Наадмын нээлт, хаалтын найруулагчаар Н.Наранбаатар тунаж үлджээ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлдэг. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн байна. 

Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй аж. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх баасан гарагт хуралдаж, баяр наадмын найруулагчийг эцсийн байдлаар сонгох аж. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертын найруулагчаар ажиллаж байв. 

Цар тахлын улмаас манай улс 2020 оны баяр наадмыг “XIII зуун” цогцолборт цомхон тэмдэглэсэн. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглосон тул баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын зураг авалтыг Хүй долоон худагт хийж, наадмын өдрүүдэд телеконцерт нэвтрүүлсэн билээ.  

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:
  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол,
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг аваарай.

Эргэн сануулахад 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлээр эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тодруулбал:

2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайланг ирүүлнэ

2019 оны А/295 тоот тушаалаар бүргүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч

2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгасгаас 86,9% нь

2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94,5% нь

2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92% нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна. Энэ нь үндсэндээ Монгол улсад шинээр орж ирж байгаа эм аюултай , аюулгүй эсэхийг монгол улс магадлахгүй хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн үг юм.

 Шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Эдгээр 44 аж ахуй нэгжээс ердөө 7 аж ахуй нэгж л стандартыг хангаж байна. Бусад нь стандартын шаардлага хангаагүй хэдий ч эмийг үйлдвэрлэсээр байна. Импортын эмийн чанар аюулгүй байдалд анхаардаггүй дээр нь дотоодын  эмийн үйлдвэр нь шаардлага хангаагүй хэдий ч Монгол улсын эмийн үнэ олон улстай харьцуулахад 3-8 дахин өндөр үнэтэй байна

2016 онд ДЭМБ-аас эмийн салбарыг хариуцсан агентлагтай болохыг зөвлөсөн. Үүний хүрээнд “Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэсэн шинэ бүтцийг байгуулсан. Гэвч энэхүү бүтэцдээ эмийн лабораторыг байгуулах шаардлагатай байсан. Дотоодын эмийн  лаборатор нь техник технологигүй, урвалж бодисгүй гээд дутагдал ихтэй учраас Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эмийн аюулгүй байдлыг магадлаж чадахгүй байна.

Монгол улсад бас нэгэн дутагдалтай байгаа зүйл нь сумдын эмийн сангийн асуудал. Одоогийн байдлаар ихэнх сум 1 эмийн сантай. Эмийн сангууд нь хувийн, улсын, нөхөрлөлийн гээд өмчлөлийн хувьд олон янз. Энэ нь шаардлагатай эм бэлдмэл гарсан үед яаж нийлүүлэх нь ойлгомжгүй, эмийн эргэлтийн удаашруулж байна. Тиймээс цаашид эмийн талаар төрөөс авах бодлого арга хэмжээг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

“Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

“ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн”

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн.

Дээрх өвчлөлд харьцангуй залуусын дунд буюу 18-30 хүртэлх насны залууст зүрхний хэм алдалт, бөөр шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх болон ходоодны хавдрын урьдал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байгаа юм.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай аваад явах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

116 хүнээс 26 хүнд нь урьд нь шинж тэмдэг илрээгүй буюу өөрөө мэдээгүй өвчнийг оношилсон гэдэг бага биш тоон үзүүлэлт.

Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдахыг хүсье. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу хүн гэж тоохгүй явалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэв.

“Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа”

Түүнчлэн “ХӨСҮТ нь БЗД-ийн 10, 11 дүгээр хорооны 30 мянган иргэд эрт илрүүлэг шинжилгээ хийх гэрээтэй ажиллаж байна.

Манай эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 60 хүнд эрт илрүүлэг оношилгоо хийх хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм.

Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа тул тус боломжийг ашиглаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой” хэмээн асуултад хариуллаа.

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=494417529102224&t=0

зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.05.09-2022.05.15/

ХОНЬ

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна.

ҮХЭР

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болох хандлагатай байна. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж, дарамт ихсэх болно. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл тайван болж, ажил амьдрал урагштай байна.

ИХЭР

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та гомдохгүй. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд саад болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай.

МЭЛХИЙ

Өнгөрсөн долоо хоногт тулгарсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.

АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй.

ОХИН

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүл. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсож магадгүй.

ЖИНЛҮҮР

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна.

ХИЛЭНЦЭТ

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм.

НУМ

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай.

МАТАР

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олох юм. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой.

ХУМХ

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадах юм. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно.

Х.Нямбаатар: Тролл хаягуудыг устгах асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байсан юм. 

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сануулах шийтгэлийг зарчмын хувьд би дэмжиж байна. Харин ял наймаалцах гэдэг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн, одоо зөрчлийн хуульд оруулж ирэх гэж байгаа юм шиг байна. Наймаалцах асуудлыг зөрчлийн хууль дээр ямар нэг байдлаар оруулж ирээд байна. Энэ ямар учиртай юм бэ, Х.Нямбаатар аа. Эрүүгийн хууль дээрээ хасна гэчихээд Зөрчил дээр оруулаад ирж. Энд тайлбар авъя. Зөрчлийн тухай хуулиар зөвхөн хувь хүний гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Байгууллага, улс төрийн намуудын зөрчилд гаргавал ямар хариуцлага тооцох нь тодорхой биш байна. Дээр нь цахим орчинд хүнийг гүтгэх, хүчирхийлэлд уриалсан хуурамч контентын асуудлыг тодорхой болгож оруулж ирмээр байна. Өнөөдөр цахим орчинд гэрэл гэгээтэй зүйл алга, хар муухай үйл явдлууд өрнөж байна. Энд ямар хяналт тавьж, арга хэмжээ авах вэ?

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нэгд, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд ял наймаалцах гэдэг асуудал огт байхгүй. Харин энэ хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая орчим зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд явуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн том дэвшил гаргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11 мянган орчим субъект зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн дагуур авахын тулд харьяалах дүүргийн прокурорын байгууллага дээр очдог. Зөрчлийг 30 хоногт нь шалган шийдвэрлэх процессоо эргээд прокурорт мэдүүлдэг энэ процессыг бүхэлд цахимжуулна гэдгээ хэлье. Зөрчил гаргагч зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэх процесс бүх процессын хуульд байдаг. Зөрчил гэдэгт гудамж талбайд нус цэрээ хаях, улаан гэрлээр гарах, хэвийн амьдралын норм журмыг зөрчсөн зөрчлөө тухайн хүн хүлээн зөвшөөрч, торгуулиа төлье гэж байгаа нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэж явах нь илүү ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

Хоёрт, УИХ-ын нэр бүхий гишүүд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Би хууль санаачлагчийн хувьд нэгтгэж хэлэлцэх саналтай байгаа. Өнөөдөр энэ хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүд зөвшөөрвөл Дэгийн тухай хуулиар нэгтгэгдэж хэлэлцэх боломжтой. 

Гуравт, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй. Түүнийг нь нөгөө байгууллага бүртгэж авах үүрэгтэй. Харин жагсахынхаа өмнө аль нэг Засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно. 

Дөрөвт, 2015 оны Эрүүгийн болон Зөрчлийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг үг оруулчихсан юм. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах хоёрын хооронд нэлээд зай байгаа.Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд үүнийг нэгтгэж тодорхойлно. Хоёрт, үүрэн холбооны компаниуд гар утасны дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилж өгнө Одоо журам л хэрэгжиж байгаа болохоор хэрэгжихгүй байна. Одоо 5, 10 мянган төгрөгөөр нэг дугаар аваад датаг нь ашиглаж цахим орчинд нэр хаяг нь мэдэхгүйгээр хуурамч мэдээ үүсгэдэг компани маягийн зүйл ажиллаад байгаа. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Мөн бид Европын холбоонд нэвтэрсэн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийн төслийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд нэлээд асуудал цэгцэрнэ. Герман улс гэхэд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараавал маш өндөр торгууль тавьж, нийгмийн сүлжээний компаниудыг үүрэгжүүлдэг. Тухайн улсын иргэний эрх ашгийг хохироосон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан тохиолдол тухайн нийгмийн сүлжээ нь өргөдөл гомдлыг тухай бүрт нь барагдуулах үүрэг хүлээдэг. Үүргээ биелээгүй тохиолдол олон сая еврогийн торгууль ногдуулдаг. Дээр нь тухайн улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллах үүргийг хүлээлгэдэг. Бид яг энэ загварын дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш фэйсбүүкийн нэр хаягийг бүгдийг нь албан ёсны болгох боломжгүй. 

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм. Тодруулбал

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллах аж.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна.

“Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой”

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан зөвлөлдөх уулзалт боллоо.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, НҮБ Хүн амын Сан, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Олон улсын эх баригчдын өдрийг энэ жил манай улс “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ, эх нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж байгаа эх баригч нартаа эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн 100 жил эх барихын тусламж, үйлчилгээнд түүхэн ололт амжилтуудыг бүрдүүлсэн он жилүүд болсныг дурдлаа.

Мөн цар тахлын халдвар эх, нярайн өвчлөл эндэгдлийн шинэ шалтгаан болсон хүнд үед ч эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулахад тэдний эрүүл мэндийг хамгаалах хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх баригч нартаа талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав.

Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг онцоллоо.

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм.

Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна. 

Саид Моллай Иран улсад төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос хойш Монголын шигшээ багт харьяалагдаж байгаа юм.

Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу “Манайд олон авьяаслаг залуус байгаа ч Олимпын аварга Элнур Мамедлигийн дараа хэн ч медаль авч чадаагүй. Саиед Моллай дэлхийн хэмжээний тамирчдын нэг бөгөөд 81 кг-ын жинд амжилт үзүүлэхэд тусалж, энэ жинд өрсөлдөх залуусын хөгжил дэвшилд тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Саиед Моллай Акербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон талаараа “Монгол Улстай байгуулсан гэрээ дууссаны дараа би Азербайжаны холбоонд хүсэлт гаргасан ба тэд эх орныхоо төлөө тоглох болсонд баяртай байна гэсэн. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны олимпод үр дүнд хүрэхийн тулд би чадах бүхнээ хийх болно” хэмээн ярьжээ.