29 сувилагч төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор:

“Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхтэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын анхны сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол, тахлын голомтуудад сувилахуйн тусламжийг түүчээлэн хүргэж, сувилахуйн төрөлжсөн тусламжийг давхардсан тоогоор 1,854,363 иргэнд үзүүлж, олон зуун иргэний амь насыг аварч хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ сувилахуйн тусламжийг сайжруулах, сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхээр чармайн ажиллаж, сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Хагалгааны болон боолтын сувилагч Пүрэвийн Зинад хүртээв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Гомбосүрэнгийн Алинчбиш
  2. Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн сувилагч Гаадангийн Буянтогтох
  3. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга Бямбажавын Эрдэнэчимэг
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч Батхүүгийн Удвал

Алтан гадас одонгоор:

  1. Улсын гуравдугаар төв эмнэлгийн ахмад сувилагч Сааралын Эрдэнэчимэг
  2. Нийслэлийн Налайх дүүргийн “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Сэдэдийн Цэцэгмаа
  3. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Галсандоржийн Наранцэцэг
  4. Говь-Сүмбэр аймгийн “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн өрхийн сувилагч Лодойн Цэнд-Аюуш
  5. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ядамсүрэнгийн Энхбаяр
  6. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Зинагийн Алтантовч
  7. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн боолтны сувилагч Жигжиддоржийн Бямбажав
  8. Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Балжиннямын Болормаа
  9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилагч Ширчинжавын Мэндбаяр
  10. Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Дамчаагийн Намжилмаа
  11. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх баригч Цогийн Оюунчимэг
  12. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Эрдэнэбилэгийн Оюунчимэг
  13. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Чойжилдоржийн Уранчимэг
  14. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Доржийн Хандсүрэн
  15. Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашжамцын Шинэбаяр
  16. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Дэлгэрхүүгийн Эрдэнэчимэг
  17. Дорнод аймгийн “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Чойжинжавын Энхзаяа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Пүрэвдоржийн Энхсанаа
  2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмийн бус эмчилгээний сувилагч Баядаагийн Гантуяа
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний сувилагч Оюундуламын Ялалт
  4. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Маруушийн Нямсүрэн
  5. Хавдар судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Юрагийн Оюунзул
  6. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Цанхирын Оюунбилэг
  7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ноостын Отгонжаргал
  8. Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Оюунчимэгийн Удвал нарыг тус тус шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шийдэхээс татгалзав

Даргалагч шүүгч шүүх хуралдаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тул Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүдүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг шинээр томилох аж.

Тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг “Цахим сүлжээ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шүүгчийн одоо ажиллаж буй болон урьд хашиж байсан албан тушаалтай холбогдуулан нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргасан. Иймд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэсэн. Зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байгаа. Гэхдээ Н.Түвшинбаярын талаас нөлөөлөх оролдлого хийсэн гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.

Цахим сүлжээнд “Х.Баттулгын томилсон шүүгч Н.Түвшинбаярыг шүүж байгаа юу”, “Н.Түвшинбаярт ял оноох шүүгч Д.Доржсүрэн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй” гэх агуулгатай мэдээлэл цацагджээ.

“Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна”

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болж байна. 

Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.

Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Болор-Эрдэнэ “Гурван санал хэлье.

Нэгдүгээрт, ОХУ-д хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Багшийн амнаас танай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэхийг сонсох нь эцэг, эхчүүдэд их хүнд тусаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдахаас нь өмнө эрт илрүүлэгт оруулбал зүйтэй. 

Хоёрдугаарт, нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр тусгай хэрэгцээт хүүхэд орж ирснээр багшийн ачаалал нэмэгдэнэ. Иймд цэцэрлэгүүдэд тусгай бүлэг нээж, багшийг мэргэшүүлж, ажиллуулах нь оновчтой.

Гуравдугаарттусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяг харгалзахгүйгээр ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна. Хаяг нь Баянзүрх дүүрэг хэр нь өөрсдөө Баянгол дүүрэгт амьдарч байгаагаас хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй жишээ байна.

Шилжилт хөдөлгөөн, хамран сургах тойргоос болж хүүхдүүд боловсрох эрхээ эдэлж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэж байгаад санаа зовниж байна” гэсэн юм. 

А.Баасанжав: Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав “Цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэд орж ирлээ гэж бодъё. Тэгвэл багш нь дохионы хэлтэй байх ёстой болно. Тиймээс багш дохионы хэлтэй байх ёстой гэсэн саналыг хэлье.

Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл юм. Энэ хос хэлээр боловсрол олгох нь зохистой хэрэглэгдэхүүн болох юм.

Тухайлбал, 186 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн бүлэг бий. Гэхдээ 2-5 настнуудын нэг бүлэг болгосон байдаг. Үүнийг насаар нь ангилсан бүлэгтэй болгох хэрэгтэй. Сонсголтой болон сонсголгүй хүүхдүүд хамт суралцаж байгаа үед багш нь дохионы хэл мэдэхгүй бол тухай сонсголгүй хүүхдүүд өөрийгөө илэрхийлж мэддэггүй, үргэлж хүнээр туслуулдаг болно. Иймд бие даан өөрөө бүхнийг хийж сурахын тулд тухайн хүүхдэд дохионы хэлээр бүхнийг заах хэрэгтэй” гэлээ. 

Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна

/2022.05.12/: Иргэдийн зүгээс ирүүлсэн мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр эхлүүлжээ.

ШӨХТГ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, мах экспортод гаргах зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичгүүд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийж бодит байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлсэн байна.

Тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдож байна. Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлж ажиллах болно гэжээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2022.05.12/ шүүнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон юм.Өнгөрсөн сарын 29-нд шүүх хурлыг товлосон байсан ч гэрч оруулах саналаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал:

-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрч оролцуулна.

Харин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа “Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Түүний дагуу хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон” гэжээ.

ӨНӨӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛД 10 ХҮРТЭЛХ ГЭРЧ ОРОЛЦОНО

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хуульд зааснаар хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн, бусдын эд зүйлийг устгах гэмтээх гэдэг зүйлчлэл бий. Эрүүгийн хуулийн 11.2 зүйлд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай. Н.Түвшинбаяр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш цагдан хоригдож буй.

Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан 10 хүртэлх гэрчтэй, хаалттай болох юм.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ӨӨРӨӨ БАРЬЧИХААД ТҮҮНИЙГЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛДАГ БАЙДЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ

Иргэний үнэмлэхээ өөрөө барьчихаад түүнийгээ нотариатаар батлуулдаг, цахим үнэмлэх, тоон гарын үсэг нэртэй хэдий ч цаасаар нотолж байж төрийн үйлчилгээ авдаг систем иргэдийг бухимдуулдаг. Тиймээс нотариатын үүрэг чиглэлийг тодорхой болгож, улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулахыг халах шаардлагатай байна.

 Угтаа бол нотариат  иргэдийг ямар нэг залилан мэхлэлт, санхүүгийн алдагдалд орох, шударга бусаас сэргийлэх , цаашлаад төрийн үйлчилгээ авахад баталгаа болдог , хуулиар зөвшөөрсөн эрсдэлээс хамгаалах бүхий тогтолцоо. Гэвч Монгол улсад энэ үйлчилгээ хэт хавтгайрч , иргэдийн цаг хугацаа, хэтэвчнээс “шимэгчилдэг “ хэрэггүй шахам үйлчилгээ болж хувираад байна.Эцсийн дүндээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоодог нэг ч нотариат байхгүй , зөвхөн бичиг баримтын хуулбар цаасан дээр тамга дарж, мөнгө хураадаг  төдий үндсэн үүрэг чиглэлийн дагуу ажилладаггүй нотариатын газруудыг татан буулгах шаардлагатай гэж иргэд үзэж байна.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлсэнээр нийслэлийн хэмжээнд одоогоор 190 нотариарт албан ёсны зөвшөөрөлтэй байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 42, Чингэлтэй дүүрэгт 38, Баянголд 36, Баянзүрх пдүүрэгт 27 , СХД-т 21, Хан-Уул ддүрэгт 18, Налайх , Багануур, Багахангайд нийт 7 нотариат үйл ажиллагаа явуулдаг байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар  зайлшгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулдаг байж болно. Тэгвэл нотаратын газруудыг халах, үйл ажиллагааг нь зогсоох асуудал байж болохгүй, харин үйл ажиллагаа  чиглэлийг илүү тодорхой болгож өгөх ёстой гэж үздэг. Үндсэндээ ямар бичиг баримтыг наториатаар батлах, батлахгүйг ялгаж салгадаг болох шаардлагатай гэсэн үг юм.

Угтаа бол Монгол улс цахим үндэстэн болж байгаагаа зарлаж , е-mongolia гэх томоохон платформыг хөгжүүлж төрийн үйлчилгээ ч цахим руу шилжиж байгаа. Гэтэл энэ мэтээр улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулсан дампуу системийг халах, үүрэг чиглэлийг тодорхой болгох шаардлагатайг санууллаа.

ХӨГЖЛИЙН БАНК 800 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРУУЛНА

Хөгжлийн банк дахь чанаргүй зээлийг он дуусахаас өмнө  төлөхгүй бол татан буугдана гэж өнөөдөр  сангийн сайд мэдээллээ. Тодруулбал хөгжлийн банк 800 тэрбум төгрөг төвлөрүүлэхгүй бол  шууд дампуурах эрсдэл үүсчээ.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн QSC компаниас 60 тэрбум төгрөгийг  ойрын хугацаанд төлнө гэж  мэдэгджээ. Нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн талаар сангийн сайд мэдээллээ. Одоогоор тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах  шаардлагатай. Энэ бол Засгийн газрын баталгаатай өр юм. Хэрэв Хөгжлийн банк өрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болжээ.  Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй 2023 он  хүрч , тайлан муу гарвал  Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь зөвхөн  Самурай бондын  30 хувьд нь хүрэх юм. Тиймээс Хөгжлийн банкийг татан буулгаж, Засгийн газарт дарамт болгохгүйн тулд чанаргүй зээлүүдийг төлүүлэхэд анхаарч байна.

Самурай бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Чингис хаан банканд үүссэн өр төлбөрийг эргэн төлөх ажлыг хууль сахиулах байгууллагатай хамтран явуулж байна. Хувийн хэвшлүүд мөнгөө зориулалтаар нь ашиглаад төсөл нь үргэлжилж байгаа ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас эргэн төлөлт нь саатсан аж ахуй нэгжүүдэд зөөлөн хандаж байна гэж  хөгжлийн банкны захирал мэдээллээ.  Ирэх сарын 30-д хагас жилийн тайлан гаргах ёстой. Энэ хугацаанд  нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • 2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
  • 2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
  • 2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
  • 2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
  • 2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
  • 2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.

Аж ахуйн нэгж, байгууллага:

  • 2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
  • 2.8. Ажил олгогч байгууллага

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх:

  • Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
  • Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн дөрөв болон есдүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.

Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй

Жэки Хант-Броерсма хорт хавдрын улмаас зүүн хөлөө алдсан ч түүндээ шантралгүй гүйлтийн спортоор хичээллэн улмаар Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. Өдгөө 46 настай, хоёр хүүхдийн ээж тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас дэлхийн дээд амжилт тогтоохоор гүйж эхэлсэн бөгөөд өдөрт 5 цагийг зарцуулан 40 гаруй км замыг туулдаг байжээ.

Жэки Өмнөд Африкт төрж өссөн ба Англи, Нидерландад амьдарч байжээ. 2002 онд эмч нар түүнийг Ювингийн саркома хэмээх ховор тохиолддог ясны хорт хавдартай болсныг дуулгасан байна. Энэ мэдээг сонссоноос хойш 14 хоногийн дараа Жэки зүүн хөлөө тайруулсан бөгөөд тухайн үед ердөө 26 настай байсан аж. “Яг л галзуу хулганад суусан юм шиг санагдаж байлаа. Учир нь, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн” хэмээн Жэки тэр үеийг дурсан ярьсан байна.

Эхний хэдэн жил амьдралд нь гарсан томоохон өөрчлөлттэй дасан зохицоход түүнд ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ. Хиймэл хөлтэй гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд Жэки олон нийтийн газраар явахдаа урт өмд өмсдөг байжээ.

2016 онд тэр гүйлтээр хичээллэж эхлэхээр шийдсэн байна. Өмнө нь нөхрөө холын зайн гүйлтэд оролцоход нь дэмжиж байсан ч өөрөө гүйх талаар хэзээ ч бодож байгаагүй гэнэ. Жэки холын зайн гүйгчдэд зориулсан тусгай хиймэл хөл худалдан авч анхныхаа гүйлтэд бүртгүүлжээ. Тэр жил Жэки дараалан хамгийн олон марафонд гүйж, дэлхийн дээд амжилтыг тогтоох шинэ зорилго өөртөө тавьснаар түүний аялал эхэлжээ.

Тэрбээр Бостоны марафон, Аризонагийн Lost Dutchman зэрэг дэлхийн алдартай марафонуудад оролцож байсан аж. Гэвч ийм тэмцээн өдөр бүр болдоггүй учраас заримдаа гэрийнхээ ойролцоох шороон зам, тэр бүү хэл гэртээ гүйлтийн зам дээр гүйдэг байсан гэв. Өнгөрсөн долоо хоногт Жэки 104 дэх марафоноо дуусгаж, Гиннесийн номонд бичигдэх болзлоо хангажээ. Ийнхүү нийт 4400 км замыг туулсан бөгөөд түүний гүйлтийн бичлэгийг баталгаажуулахад ойролцоогоор 3 сар шаардлагатай гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Нэр бүхий 2 бөхөөс допингийн төрлийн эм бэлдмэл илэрсэн талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд болов. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав.
  2. Ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталсан.
  3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав.
  4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.
  5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.
  6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ.
  7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо