85 голомт хязгаарлалтын дэглэмд шилжсэн байна. Харин 17 аймгийн 76 сумын 192 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.

Шүлхий өвчний голомтыг хязгаарлах, халдварын тархалтыг хумих дархлаажуулалтын арга хэмжээг 17 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байгаа аж.  Энэ ажил өчигдрийн байдлаар 85.1 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа гэдгийг мэдээллээ.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын 2022 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Шадар сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулсан байна. Цаашид мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг тус төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийг аймгуудын Онцгой комисст танилцуулсан юм.

Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,

  • Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах
  • Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх
  • Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах
  • Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах
  • Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ?

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин өөрийн хүсэлтээр  бүрэн эрхээсээ “түдгэлзэх” хүсэлтээ өгсөн ч хуулийн хүрээнд хүсэлтийг хангах боломжгүй. Харин  Улсын ерөнхий прокурор  хөгжлийн банктай  нэр холбогдсон нэр бүхий 11 гишүүнийг  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д өгнө гэх мэдээлэл гараад байна.

Одоогоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэдэн гишүүний бүрэн эрхийг  түтгэлзүүлэх санал оруулах талаар албан ёсны  мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ нийгмийн хүлээлт, олон нийтийн бухимдлыг намжаах зорилгоор эрх баригчид хэд хэдэн гишүүний бүрэн эрхтэй хариуцлага тооцох өндөр магдалтай байна. Монгол Ардын намын дарга, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн банканд нэр холбогдсон гишүүдийг хаацаалахгүй гэж мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл хэн хэнийг ямар хэрэгт хамруулан түдгэлзүүлэхээр яригдаж байгаа вэ?

 

УИХ-ын гишүүн  Б.Бейсен. Тэрээр Баян-Өлгий аймагт иргэдийг группт оруулах нэрээр бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогдсон байсан.

 

 

 

 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн эзэмшлийн компанидаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн  дарга Г.Доржпаламд 100 мянган америк доллар өгсөн хэрэгт холбогдсон

 

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа 33 тэрбум төгрөгийн зээлийг  УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгож байсан. Энэхүү зээл чанаргүй зээлийн ангилалд багтсан учир 3 гишүүн хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байна.

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан. 2011 онд хөгжлийн банкнаас 11 тэрбум төгрөгийн  зээл авч, зээлээ төлөөгүй Монгема гэх компанитай хамааралтай гэх мэдээлэл цацагдсан

 

 

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Түүний дүүгийн компани болох “Вестерн холд” компани хөгжлийн банкнаас цементийн үйлдвэр барихаар 28 сая долларын зээл авсан ч мөн л чанаргүй зээлийн ангилалд багтаад байгаа.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгсөн компаниасаа өөрийн дансаар хувь хүртсэн тухай асуудал яригдсан.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Хөгжлийн банкны 4,5 тэрбум төгрөгийн зээлийн асуудалд холбогдоод байгаа. Гэвч тэрээр Намайг Хөгжлийн банкнаас өөрийн эрх мэдлийг ашиглан нөлөөлж зээл авсан мэтээр буруу ойлголт төрүүлж байна. Миний аав  Ч.Чинбатын хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авч, бүрэн төлж дуусгасан” гэж мэдээллээд байгаа юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг засгийн эрхийг барьж байх үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Мөнхбат, Л.Батбаярын нарын үед хамгин муу, чанаргүй зээлүүд гарч байсан.

 

 

Эдгээр гишүүд түдгэлзэх магадлалтай гэдэг мэдээлэл байна. Дээр нэрлэгдэж байгаа гишүүдийн дунд МАН-аас сонгогдсон гишүүд олон бий. МАН-ын бүлгээс одоогоор гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаагүй гэдэг мэдээллийг өгсөн юм.

МАН-аас сонгогдсон гишүүдийг 4-р сарын 10-ны дотор өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт гаргаагүй бол албан ёсоор МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг мэгэдсэн. Одоогийн байдлаар 3 гишүүн шалгуулна гэж мэдэгдсэн. Харин эрх баригч намын үлдсэн 2 гишүүн намаасаа түдгэлзэх, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх асуудал давхар давхар үүсэх үү гэдэг асуудал эргэлзээтэй байна

 

2022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос 40% өсөв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний улиралд авлигын 124 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 35-аар буюу 39.3% өссөн дүн юм.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 28-аар буюу 39.4% өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Бүртгэгдсэн авлигын 124 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 

  • 99 (75.6%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 17 (13.0%) нь хахууль авах гэмт хэрэг
  • 7 (5.3%) нь хахууль өгөх гэмт хэрэг
  • 4 (3.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
  • 1 (0.8%) нь дураараа аашлах гэмт хэрэг
  • 2 (1.5%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг
  • 1 (0.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Ташрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд Дураараа аашлах талаар тусгасан бөгөөд 

236.1.Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Д.ТОГТОХСҮРЭН:Ордны хашаанд албаны нэг ч том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье

МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжлээ.  Бүлгээр хоёр асуудал хэлэлцжээ. Мөн гишүүдийн дийлэнх нь төсөвт тодотгол хийхийг дэмжсэн байна. МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр тМАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчийн асуултанд хариуллаа.

Тэрээр “УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөс нь байдаг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо ганцхан сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна. Одоо хувийн машин хорих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Ордны дотор баахан том тэрэг орж ирээд байна гэж та хэд хараад байгаа байх. Дандаа хувийн машин байгаа шүү. Албаны том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье” гэв 

БОАЖЯ:ДАРГА НАРЫН УНАЖ БАЙГАА МАШИНЫГ ЗАРЖ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ УНААГ ШИЙДНЭ

Улсын их хурлаас шууд томилогддог Улсын их хурлын тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд орон нутгийн томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын авто тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод хэрэглэхгүй байхаар боллоо. Энэ жишгийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлсээр олон жил болсон. Зөвхөн УИХ болон хамаарал бүхий төрийн алба бус дүүргүүд, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ч автомашиныг халах ёстой. Нэг дарга 144 жил таксигаар явах мөнгөөр нэг удаа лексус-570 авч 10 жил унадаг байдлыг бүр мөсөн халах шаардалагатай.

БОАЖЯ өнөөдрөөс эхлэн нийслэл хотод автомашин унахгүй байхаар шийдвэр гаргаад байна. Тус яам нь лексус 570 маркийн 1, ланд крузер 200 маркийн 2, санато-7 маркийн 1, приус маркийн 1 буюу нийт 5 авто машинтай. Эдгээр 5 машины том оврын 2, санато-7 маркийн авто машиныг Төрийн бодлого зохицуулалтын газар шилжүүлж дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Харин үлдсэн ланд 200 маркийн авто машиныг зөвхөн хөдөө орон нутгийн томилолтонд ашигдах юм байна. Маши  зарсан мөнгөөр байгаль хамгаалагч нарыг унааны асуудлыг шийднэ гэдгээ салбарын сайд онцлолоо.

БОАЖЯ 1 машинд л гэхэд 1 сарын хугацаанд  жолоочийн цалин, шатахууны зардалд  3-5 сая төгрөгийн зарцуулдаг юм байна. Мөн эвдрэл гарсан тохиолдолд сэлбэг, хэрэгсэл, үзлэг оношлогоо, өвлийн дугуй гээд машинд шаардлагатай бүх зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. 1 дарга өдөрт хамгийн ихдээ 30 мянган төгрөгөөр таксигаар зорчино гэж тооцвол сард 750 мянган төгрөг болно.

Монгол улсад 2020 оны байдлаар төрд ашигдаж байгаа  нийт 24 мянган автомашин байжээ. ҮҮнээс зардал их гаргадаг буюу дарга нарын хөлгөлдөг 119 автомашиныг сонгож тооцоо хийхэд нэг жилийн хугацаанд 1,7 тэрбум төгрөг болсон байна. Задлаад үзвэл шатахууны зардалд 361 сая, дулаан зогсоол 69 сая, сэлбэг тос, бусад зардал 271 сая, жолоочийн цалинд 1 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Үүний цаана үлдэж байгаа жижиг оврын машинуудын зардлыг нэмвэл бүр их тоо гарна. Эхний ээлжинд том оврыын машин гэж байгаа ч цаашдаа жижиг оврын машинуудыг ч цөөлөх шаардлагатай

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ “ТҮДГЭЛЗЭХ” ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин “Залуучуудын тэмцлээр бахархаж, бас дэмжиж байна.Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлан хөгжих ёстой” гэх толгойтой түдгэлзэнэ гэх мэдэгдлээ албан ёсны хуудсууддаа байршуулсан. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 9 дугаар зүйлд Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуульчласан байдаг. Тодруулбал УИХ-ын тухай хуулийн “9.1.1 гэмт үйлдлийн явцад, эхсүл гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн өөрөө дур мэдэн түдгэлзэх боломж байхгүй, түдгэлзүүлэх шаардлагатайг эсэхийг Улсын ерөнхий прокурор тодорхойлж, УИХ шийдвэрлэх ёстой байдаг гэсэн үг юм.

Өмнө ч хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга энэ аргыг ашиглаж байсан удаатай. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, “өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөх нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэж байсан. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түдгэлзэх бус бүрэн эрхээсээ татгалзаж байсан.  Энэ асуудал дээр тухайн үед УИХ-ын халдашгүй  байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж дараах хариултыг өгч байсан.

Энэ үйл явдал 2018 онд болж өрнөсөн. Үүнээс хойш УИХ-ын тухай хуульд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн нэмэлт өөрчлөлтөөр ч УИХ-ийн гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэж болно гэж тусгаагүй. Тиймээс Ганибалын Амартүвшин гишүүний “өөрийн хүсэлтээр түдгэлгэл” хүсэлт нь хууль ёсны биш. Халдашгүй байдлын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч гарах дүгнэл нь ойлгомжтой гэсэн үг. Чухам Ганибалын Амартүвшин гишүүн өөрийнх нь хүсэлт хууль ёсны биш гэдгийг мэдэхгүй байсан уу, мэдсээр байж иргэдээс оноо авч, шударга хүн болохыг хүссэн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

УИХ-ЫН гишүүн Амартүвшин 2019-2022 онд Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа олгосон, 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтсан. Энэ нь өмнөх захирлуудын гарын үсэг зурж олгосон, чанаргүй зээлийн нийт дүнгээс бага боловч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр дотны хүмүүстээ зээл олгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Г.Амартүвгин гишүүний хүсэлтээр түдгэлгүй гэдэг нь тодорхой боллоо. Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хөгжлийн банкинд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах уу гэдэг асуудал үүсч байна.

зурхай

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.IV.11-2022.IV.17

Хонь

Энэ долоо хоногт таны ажлын ачаалал их байна. Боломж гарвал рашаан сувилалд явах, дуртай уран зохиолоо унших зэргээг алжаалаа тайлаарай. Амьдралын зорилгоо тодорхойлж, урагш ахихад тань үнэтэй зөвлөгөө өгөх маш сайн зөвлөгчийг олох болно. Ажлын хамтрагчдын дэмжлэг сэтгэл хөдөлгөнө. Танд ажил дээрээ өөрийгөө батлан харуулах боломжууд гарч ирэх бөгөөд албан тушаал ахиж ч болзошгүй. Энэ долоо хоног бол хайрыг мэдэрч, дотор хүнээ сонсох долоо хоног. Түүнчлэн сайн үйл үйлдэхийг од эрхэс зөвлөж байна.

Үхэр
Та энэ долоо хоногт өөрийн зорилгоо тодорхойлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэхийн тулд дотоод сэтгэлийн аялалд гарах бололтой. Хайртай хүмүүс тань танд төвөг учруулахгүй бөгөөд хүссэнээ хийх боломжийг олгоно. Хайрттайгаа төдийлөн их цагийг өнгөрөөж чадахгүй ч энэ долоо хоногт та хоёрын харилцаа сайн байна. Хэрвээ та ганц бие бол энэ долоо хоногт сугар гариг таны талд байна. Танд гайхалтай адал явдал тохиолдож мэдэх юм шүү. Нэгэнт хайраа олсон хүмүүс харилцаагаа шинэ шатанд гаргана. Энэ долоо хоногт ер бусын өндөр сэтгэгдэлээр дүүрэн, эерэг өдрүүд таныг хүлээж байна.

Ихэр
Энэ долоо хоног таны хувьд харьцангуй хялбар байх нь. Ажил дээрээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, хамт олонтойгоо төвөггүй ойлголцоно. Тэр бүү хэл ажил дээрх цаг хугацаа амьдралын тань хамгийн эерэг хэсэг ч байж мэдэх юм. Та маш үр бүтээлтэй, ажил ихтэй байх ба энэ байдал өөрт чинь таалагдах болно. Найз гэж бодож байсан хүмүүс алдааг чинь дөрөөлөн таныг орхихыг завдаж мэднэ. Хэн таныг халамжилж, хэн танаас дөлж байгааг ойлгоход багагүй хугацаа зарцуулагдана. Энэ долоо хоногт зөвхөн өөртөө л анхаарал хандуулбал зохилтой. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай.

Мэлхий
Энэ долоо хоног хүндхэн өнгөрөх нь. Хүнд өдрүүдийг даван туулсны эцэст гэр бүл хэчнээн чухал болохыг та ойлгоно. Тэдэндээ талархсанаа илэрхийлж, өмнөх алдааныхаа төлөө уучлал гуйхаа мартуузай. Хэрэв та амжилтад хүрэхийг хүсч байвал хувийн сахилга бат нэн чухал гэдгийг санаарай. Цаг барьдаг байх хэрэгтэй. Хувийн сахилга батыг баримталснаар шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэнэ. Таны бизнес бусдын дэмжлэгээр цэцэглэн хөгжиж байгаа тул та бага зэрэг л анхаарал хандуулахад бүх зүйл сайхан болно.

Арслан
Энэ долоо хоногт өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, өөрийгөө илүү сайжруулахад анхаарлаа хандуулаарай. Хувь тавилан танд өөр сонголт үлдээгээгүй байна. Бизнесийн хувьд ахиц дэвшил муутай байна. Зарим зүйлс цаг хугацаандаа амжихгүй, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байж мэдэх юм. Маш их ажилд дарагдахын зэрэгцээ харилцааны асуудал үүсч болзошгүй. Хүүхдүүд чинь дуулгавартай байж та тэднийг урамшуулна. Энэ долоо хоногт эрүүл мэндэд бага зэрэг асуудал тулгарч болзошгүй.

Охин
Энэ долоо хоногт шинэ үүрэг хариуцлага хүлээж магадгүй бөгөөд та үүнийгээ амжилттай биелүүлэх юм байна. Хандив, сайн үйлс хийвэл үйлийн үр нь хэмжээлшгүй их. Бизнесээ шинэ түвшинд өргөжүүлэх боломж гарч ирнэ. Ажил хэрэгтэй холбоотой чухал шийдвэрүүдээ гаргахад тохиромжтой долоо хоног юм. Долоо хоногийн эхээр бага зэрэг саад бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч өдөр өдрөөр саад бэрхшээл шийдэгдэж, нуруун дээрх ачаа хөнгөрсөөр байх болно. Долоо хоногийн сүүлээр шаргуу хөдөлмөрийн үр дүнд шагнуулж мэдэх юм. Алдагдал тань ашиг болон хувирч магадгүй. Эцэг эхийн эрүүл мэнд сайн байна.

Жинлүүр
Хайртай хосууд хоорондоо нийцтэй, итгэлцэл дүүрэн байх нь. Хэдийгээр муудалцах зүйл гарсан ч та бүхнийг байгаагаар нь хүлээж авахаар шийднэ. Энэ нь ирээдүйд тохиох таагүй зүйлсээс ихээхэн хамгаална. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа сайн бодоорой, нөхцөл байдал улам дордох вий. Маргаанд оролцохоос зайлсхийх хэрэгтэй, эс бол энэ нь таныг сөрөг байдлаар доош татна. Ахмад хүмүүсийн сургааль болон хүсэл зоригийнхоо хүчээр таагүй бүхнийг даван туулж гарч чадна. Энэ долоо хоногт азгүйтэж, алдагдал хүлээх магадлалтай.

Хилэнц
Таны ажил хэргийн хамтрагчид энэ долоо хоногт таны гүйцэтгэлд маш их сэтгэл хангалуун байна. Бизнес тань олон улсад өргөжин тэлэх магадлалтай. Энэ долоо хоногт таны мэдэрч буй аз жаргал нь эрүүл мэнд, хувийн амьдралд сайнаар нөлөөлнө. Ажлын байр, албан тушаал ахихтай холбоотой өөрчлөлт гарч магадгүй. Удирдлагууд тань таныг үнэлнэ. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг авч хувь хувьсгалын бүх зүйл тань бүтэмжтэй сайхан байх нь.

Нум
Энэ долоо хоногт хайр дурлалын амьдрал аз жаргалаар дүүрэн байх нь. Таны хайрт санаачлагатай байснаар та аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Бодож байгаа зүйлээ илэн далангүй илэрхийлэх нь харилцааг дараагийн шатанд аваачина. Шинэ бүхэн сэтгэл хөдлөм, сонирхолтой байдаг тул танд маш их эерэг өөрчлөлт мэдрэгдэнэ. Гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар чинь улам тодрон гялалзсан өдрүүд үргэлжлэх нь. Аливаа шийдвэр гаргахдаа итгэлтэй хүмүүстэйгээ сайтар зөвлөлдөхөд гэмгүй.

Матар
Энэ долоо хоногт эрүүл мэнд тань сайжирна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэдий чинээ их авна, төдий чинээ үр дүн сайтай байна. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажиллаж байгаа эсэхдээ анхаарал хандуулаарай. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийвэл хожим нь ашиг авчрах магадлалтай. Ажлын ачааллаас болоод гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй. Долоо хоногийн сүүлээр өрсөлдөгчид чинь тань руу довтолж, хичээл зүтгэлийг тань үнэгүйдүүлэхийг оролдож магадгүй. Энэ үеэр томоохон хөрөнгө оруулалт хийх, хүнд зээл өгөхгүй байхыг зөвлөж байна.

Хумх
Энэ долоо хоногт хайртай хүмүүсийнхээ нөмөр нөөлгийг мэдэрч, аюулгүй хоргодох газар, итгэлтэй хүнтэй байхын сайхныг мэдэрнэ. Ямар ч шүүмжлэлээс айлгүйгээр тэднийхээ дэргэд өөрийнхөөрөө байгаарай. Бизнесийн үйл ажиллагаа жигд сайхан байна. Шинэ үйлчлүүлэгчидтэй болно. Их бага хэмжээгээр өсөлтийг мэдэрсэн долоо хоног болно. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Хамтран ажиллагсад тань маш их дэмжлэг үзүүлнэ. Тиймээс багаар ажиллахад таатай байх нь. Хайр дурлалын амьдрал энэ долоо хоногт түр зогсонги байдалд орж болзошгүй.

Загас
Энэ долоо хоногт хайсан зүйлээ олохгүй, бүтэл муутай байж магадгүй ч яагаад ийм байгаагийн шалтгааныг сайтар бодож тунгаагаарай. Магадгүй та өөрийнхөө хандлагад анхаарах цаг болсон байж мэднэ. Хэн нэгэнд хорсмоор санагдаж, түрэмгий зан хөдөлж магадгүй. Магадгүй та аль хэдийнэ хэн нэгэнд энэ мэдрэмжээ хатуу үгээр илэрхийлээд гаргачихсан ч байж мэднэ. Хүнд үг хэлэхээсээ өмнө өөртөө нэг хэлээд үзээрэй. Харилцаанаас хандлага эхэлнэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө.

ХНХЯ: Хуурамч материал бүрдүүлж, группт орсон 2000 хүнийг хассан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримтад хяналт шалгалт хийжээ. Тус аяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд маргаантай байсан учраас холбогдох яамнаас шалгалт хийхээр болжээ. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсан.Шалгалтаар 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5000-аар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх аж.

Мөн 2022 онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.