Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал,

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо.

  • Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.
  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.

Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн.

  • Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.
  • Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар:

  • Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой.
  • Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана.

Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо маргааш хуралдана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байхаар тусгасан.

Энэ дагуу Цалин хөлс тогтоох аргачлалыг боловсруулж, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо(ХНТГТҮХ) баталсан юм. Гэвч энэ нь бодит байдал уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байх, тооцсон тохиолдолд үндсэн цалинг бууруулах зэрэг зөрчлийг бий болгож, салбар даяар үл ойлголцол үүсгэсэн гэдгийг өчигдөр Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлж, ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан билээ.

Хариуд нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа ХНТГТҮХ-г маргааш буюу Лхагва гарагт хуралдуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү” гэжээ.

Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, долоон аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

МАН-ын бүлэг хүүхдийн гэмтэл, хүчирхийлэлд анхаарана гэж мэдэгдлээ

Нэгд, Засгийн газраас өргөн барьсан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус хуулийн төслөөр төрийн төлөвлөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал түр зогсоохоор тусгасан юм. Бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг яаралтай өргөн барьж, тус хоёр хуулийн төслийг хамт хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ.

Хоёрт, бүлгийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай лобби бүлгийн хийсэн хамгийн гол ажил бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт оруулсан. Энэ нь тус хуулийн 43.3-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын бүх байгууллага ажиллаж байна. Цар тахлын өмнө жилдээ 25 мянган хүүхэд гэмтэж бэртэж, хүчирхийлүүлдэг байсан. Энэ тоо цар тахлын хөл хорионы үед 35 мянга болж өссөн байна. Тиймээс нийгэмд тулгамдаж байгаа асуудалд дүгнэлт хийх цаг болсон” гэсэн юм.

ТЕГ-ААС МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны 12 дугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлст нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна.

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4,5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Т.ДОРЖХАНД:ЦААШИД УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт УИХ хаалттай хуралдаж, Хөгжлийн банктай холбоотой гишүүдээ хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг эхлүүлэх бөгөөд үүнд залуучуудыг мөн уриаллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ.

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа ба тэд тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарчээ.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажил эхлэж байна. Ингэснээр аливаа үйлчилгээ авахад хурууны хээ уншуулах бус цахим гарын үсгээ ашиглан авдаг болно гэсэн үг юм. Мөн цаашдаа биечлэн очиж гарын үсэг зурахгүйгээр тоон  гарын үсгээ солилцож цахимаар гэрээ байгуулах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5,8 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. ҮҮний хүрээнд Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэнэ гэж тусгасан. Өнөөдрөөс эхлэн нийслэл болон аймгуудад  3 төрлөөр тоон гарын үсгийг олгож эхэллээ.

  1. Иргэн улсын бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, есөн дүүрэг, үйлчилгээний төвөөр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгонр
  2. Киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож байна
  3. Гар утасны аппликейшнаар тоон гарын үсэг авах боломжтой юм байна. Цаашдаа хороодуудаар дамжуулан олгоно гэж мэдэгдлээ.

Тоон гарын үсгийн шилжилт 5,8 тэрбум төгрөгийн төсөвтэй.Тоон гарын үсэг нь  256 тэмдэгтэй алгиритм өгөгдлөөс бүрддэг. Үүнийг тайлж унших программын аюулгүйболон үйл ажиллгааны урсгал зардалд дээрх 5,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Иргэдийн дунд E-mongolia, регистерийн дугаар, баталгаат гарын үсэг, цахим үнэмлэх гээд тухайн хүний хувийн мэдээллийг агуулж байгаа олон зүйл байхад тоон гарын үсэг нь үр ашиггүй зардал гэж үзэж байгаа хэсэг бий. Гэвч албаны эх сурвалжаас “Хувь хүний мэдээллийг баталгаажуулсан хамгийн боломжит”арга гэдгийг хэлж байгаа юм. 

2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Тоон гарын үсгин 16-аас дээш бух насны хүн авна. Цаашдаа 5 5 жилийн зайтай  хугацааг нь сунгуулах юм байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд ч консулын газраар дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой. Ингэснээр үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголд байгаа хүнтэй гэрээ байгуулах, ямар нэгэн төрийн үйлчилгээ авахад саадгүй болох юм байна. 2023  оноос цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэх юм байна.

Тоон гарын үсэг аваагүй тохиолдолд одоогийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй. Гэвч цаашдаа банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын газрууд, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тоон гарын үсэг шаардлагатай болно гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрөөс цахим шилжилтийн багц хууль хэрэгжиж эхэлснээр тоон гарын үсэгнээс гадна Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдсэн.  

Бүх иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ

“Урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-ээс эхэлсэн. Нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ингэхдээ аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна .

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Бид урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм. Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ өнөөдөр албан ёсоор эхэлснийг мэдэгдье” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцлов.

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцлов. 

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр түвшний харилцан айлчлал чухал болохыг тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын цаг үед Япон Улсад ажлын айлчлал хийж, “Токио-2021” Олимпын наадмын нээлтэд оролцож, эв санааны нэгдлээ илэрхийлсэнд онцгойлон талархал илэрхийллээ. 

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.