Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож буй. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарах юм. Энэхүү өдөрт зориулан Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явуулах аж. Тус парадыг 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд  нутгийн зүүн хагаст, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно.

Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас хойш 20 хувь өсчээ

Дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч ОХУ болон Украины асуудал Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол, мөн БНХАУ цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ бууруулсан зэрэг нь үнийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна.

2022 оны дөрөвдүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель  ханштайгаар худалдаалагдаж байсан бөгөөд энэхүү тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 1110 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдэн, АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамд дунджаар 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх, дизель түлшний жижиглэнгийн үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор АИ-92 автобензинийн гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны наймдугаар сарын 1-ий өдөр хүртэл  “0” хувиар тооцох, Дизель түлшний Онцгой албан татварыг 2022 оны дуустал “0” төгрөгөөр тооцохоор тус тус  шийдвэрлэсэн. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-ийн удирдлагуудтай хийсэн хэлцэлийн дүнд АИ-92 автобензинийн үнэ тонн нь 1110 ам.доллараас 270 ам.доллараар буурч тонн 840 ам долларын үнээр 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэгдэж байна.

Ингэснээр АИ-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 1200 гаран төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлж жижиглэн борлуулалтын үнэ 2390 төгрөг/литр үнээр борлуулагдаж байна. 2022 оны зургадугаар сар гарснаас хойш “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 115.4-120.75 ам.доллар/баррель ханштайгаар арилжаалагдаж дөрөвдүгээр сараас хойш 20%-ийн өсөлттэй байна. Энэхүү дэлхийн зах зээлийн  үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад нийлүүлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүр тонн тутамд 50 орчим ам доллараар нэмэгдсэн бөгөөд тухайлбал Дизель түлшний үнэ 1095 ам.доллар болж 49 ам.доллараар нэмэгдсэн, Аи-92 авбтобензинийг Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу 840 ам.доллараар импортолж байна.

А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно

Таталтын эсрэг эм хоёр жил гаруй тасарсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр жагссан.

Энэ үеэр “өлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг түүгээр хийх ёстой.

Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хэрэв Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт нь зарцуулна гэвэл арав орчим хүүхдэд л зарцуулагдах болчихно. Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэв.

ЦЕГ: Махны асуудлаар таван байршилд нэгжлэг хийсэн

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ МХЕГ-аас “Эм ди си пи” компанийн үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан. Улмаар эрүүгийн хуулийн 20.12,  23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр нэгжлэг хийж шалгалт хийсэн. Гомдлын дагуу таван байршилд хяналт шалгалт, нэгжлэг хийж битүүмжилсэн.

Анх битүүмжилсэн махан дотор  ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцагтай “Эм ди си пи” ХХК-ийн мах байсан. Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн шошго гарсан нь шалгах асуудал болсон.

Өчигдрийн байдлаар Баянгол зочид буудал, “Эм ди си пи” компани байр, Захирлын оффис гэр, ХКҮ компани оффис гэсэн таван байршилд нэгжлэг  хийсэн.

ХКҮ компани байршил нь “Мах Импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгжлэг хийхийн тулд нь “Мах Импекс” ХХК рүү нэвтэрсэн нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн. ХКҮ компанийн шошготой махыг ХКҮ компани өөрөө бэлтгэсэн эсвэл мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлгүй “Эм ди си пи” компани  ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна” гэлээ.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ

Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.

Тахь нутагшуулах чиглэлээр ажилласан мэргэжилтнүүдийн нэг П.Цогтсайхан, Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. Ингэснээр:

  • Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь
  • Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулсан. Энэ хугацаанд Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ
  • Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.Өнөөдрийн байдлаар:
    • Хустайн нуруунд 422 тахь
    • Говийн их дархан цаазат газарт – 386 тахь
    • Хомын талд- 132 тахь, нийт 970 толгой тахь Монгол нутагтаа сэргээн нутагшиж, манай улс дэлхийд  хамгийн олон тахьтай орон боллоо.

    Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн хамгийн хүндрэлтэй цаг үед энэ ажлыг эхлүүлсэн.

Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон билээ.

Иймд оноо дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана.

СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй

Хэт бага наснаасаа ажил хийх, эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг.

Хүүхдийн хөдөлмөрийг дараах нөхцөлөөр тодорхойлдог. Үүнд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд дор дурдсанаас илүү цагаар оролцсон бол

  • 5-11 нас: нэг ба түүнээс олон
  • 12-14 нас: 14 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба түүнээс олон цаг

Гэрийн ажлыг дор дурдсанаас илүү цагаар хийсэн бол

  • 5-14 нас: 28 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба цаг түүнээс олон цаг

Аюултай нөхцөлд ажилладаг бол: Хэт халуун, хэт чийгтэй, хэт өндөр, хэт тоосжилттой, аюултай тоног төхөөрөмж дээр гэх мэт.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9% байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48% нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.