ХЭҮК: Хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сүхбаатарын талбайд өрнөж буй “Монголдоо сайхан амьдармаар байна” Залуучуудын жагсаалд оролцогчдын болон орон нутагт буюу 10 аймагт эдгээр жагсаалыг дэмжиж буй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харъяа Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хурандаа С.Сугаржав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Чагдар нараас нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авч саатуулагдсан иргэдтэй уулзан хяналт тавьж ажиллалаа.

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Б.Энхболд, нар ЦЕГ-ын дарга, хошууч генерал, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдтой уулзаж, жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авч иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхаарууллаа.

Түүнчлэн Комиссын гишүүн Х.Мөнхзул иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж зөвлөмж өгч ажиллалаа. Мөн Комиссын гишүүд “Эмнэсти интернэшнл Монгол” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хамтран мониторинг хийж, хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо.

ХЭҮК жагсаал, цуглааны явцын талаар баримт мэдээлэл цуглуулах, мониторинг, хяналтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мониторинг, хяналт шалгалтын дүгнэлтийг удахгүй танилцуулна хэмээн ХЭҮК-оос мэдээлэв.

Л.ОЮУН-ЭРДЭН:ТӨВ ТАЛБАЙД АРДЧИЛЛЫН ХЭЛБЭРЭЭР УУЛЗАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаж байгаа иргэдтэй уулсан. Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр тав талбай дээр шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаад миний бие баяртай байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жилд бид үзэл бодлоо илэрхийлснээр хөгжин дэвшсээр байна. Өчигдөр гарч ирэхийг маш их хүссэн. Амаргүй дүрэм журмыг давж, та бүхний өмнө зогсч байгаа юм шүү. Залуучууд аа, өнөөдөр хамтдаа шийдэл хайх ёстой. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийг хичээж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэдгийг хэлж байсан. Зарим нэг болзошгүй иргэдээс сэргийлэх хэрэгтэй байсан юм гэж хэлж байсан. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.

Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Засгийн газарт чадах чадахгүй зүйл байна. Вакциндаа хамрагдсан та бүхэнд баярлалаа. ОХУ, Украинд хямрал гарч байна. Бензин шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Ийм нөхцөл үүссэнд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Уучлаарай та бүхэн.
Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийг түдгэлзүүлж шалгуулах ёстой. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу ялаа авдаг байх ёстой. Залуучууд та бүхэн хамт байгаарай. Авлига, хүнд сурталтай холбоотой асуудалтай хамтдаа тэмцэх ёстой. Бодит үнэнээ хэлэх ёстой.
Эрхэм залуучууд аа, Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар шатахууны үнийг барих асуудлыг ярьж байна. Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Авлигад идэгдсэн албан тушаалтан ял завшдаггүй байх, ялын бодлогыг чангатгах талаар ярьсаар ирсэн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулъя. Хамтдаа шахъя. Уг хуулийг Засгийн газраас оруулж ирье. Хамтдаа шахацгаая. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдөр шүүгч, хууль хяналтынхан сонсч байгаа болов уу. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Улсын ерөнхий прокурор тэднийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шаардъя. Тиймээс Улсын ерөнхий прокурорыг санал оруулж ирээсэй гэж хүсч байна. Та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя. Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар нэгэн хүнийг барьсан асуудал байхгүй гэж хэлсэн. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхэд бэлэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Та бүхнээс уучлал гуйя. Өнөөдрийн байдлаар хоригдсон хүн байхгүй байна. Удахгүй та бүхэнд албаны шалгалтыг талаар танилцуулна. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт оруулж ирж байна. Торгодог биш, сануулдаг зохицуулалт орж ирсэн. Мөн Эрүүгийн тухай хуульд өөрчлөх оруулах та бүхний шаардлагыг хүлээн авсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бүсгүйчүүдийн төлөөлөлд баярлалаа. Монголын залуучууд энэ нийгмийг өөрчлөх нь зүйтэй. Санал нэг байна. Цэцэрлэгүүд баригдаж байна. Чадах зүйлээ Засгийн газар хийж байна. Ерөнхий сайдын хувьд та бүхний бухимдлыг ойлгож байна. Гэхдээ энийг нэг өдрийн дотор шийдэх боломж хэцүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.

Сонгуулийн хуультай асуудал яригдлаа. Хар машинд эргэлзэж байгаа бол гараар тоолоход асуудал болохгүй. Дөрвөн жилийн өмнө хар машиныг эсэргүүцэж, цагдаад дуудагдсан асуудал байдаг. Цаашдаа итгэл үнэмшилдээ үнэнч байна.

Залуучууд аа, бидний хамгийн чухал нь ойлголцох. Сая авлигын хэрэгтэй холбоотой, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа. Энэ бүхний төлөө би бүхнээ зориулна. Амь насаа зориулахад бэлэн байна. Харин та бүхэн надад хүч мөхөстөх үе ирвэл надтай хамт байгаарай. 30 жилийн авлига, хүнд суртлын гинжийг таслахад бэлэн байна.

Төв банктай холбоотой асуудал байгаа. Биднээс хамаарахгүй асуудал бий. Тиймээс би хэнийг ч буруутгахгүй. Сая бид УИХ-д өргөн барьсан хуульд мөнгөний бодлогыг зохицуулах эрхийг Засгийн газарт өгөөч ээ гэж байгаа юм. Түр хугацаанд Монголбанкийг дэмжиж ажиллана. Төв банк ганцаараа асуудлыг шийдэж чадахгүй байна. Ардчилсан улс учраас хуулийн хүрээнд ажиллах ёстой.

Залуучууд аа, би та бүхний өмнө бодитой байдлыг хэлэх гэж гарч ирсэн. Та бүхэн миний ярьж буй зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Үнэнийг бодитоор нь хэлэхгүй бол өмнөх 30 жилийн алдааг давтана. Энэ саналуудаа нэгтгэх хэрэгтэй. Яаралтай Засгийн газрыг хуралдуулна. Та бүхний шаардлагад аль болох яаралтай хариу өгнө. Хамгийн олон давтамжтай асуудлаас эхлэн нэгдүгээрт гэж эрэмбэлнэ.

Албан тушаалтантай холбоотой хуулийг ирэх долоо хоногт Засгийн газарт оруулна. УИХ-ын гишүүний цаана гэмт хэрэг нуугдаж байна гэдэг асуудал үүсч байна. Та бүхний шаардлага маш чухал шүү. Та бүхэн итгэх ёстой. Та бүхэн төлөөллөө оруулах хэрэгтэй. Хамтдаа 30 жилийн хугацаанд хийсэн гинжийг таслая. Та бүхэнд нээлттэй байдлаар мэдээлээд явна. Надад зохион байгуулалтын систем хэрэгтэй. Зохион байгуулалтад ороод, нээлттэй ярилцах хэрэгтэй. Та бүхэн СТӨ-д уулзалт зохион байгуулж болно. Талбай дээрээс бүх зүйлийг ярилцах боломжгүй.

Та бүхний шаардлагыг хүлээж авлаа. Одоо ороод дээрх асуудлаар Засгийн газрыг хуралдуулна. Шударга ёсны тэмцлээс та бүхний их шаардсан Хөгжлийн банк болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхийн төлөө, хамтдаа шийднэ. Хамтдаа бүгдээрээ амаргүй цаг үеийг эв нэгдэлтэй даван туулж, олон төслийг үр дүнтэйгээр хөдөлгөх ёстой. Ингээд тайвнаар Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлсэн, Монголын ирээдүй болсон залуучууд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Танхайрах, суудлын бүс зүүгээгүй зэрэгт сануулах арга хэмжээ авах бол барилгын гадна талбайг халтирч гулгах материалаар хийсэн тохиолдолд торгоно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Уг хуулийн өөрчлөлтөөр нэлээд олон зөрчлийн хэрэгт торгуулийн арга хэмжээ авдаг байсныг сануулах арга авдаг болгон өөрчилж байна. Тухайлбал, 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах, Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, Дайчилгааны тухай хууль зөрчих, хориглосон газар тамхи татах, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй нэвтрэх, газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй, 3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан, жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу очоогүй тохиолдолд торгодог байсныг сануулах арга хэмжээ авдаг болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Харин дараах зөрчлүүдэд торгох арга хэмжээ авдаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн онцлох заалтуудыг танилцуулж байна. 

  • Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болн
  • Үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр ус ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж усны хэрэглээг тоолууржуулаагүй, хэрэглээг тоолуураар төлдөггүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Эрүүл мэндийн байгууллагад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүний эрүүл мэндэд, сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй төгрөгөөр торгоно.
  • Хуулиар хориглосон хугацаанд хууль бусаар ан агнахыг зорилгоор буу зэвсэг агсаж, тор, хавх авч явсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Байгаль орчин, ой, ус, амьтан, ургамлыг хамгаалах талаар хуулиар оногдуулсан албаны үүргээ хэрэгжүүлээгүй төрийн албан тушаалтанд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулна.
  • Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаа нөхцөлийг буруу тогтоосон, эмнэлгийн хуудас хуурамчаар бичиж өгөх зэргээр даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал албан тушаалтныг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн бол торгоно.
  • Явган хүн зорчих тэмдэглэгээтэй газраар зорчигчийг өнгөрүүлэлгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Сануулах, торгох, баривчлах, эрх хасах нь үндсэн шийтгэл бөгөөд хөрөнгө хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.
  • Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, 0-3 настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
  • Нийтийн зориулалттай орон сууцанд бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахаар  дуу чимээ гаргаж үдэшлэг, нийллэг, шашны зан үйл үйлдсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, нэр төр, эрүүл мэнд, хувийн нууц, хувийн орон зайд санаатай болон санамсаргүй халдсан эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын  хугацаагаар хасна.
  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
  • Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан, арлын дугаараа өөрчилсөн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ

Манай улс коронавирусийн вакцинд иргэдээ хамруулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй байхыг уриалж байсан. Вакцин хийлгэсэн бол 2 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг ч анхааруулж байсан. Харин үүний дараа жирэмсэн эмэгтэйчүүдийг  сайн дурын вакцинд хамруулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд вакцины сөрөг нөлөөлөл, ургийн гажиг үүсгэдэг үү гэх асуулт  үүсэж , жирэмсэн эмэгтэйчүүд айдаст автах, жирэмсэн болохоор төлөвлөж байсан эмэгтэйчүүд хойшлуулах, зарим эмэгтэйчүүд үр хөндүүлэх зэргээр олон асуудал вакциныг тойрсон. Тэгвэл Олон улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан 300 мянган жирэмсэн эхийг хамруулсан судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар вакцинаас шалгаалан эх болон урагт хүндрэл, зулбалт, дутуу төрөлтийн гаж нөлөө илэрсэн үр дүн гараагүй  байна.

Вакцин бүхэн өвчин үүсгэгчтэй тодорхой хэмжээгээр холбогддог байна. Өөрөөр хэлвбэл шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцинд  тухайн өвчин үүсгэгчийн тодорхой нэг мэдээллийн маш жижиг хэсгийг авч өөрчилдаг. Үүнийг өвчин үүсгэх чадваргүй, шинж тэмдэггүй болгоод хүний биед тарьдаг. Тиймээс энэ нь өвчин үүсгэх ямар ч боломжгүй гэж тайлбарлалаа

Монгол улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг тариулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2сая 272.551 , 2-р тунд 2.174.793 хүн, дархлаа сэргээх 1 тун д 1сая 33мянга, дархлаа сэргээх 2тун вакцинд 115.765 хүн хамрагдаад байна. Вакцин тариулсанаар өвчний хүндрэл, нас барах эрсдлийг бууруулах эерэг үр дүнд хүрсэн гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.

АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслийг боловсруулж , УИХ-д өргөн барьж хэлэлцэхээр болсон. Энэ нь өмнө ч авч байсан арга хэмжээ юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болж  Шинэчлэлийн гэх тодотголтой  Н.Алтанхуягийн засгийн газар бүрдэж байсан. Улмаар 2012 оны 10-р сард “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Монголбанк гардан гүйцэтгэж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч болон импортлогч компаниудад төрөөс татаас өгөх замаар үнэ буурсан.Тиймээс их зардал гаргаж үнийг буруулсан байдаг. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга замуудаас дурьдвал бага хүүтэй зээл олгосон, нийтдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  7,3 их наяд төгрөгийг хэвлэсэн нь төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гээд олон асуудал бий. Үндсэндээ үе үеийн засгийн газруудын хамгийн алдаатай шийдвэрийн тоонд багтсан үйл явдал юм.  Энэ үйл ажиллагааг тухайн үед МАН хамгийн ихээр эсэргүйцэж байсан ч өнөөдөр “Үнэ тогтворжуулах” хууль батлах хувилбарыг сонгоод байна.

Зах зээлийн эдийн засагтай манайх шиг улсад үнийг  тогтоох хууль  батласнаас  “Үнэ шууд буурна” гэж иргэд ойлгож болохгүй. Үнийг тогтворжуулахын тулд бараа бүтээгдэхүүний тааз үнэ буюу дээд үнийг тогтоох. Ингэхдээ тухайн үйлдвэрлэгч болон  импортлогч зардлаа ямар түвшинд байлгаснаар ашиг орлогоо хэвийн олж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийг тооцох, мөн иргэдийн цалингийн доод хэмжээ ямар байснаар хэрэглээгээ хангаж чадахыг тооцох зэрэг олон тооцоолол хийсний дараа “Хууль батлана” гэж мэдэгдэх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм.

Ардчилсан намын Засгийн газрын хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг шүүмжлэгч байр суурьтай байсан МАН дахин хэрэгжүүлж, хуульчлахаар болоод байна. Өмнөх  хөтөлбөрийн хэрэгжилт төсөөлж байсан үр дүнд хүрээгүй . Тиймээс энэ удаагийн хууль ч мөн хэт өөдрөгөөр төсөөлж, АН-ын алдааг МАН давтах вий гэсэн айдас их байна. 

зурхай

ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, АМ МАЛ АРИВЖИНА

Өнөөдөр аргын тооллын 4-р сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын адаг хөх суу сарын 5. Буд гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, шаргачин үхэр өдөр.

Тухайн өдөр тахиа жилтний аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтний сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрлэх, гэрээ хэлцэн байгуулах, найх хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зйүл амах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ 4-Р САРЫН ХУВААРЬ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарийг хүргэж байна. 

Хуваарийн дагуу эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.

зурхай

ЗУРХАЙ: ШАР ХУЛГАНА ӨДӨР, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ 3 ЦАГ 27 МИНУТАД ЭХЭЛНЭ

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6:23 цагт мандан, 19:27 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Ханш нээх улирал 3 цаг 27 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

14-19 НАСНЫХАН ХУУРАМЧ ЭМЧИЙН БИЧИГ ХИЙЖ МАНСУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭМ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

“Өсвөр насныхан эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс гар, хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал эмийн санд зарагдах өвчин намдаах үйлчилгээтэй эмийг худалдан авч, хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэх болсон байна.

Жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаа тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэх  болсон байна. Тодруулбал 14-19 насны хүүхдүүд эмийн сан бүрд зарагддаг тайвшруулах болон өвчин намдаах зориулалттай нэр бүхий эмийг худалдан авч, 5-с дээш олон ширхгээр хэрэглэж мансуурах болжээ. Энэ нь цаашлаад амь насаа алдах, сэтгэцийн өвчтэй болох, биеэ хянах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон эрсдэлийн эхлэл болдог байна.

Тухайн нэр бүхий өвчин намдаах, тайвшруулах зориулалттай эм  найрлагадаа тодорхой хэмжээний мансуурлах бодис агуулсан байдаг байна. Тиймээс их хэмжээгээр хэрэглэвэл биеэ хянах чадваргүй болох, сэтгэцэд өөрчлөлт ордог байна. Эмийн санчдын хэлж байгаагаар 10 жилийн хүүхдүүд тухайн эмийг их хайж орж ирдэг, ээж аав явуулсан гэж худлаа хэлдэг, зарим тохиолдолд хуурамч эмчийн бичиг авчирч авах гэж оролддог гэдгийг хэллээ. Дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэ төрлийн эмийг долоо хоногт багадаа хоёроос гурван хүүхэд асууж орж ирдэг тухай хэлж байлаа. 

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ

УИХ-ын дарга Занданшатар  “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш, төсөв мөнгө хязгааргүй. Тиймээс нийт ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдалыг  үүсгээд байна. Учир нь  өрх бүр цар тахлын хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсаар өдийг хүрэв. Улаанбаатар хотын гэр хорооллын дэлгүүрүүд  мах  грамллаж,  хүнсний ногоогоо ширхэглэж, талхаа таллаж худалдан авч байгаа энэ үед дахин хэмнэх ярих нь тохиромжгүй гэж иргэд үзэж байна.

Өмнөх болон одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  алдаатай  бодлогын үр дүнгийн нөлөөгөөр өнөөдөр  иргэд ядуу, буурай амьдарч байна гэж эдийн засагчид харж байна. Учир нь 2020 болон 2021 оны УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаар шатахуун , тог цахилгаан, усны үнийг хүчээр барьж байсан нь инфляцийн хөөрөгдөл, үнийн өсөлтийг тулгаж, төгрөгийн ханшийг унагасан. Гэтэл төр өөрсдийн буруутай бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа горыг ард түмэнд үүрүүлж, дахин хэмнэлтийн горимд шилжихийг үүрэгдэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс иргэд аль хэдийн хэмнэлтийн горимд шилжчихсэн, харин одоо төр өөрөө хэмнэлтэл шилжих ёстойг санууллаа.