​Хот хоорондын автобусаар зорчих тасалбарын үнэ нэмэгджээ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 1-ээс нэмэгдүүлж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан аж. Тэгвэл өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно гэх тайлбарыг АТҮТ-өөс гаргасан байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ ингэж нэмэгджээ.

Олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд ‘Хүүхдийн фонд’-оос шагналаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “Хүүхдийн төлөө сан”-аас мөнгөн шагнал, батламж гардууллаа.

Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан, 200 гаруй орны хүүхдүүд оролцсон “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Ливан улсын Бэйрут хотод болсон Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази номхон далайн орнуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зэрэгт Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцон шагналт байр эзэлсэн 30 хүүхдэд мөнгөн шагнал, батламж гардуулсан юм.

Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ дахь эмэгтэй гишүүд нийлж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль анх 1973 онд батлагдаж байсан бөгөөд 1999 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт ороогүй. Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийн гол өөрчлөлт нь хүүхэд хамгааллын асуудал. Жилд 3391 гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Иймээс гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байгаа. Иймээс тус хуулийн төсөлд гэр бүл салалтын дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тусгаж өгсөн. Тодруулбал тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулсан.

Тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Ингэхээр өнөөдөр 11 нас хүрээгүй хүүхдийн тэтгэмж сард 115,000 төгрөг. Энэ бол маш бага, хангалтгүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулах, ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэдэг байдлаар тогтооё гэсэн заалтыг оруулж өгсөн.

Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх зохицуулалтыг оруулсан.

Өнөөдөр тэтгэмж төлөлт маш бага байна. Нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тийм учраас тогтоосон тэтгэмжийг данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн” гэлээ.

Сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ

Африк тивийн гадна төдийлөн илэрч байгаагүй сармагчны цэцэг өвчний халдварын 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээллээ.

Уг өвчин яагаад ийм өргөн хүрээнд тархах болсныг гүйцэд ойлгоогүй байгаа ч өвчний вирус мутацлагдсан гэх нотолгоо одоогоор олдоогүйг бас мэдээлсэн байна.

Сармагчны цэцэг өвчний голомт Африк тивийн баруун болон төв хэсэгт илэрдэг ба зэрлэг амьтадтай хэт ойр харилцсан тохиолдолд л хүнд халдварладаг юм. Мөн халдвар тархалт нь Африк тивээс хэтэрч байсан тохиолдол бараг байдаггүй.

Баасан гарагийн байдлаар Испани улсад халдварын нийт 98 тохиолдол, Их Британид 106 тохиолдол, Португал улсад 74 тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр бас Аргентин улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь Латин Америкийн бүс нутгийн анхны тохиолдол болжээ.

Уг тохиолдол нь саяхан Испани улсад аялаад Буэнос-Айрес хотод буцаж ирсэн эрэгтэй юм байна.

Британи, Испани, Португал, Канад, АНУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрснийг мэргэжилтнүүд баталж байгаа.

Одоогоор Британи, Герман, Канад, АНУ-ын эрдэмтэд сармагчны цэцэг өвчний эсрэг салхин цэцгийн вакцин хэрэглэх боломжийг судалж байна. Гэхдээ ДЭМБ-ын мэргэжилтэн Розамунд Люис сармагчны цэцэг нь арьс-арьс хүрэлцэх замаар халдварладаг тул амархан тархах боломжгүй, тиймээс вакцинжуулалт одоогоор шаардлагагүй гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР БОРОО ОРНО

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

– Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ –

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Энэ сарын

  • 1-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Зургаадугаар сарын 1, 14-ний өдрүүдэд бүх нийтээр амарна

Лхагва гараг буюу зургаадугаар сарын 1-нд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог учир энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээр амарна. 

Мөн зургаадугаар сарын 14-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа юм. Тиймээс мөн энэ өдөр мөн бүх нийтээр амарна.

Ирэх зургаадугаар сард хоёр удаа бүх нийтийн амралтын өдөр тохиож байна.

Шүүхээс Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хориглолоо

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлжээ. Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдсөн байна. 

Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртсэн байна. 

Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм.

Энэ амжилт Э.Сомпилжээгийн ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан юм. 

 

ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

 “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна. Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөжээ.

1. Чиглүүл, тусал

Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлаас хол байлган, цагаа зөв зарцуулахад нь туслаарай.

2. Цагаа удирдахад нь тусал

Математикаа анхаарах, уран зохиолдоо санаа зовох, англи хэлээ давтах, монгол хэлээ судлах, шалгалтад бэлдэх, ирээдүйгээ төлөвлөх гэх мэт ачаалал огцом нэмэгдэнэ. Та тэдэнд туслахын тулд долоо хоног, өдөр, цагаар нь хуваарь гаргаж, үр дүнтэй хичээл давтахад нь чиглүүлээрэй.

3. Дэмж, урамшуул

Хүүхдийнхээ чадаж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж, сайхан үгээр урамшуулан магтаарай. “Чиний ирээдүй энэ шалгалтаас хамаарна”, “Хэрвээ чи мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байгаа бол шалгалтаа сайн өгөх ёстой” гэх мэт хөндий, албархаг үгээс зайлсхийж “хамгийн сайнаараа л ажилла”, “Энэ бол зүгээр л шалгалт, миний хүүгийн/охины ирээдүй хичээл зүтгэлээс л шалтгаална” гэх мэт үгсийг ашиглаарай.

4. Хариуцлага бүү үүрүүл 

“Шалгалтад хангалттай оноо авбал” гэх зэргээр ямар нэг зүйл амлах нь тэдэнд том дарамт гэдгийг санаарай. Хангалттай оноо авахгүй байсан ч бид үргэлж дэргэд чинь байна гэдгийг мэдрүүлж, илүү анхаарал хандуулаарай. Мөн өөртөө итгэлтэй, тайван, нухацтай байхыг зөвлөж, хэт их ачаалал, хариуцлага үүрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

5. Орчин, нөхцөлийг бүрдүүлж өг

Хэдий та чухал ажилтай байсан ч аль болох хойш тавьж хүүхдийнхээ шалгалтад бэлтгэх орчин нөхцөлийг нь гэртээ бүрдүүлж, шаардлагатай сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх хүмүүстэй холбож, хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөөрэй. 

зураг

6. Баг болж ажилла

Гэр бүлээрээ нэг баг болж хичээл зүтгэлийг нь илүү хурцал. Гэр бүлийн ярилцлага, амт чанартай хоол, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийх нь таны хүүхдэд илүү хүсэл тэмүүлэл өгөх болно. 

7. Анхаарал сарниулах зүйлсээс нь хол байлгаарай

Шалгалтад бэлдэх энэ хариуцлагатай үеэр нь элдэв  дуу хөгжим, дэмий яриа, нэвтрүүлэг, кино, гэх мэт анхаарал сарниулах зүйлээс хүүхдээ хол байлгаарай. 

“Таны хийх ёстой зүйл бол юу таны хүүхдийн хичээлд саад болж байгааг олж тогтоогоод, аль болох түүнээс хол байлгах явдал юм”.

 8. Шалгалтын стратегийн талаар ярилц

Хариултыг хэрхэн бичих, аль асуултыг эхлээд бөглөх, янз бүрийн хэсгүүдийн хооронд цагийг хэрхэн хуваарилах зэргийг хүүхэдтэйгээ ярилцаж, санал бодлоо солилцоорой. 10 хүүхэд тутмын 6 нь стратегиа анхаардаггүй учраас оноогоо алддаг. Тиймээс та хүүхэдтэйгээ суугаад энэ тухай ярилц. Та оюутан байхдаа тест бөглөдөг байсан аргаа ч зааж өгч болно шүү дээ. 

9. Хүүхдээ ажиглаарай

Маш сайн бэлдсэн хүүхэд ч шалгалтын үеэр сандарч, хямардаг. Ямар нэг хэмжээгээр сандарч, санаа зовох нь хэвийн зүйл боловч, хэрвээ хүүхэд “Би энийг хийж чадахгүй нь”, “Би ч бүтэлгүйдэх нь ээ” гэх мэт сөрөг үгсийг хэрэглэж байвал илүү анхаарал хандуулж, ажиглаарай. Санаа зовсноос үүдсэн сэтгэл гутралд орж болзошгүй.  Хоолны дуршил буурах, байнга унтах, цочромтгой, уур уцаартай болох, тэвчээр нь алдагдах гэх мэт тохиолдлууд хүүхэд хэт их стресст орж байгааг илтгэх шинж тэмдгүүд юм. Иймээс анхаараарай! 

10. Эцэст нь

Хүүхэд бүр өөр. Таны хүүхдийг танаас өөр хэн ч мэдэхгүй. Түүний хичээлд туслах нь сайн боловч та бүх зүйлд оролцоод байх шаардлагагүй. 

Хэрвээ таныг хэтэрхий их оролцож байна гэсэн хандлагатай, төвөгшөөсөн байдал үзүүлбэл, илэн далангүй ярилцаж, түүнийг ойлгохыг хичээгээрэй.

М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр/2022.05.29/ боллоо. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Үүнээс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл найман даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон юм. Харин Архангай аймгийн Тариат сумын харьяат, сумын заан Ө.Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ, цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ. Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг тус тус нэмэв.

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 04-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, зургадугаар сарын 05-нд “Дашваанжил газ” ХХК-ны нэрэмжит “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.