“Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тавдугаар сарын 9-нд эхэлсэн.

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Team IHC” эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн “Astralis” багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын “Complexity Gaming” багт 16-13 харьцаагаар хожигдоод байв.

Тэгвэл тэд өчигдөр тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтод Австралийн “Renegades” багийг 16-10, 16-12 харьцаагаар хожиж дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа.

Монголын төлөөлөл баг Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэх эрхийн төлөө өмнө “Renegades”-ийг мөн 2-0 харьцаагаар хожиж байв.

Ийнхүү 1 хожил, 2 хожигдолтой болсон залуус тэмцээндээ үлдэхийн тулд мөн 1 хожил, 2 хожигдолтой байгаа Бразилын “Imperial Esports”-той тоглоно.

Хожсон баг нь тавдугаар тойрогт тоглох эрхтэй болж хожигдсон нь тэмцээнээ дуусгах тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ. Тоглолтыг Unisport сувгаар шууд дамжуулж байна.

“Imperial Esports” баг эхний тоглолтдоо Оросын “Team Spirit” багт 6-16 харьцаагаар хожигдож хоёр дахь тоглолтдоо Нидерландын “Team Liquid” багийг 16-10 харьцаагаар хожсон бол гурав дахь тоглолтдоо Косовогийн “Bad News Eagles” багт 16-12 харьцаагаар хожигдсон.

Одоогоор тэмцээний “Challenger Stage” шатыг Германы “G2 Esports”, Францын “Team Vitality” багууд тус бүр гурван хожилтойгоор тэргүүлж байна.

Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ

Гаалийн Ерөнхий газрын статистикт мэдээлснээр Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 2.79 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон байна. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого 12.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Нийт экспортын 83.4 хувийг уул уурхайн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. 

Гэвч манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2020 оны эхний дөрвөн сард 4.1 сая тонн, 2021 оны эхний дөрвөн сард 7.3 сая тонн нүүрс тус тус экспортолж байв. Тэгвэл манай улс энэ онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч урд хөршид ковидын хилийн хязгаарлалт, тээврийн саатал үргэлжилсэн хэвээр байна. Ковидын хязгаарлалттай 2021 онд Монгол Улс 15.9 сая тонн нүүрс экспортолж байв. 

Харин мөн үед зэсийн баяжмалын экспортын хэмжээ 0.47 сая тонн хүрсэн байна. Ийнхүү ковидын хязгаарлалттай хэдий ч зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад 20.1 хувиар өсжээ. 

Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдрийн экспорт нэг сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оноос 61.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

“Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд хамтран тогложээ

“Пентхаус” цувралын жүжигчдийн гол дүрд тоглож буй найруулагч Жү Дун Мин-ы dark comedy төрлийн богино хэмжээний “It’s Alright” киноны зургууд цацагдлаа.

Энэхүү богино хэмжээний кино нь Ковид-19 үеийн талаар гарах бөгөөд энэ сарын 12нд цацагдах аж.

Тэдний зурагнаас…

Наадмын нээлт, хаалтын найруулагчаар Н.Наранбаатар тунаж үлджээ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлдэг. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн байна. 

Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй аж. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх баасан гарагт хуралдаж, баяр наадмын найруулагчийг эцсийн байдлаар сонгох аж. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертын найруулагчаар ажиллаж байв. 

Цар тахлын улмаас манай улс 2020 оны баяр наадмыг “XIII зуун” цогцолборт цомхон тэмдэглэсэн. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглосон тул баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын зураг авалтыг Хүй долоон худагт хийж, наадмын өдрүүдэд телеконцерт нэвтрүүлсэн билээ.  

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:
  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол,
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг аваарай.

Эргэн сануулахад 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлээр эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тодруулбал:

2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайланг ирүүлнэ

2019 оны А/295 тоот тушаалаар бүргүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч

2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгасгаас 86,9% нь

2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94,5% нь

2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92% нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна. Энэ нь үндсэндээ Монгол улсад шинээр орж ирж байгаа эм аюултай , аюулгүй эсэхийг монгол улс магадлахгүй хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн үг юм.

 Шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Эдгээр 44 аж ахуй нэгжээс ердөө 7 аж ахуй нэгж л стандартыг хангаж байна. Бусад нь стандартын шаардлага хангаагүй хэдий ч эмийг үйлдвэрлэсээр байна. Импортын эмийн чанар аюулгүй байдалд анхаардаггүй дээр нь дотоодын  эмийн үйлдвэр нь шаардлага хангаагүй хэдий ч Монгол улсын эмийн үнэ олон улстай харьцуулахад 3-8 дахин өндөр үнэтэй байна

2016 онд ДЭМБ-аас эмийн салбарыг хариуцсан агентлагтай болохыг зөвлөсөн. Үүний хүрээнд “Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэсэн шинэ бүтцийг байгуулсан. Гэвч энэхүү бүтэцдээ эмийн лабораторыг байгуулах шаардлагатай байсан. Дотоодын эмийн  лаборатор нь техник технологигүй, урвалж бодисгүй гээд дутагдал ихтэй учраас Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эмийн аюулгүй байдлыг магадлаж чадахгүй байна.

Монгол улсад бас нэгэн дутагдалтай байгаа зүйл нь сумдын эмийн сангийн асуудал. Одоогийн байдлаар ихэнх сум 1 эмийн сантай. Эмийн сангууд нь хувийн, улсын, нөхөрлөлийн гээд өмчлөлийн хувьд олон янз. Энэ нь шаардлагатай эм бэлдмэл гарсан үед яаж нийлүүлэх нь ойлгомжгүй, эмийн эргэлтийн удаашруулж байна. Тиймээс цаашид эмийн талаар төрөөс авах бодлого арга хэмжээг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

“Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

“ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн”

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн.

Дээрх өвчлөлд харьцангуй залуусын дунд буюу 18-30 хүртэлх насны залууст зүрхний хэм алдалт, бөөр шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх болон ходоодны хавдрын урьдал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байгаа юм.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай аваад явах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

116 хүнээс 26 хүнд нь урьд нь шинж тэмдэг илрээгүй буюу өөрөө мэдээгүй өвчнийг оношилсон гэдэг бага биш тоон үзүүлэлт.

Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдахыг хүсье. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу хүн гэж тоохгүй явалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэв.

“Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа”

Түүнчлэн “ХӨСҮТ нь БЗД-ийн 10, 11 дүгээр хорооны 30 мянган иргэд эрт илрүүлэг шинжилгээ хийх гэрээтэй ажиллаж байна.

Манай эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 60 хүнд эрт илрүүлэг оношилгоо хийх хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм.

Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа тул тус боломжийг ашиглаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой” хэмээн асуултад хариуллаа.

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=494417529102224&t=0

зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.05.09-2022.05.15/

ХОНЬ

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна.

ҮХЭР

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болох хандлагатай байна. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж, дарамт ихсэх болно. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл тайван болж, ажил амьдрал урагштай байна.

ИХЭР

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та гомдохгүй. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд саад болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай.

МЭЛХИЙ

Өнгөрсөн долоо хоногт тулгарсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.

АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй.

ОХИН

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүл. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсож магадгүй.

ЖИНЛҮҮР

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна.

ХИЛЭНЦЭТ

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм.

НУМ

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай.

МАТАР

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олох юм. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой.

ХУМХ

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадах юм. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно.

Х.Нямбаатар: Тролл хаягуудыг устгах асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байсан юм. 

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сануулах шийтгэлийг зарчмын хувьд би дэмжиж байна. Харин ял наймаалцах гэдэг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн, одоо зөрчлийн хуульд оруулж ирэх гэж байгаа юм шиг байна. Наймаалцах асуудлыг зөрчлийн хууль дээр ямар нэг байдлаар оруулж ирээд байна. Энэ ямар учиртай юм бэ, Х.Нямбаатар аа. Эрүүгийн хууль дээрээ хасна гэчихээд Зөрчил дээр оруулаад ирж. Энд тайлбар авъя. Зөрчлийн тухай хуулиар зөвхөн хувь хүний гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Байгууллага, улс төрийн намуудын зөрчилд гаргавал ямар хариуцлага тооцох нь тодорхой биш байна. Дээр нь цахим орчинд хүнийг гүтгэх, хүчирхийлэлд уриалсан хуурамч контентын асуудлыг тодорхой болгож оруулж ирмээр байна. Өнөөдөр цахим орчинд гэрэл гэгээтэй зүйл алга, хар муухай үйл явдлууд өрнөж байна. Энд ямар хяналт тавьж, арга хэмжээ авах вэ?

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нэгд, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд ял наймаалцах гэдэг асуудал огт байхгүй. Харин энэ хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая орчим зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд явуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн том дэвшил гаргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11 мянган орчим субъект зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн дагуур авахын тулд харьяалах дүүргийн прокурорын байгууллага дээр очдог. Зөрчлийг 30 хоногт нь шалган шийдвэрлэх процессоо эргээд прокурорт мэдүүлдэг энэ процессыг бүхэлд цахимжуулна гэдгээ хэлье. Зөрчил гаргагч зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэх процесс бүх процессын хуульд байдаг. Зөрчил гэдэгт гудамж талбайд нус цэрээ хаях, улаан гэрлээр гарах, хэвийн амьдралын норм журмыг зөрчсөн зөрчлөө тухайн хүн хүлээн зөвшөөрч, торгуулиа төлье гэж байгаа нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэж явах нь илүү ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

Хоёрт, УИХ-ын нэр бүхий гишүүд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Би хууль санаачлагчийн хувьд нэгтгэж хэлэлцэх саналтай байгаа. Өнөөдөр энэ хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүд зөвшөөрвөл Дэгийн тухай хуулиар нэгтгэгдэж хэлэлцэх боломжтой. 

Гуравт, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй. Түүнийг нь нөгөө байгууллага бүртгэж авах үүрэгтэй. Харин жагсахынхаа өмнө аль нэг Засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно. 

Дөрөвт, 2015 оны Эрүүгийн болон Зөрчлийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг үг оруулчихсан юм. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах хоёрын хооронд нэлээд зай байгаа.Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд үүнийг нэгтгэж тодорхойлно. Хоёрт, үүрэн холбооны компаниуд гар утасны дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилж өгнө Одоо журам л хэрэгжиж байгаа болохоор хэрэгжихгүй байна. Одоо 5, 10 мянган төгрөгөөр нэг дугаар аваад датаг нь ашиглаж цахим орчинд нэр хаяг нь мэдэхгүйгээр хуурамч мэдээ үүсгэдэг компани маягийн зүйл ажиллаад байгаа. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Мөн бид Европын холбоонд нэвтэрсэн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийн төслийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд нэлээд асуудал цэгцэрнэ. Герман улс гэхэд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараавал маш өндөр торгууль тавьж, нийгмийн сүлжээний компаниудыг үүрэгжүүлдэг. Тухайн улсын иргэний эрх ашгийг хохироосон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан тохиолдол тухайн нийгмийн сүлжээ нь өргөдөл гомдлыг тухай бүрт нь барагдуулах үүрэг хүлээдэг. Үүргээ биелээгүй тохиолдол олон сая еврогийн торгууль ногдуулдаг. Дээр нь тухайн улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллах үүргийг хүлээлгэдэг. Бид яг энэ загварын дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш фэйсбүүкийн нэр хаягийг бүгдийг нь албан ёсны болгох боломжгүй.