Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй

Жэки Хант-Броерсма хорт хавдрын улмаас зүүн хөлөө алдсан ч түүндээ шантралгүй гүйлтийн спортоор хичээллэн улмаар Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. Өдгөө 46 настай, хоёр хүүхдийн ээж тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас дэлхийн дээд амжилт тогтоохоор гүйж эхэлсэн бөгөөд өдөрт 5 цагийг зарцуулан 40 гаруй км замыг туулдаг байжээ.

Жэки Өмнөд Африкт төрж өссөн ба Англи, Нидерландад амьдарч байжээ. 2002 онд эмч нар түүнийг Ювингийн саркома хэмээх ховор тохиолддог ясны хорт хавдартай болсныг дуулгасан байна. Энэ мэдээг сонссоноос хойш 14 хоногийн дараа Жэки зүүн хөлөө тайруулсан бөгөөд тухайн үед ердөө 26 настай байсан аж. “Яг л галзуу хулганад суусан юм шиг санагдаж байлаа. Учир нь, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн” хэмээн Жэки тэр үеийг дурсан ярьсан байна.

Эхний хэдэн жил амьдралд нь гарсан томоохон өөрчлөлттэй дасан зохицоход түүнд ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ. Хиймэл хөлтэй гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд Жэки олон нийтийн газраар явахдаа урт өмд өмсдөг байжээ.

2016 онд тэр гүйлтээр хичээллэж эхлэхээр шийдсэн байна. Өмнө нь нөхрөө холын зайн гүйлтэд оролцоход нь дэмжиж байсан ч өөрөө гүйх талаар хэзээ ч бодож байгаагүй гэнэ. Жэки холын зайн гүйгчдэд зориулсан тусгай хиймэл хөл худалдан авч анхныхаа гүйлтэд бүртгүүлжээ. Тэр жил Жэки дараалан хамгийн олон марафонд гүйж, дэлхийн дээд амжилтыг тогтоох шинэ зорилго өөртөө тавьснаар түүний аялал эхэлжээ.

Тэрбээр Бостоны марафон, Аризонагийн Lost Dutchman зэрэг дэлхийн алдартай марафонуудад оролцож байсан аж. Гэвч ийм тэмцээн өдөр бүр болдоггүй учраас заримдаа гэрийнхээ ойролцоох шороон зам, тэр бүү хэл гэртээ гүйлтийн зам дээр гүйдэг байсан гэв. Өнгөрсөн долоо хоногт Жэки 104 дэх марафоноо дуусгаж, Гиннесийн номонд бичигдэх болзлоо хангажээ. Ийнхүү нийт 4400 км замыг туулсан бөгөөд түүний гүйлтийн бичлэгийг баталгаажуулахад ойролцоогоор 3 сар шаардлагатай гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Нэр бүхий 2 бөхөөс допингийн төрлийн эм бэлдмэл илэрсэн талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд болов. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав.
  2. Ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталсан.
  3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав.
  4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.
  5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.
  6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ.
  7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

“Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тавдугаар сарын 9-нд эхэлсэн.

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Team IHC” эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн “Astralis” багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын “Complexity Gaming” багт 16-13 харьцаагаар хожигдоод байв.

Тэгвэл тэд өчигдөр тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтод Австралийн “Renegades” багийг 16-10, 16-12 харьцаагаар хожиж дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа.

Монголын төлөөлөл баг Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэх эрхийн төлөө өмнө “Renegades”-ийг мөн 2-0 харьцаагаар хожиж байв.

Ийнхүү 1 хожил, 2 хожигдолтой болсон залуус тэмцээндээ үлдэхийн тулд мөн 1 хожил, 2 хожигдолтой байгаа Бразилын “Imperial Esports”-той тоглоно.

Хожсон баг нь тавдугаар тойрогт тоглох эрхтэй болж хожигдсон нь тэмцээнээ дуусгах тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ. Тоглолтыг Unisport сувгаар шууд дамжуулж байна.

“Imperial Esports” баг эхний тоглолтдоо Оросын “Team Spirit” багт 6-16 харьцаагаар хожигдож хоёр дахь тоглолтдоо Нидерландын “Team Liquid” багийг 16-10 харьцаагаар хожсон бол гурав дахь тоглолтдоо Косовогийн “Bad News Eagles” багт 16-12 харьцаагаар хожигдсон.

Одоогоор тэмцээний “Challenger Stage” шатыг Германы “G2 Esports”, Францын “Team Vitality” багууд тус бүр гурван хожилтойгоор тэргүүлж байна.

Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ

Гаалийн Ерөнхий газрын статистикт мэдээлснээр Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 2.79 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон байна. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого 12.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Нийт экспортын 83.4 хувийг уул уурхайн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. 

Гэвч манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2020 оны эхний дөрвөн сард 4.1 сая тонн, 2021 оны эхний дөрвөн сард 7.3 сая тонн нүүрс тус тус экспортолж байв. Тэгвэл манай улс энэ онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч урд хөршид ковидын хилийн хязгаарлалт, тээврийн саатал үргэлжилсэн хэвээр байна. Ковидын хязгаарлалттай 2021 онд Монгол Улс 15.9 сая тонн нүүрс экспортолж байв. 

Харин мөн үед зэсийн баяжмалын экспортын хэмжээ 0.47 сая тонн хүрсэн байна. Ийнхүү ковидын хязгаарлалттай хэдий ч зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад 20.1 хувиар өсжээ. 

Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдрийн экспорт нэг сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оноос 61.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

“Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд хамтран тогложээ

“Пентхаус” цувралын жүжигчдийн гол дүрд тоглож буй найруулагч Жү Дун Мин-ы dark comedy төрлийн богино хэмжээний “It’s Alright” киноны зургууд цацагдлаа.

Энэхүү богино хэмжээний кино нь Ковид-19 үеийн талаар гарах бөгөөд энэ сарын 12нд цацагдах аж.

Тэдний зурагнаас…

Наадмын нээлт, хаалтын найруулагчаар Н.Наранбаатар тунаж үлджээ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлдэг. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн байна. 

Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй аж. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх баасан гарагт хуралдаж, баяр наадмын найруулагчийг эцсийн байдлаар сонгох аж. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертын найруулагчаар ажиллаж байв. 

Цар тахлын улмаас манай улс 2020 оны баяр наадмыг “XIII зуун” цогцолборт цомхон тэмдэглэсэн. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглосон тул баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын зураг авалтыг Хүй долоон худагт хийж, наадмын өдрүүдэд телеконцерт нэвтрүүлсэн билээ.  

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:
  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол,
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг аваарай.

Эргэн сануулахад 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлээр эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тодруулбал:

2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайланг ирүүлнэ

2019 оны А/295 тоот тушаалаар бүргүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч

2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгасгаас 86,9% нь

2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94,5% нь

2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92% нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна. Энэ нь үндсэндээ Монгол улсад шинээр орж ирж байгаа эм аюултай , аюулгүй эсэхийг монгол улс магадлахгүй хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн үг юм.

 Шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Эдгээр 44 аж ахуй нэгжээс ердөө 7 аж ахуй нэгж л стандартыг хангаж байна. Бусад нь стандартын шаардлага хангаагүй хэдий ч эмийг үйлдвэрлэсээр байна. Импортын эмийн чанар аюулгүй байдалд анхаардаггүй дээр нь дотоодын  эмийн үйлдвэр нь шаардлага хангаагүй хэдий ч Монгол улсын эмийн үнэ олон улстай харьцуулахад 3-8 дахин өндөр үнэтэй байна

2016 онд ДЭМБ-аас эмийн салбарыг хариуцсан агентлагтай болохыг зөвлөсөн. Үүний хүрээнд “Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэсэн шинэ бүтцийг байгуулсан. Гэвч энэхүү бүтэцдээ эмийн лабораторыг байгуулах шаардлагатай байсан. Дотоодын эмийн  лаборатор нь техник технологигүй, урвалж бодисгүй гээд дутагдал ихтэй учраас Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эмийн аюулгүй байдлыг магадлаж чадахгүй байна.

Монгол улсад бас нэгэн дутагдалтай байгаа зүйл нь сумдын эмийн сангийн асуудал. Одоогийн байдлаар ихэнх сум 1 эмийн сантай. Эмийн сангууд нь хувийн, улсын, нөхөрлөлийн гээд өмчлөлийн хувьд олон янз. Энэ нь шаардлагатай эм бэлдмэл гарсан үед яаж нийлүүлэх нь ойлгомжгүй, эмийн эргэлтийн удаашруулж байна. Тиймээс цаашид эмийн талаар төрөөс авах бодлого арга хэмжээг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

“Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

“ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн”

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн.

Дээрх өвчлөлд харьцангуй залуусын дунд буюу 18-30 хүртэлх насны залууст зүрхний хэм алдалт, бөөр шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх болон ходоодны хавдрын урьдал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байгаа юм.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай аваад явах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

116 хүнээс 26 хүнд нь урьд нь шинж тэмдэг илрээгүй буюу өөрөө мэдээгүй өвчнийг оношилсон гэдэг бага биш тоон үзүүлэлт.

Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдахыг хүсье. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу хүн гэж тоохгүй явалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэв.

“Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа”

Түүнчлэн “ХӨСҮТ нь БЗД-ийн 10, 11 дүгээр хорооны 30 мянган иргэд эрт илрүүлэг шинжилгээ хийх гэрээтэй ажиллаж байна.

Манай эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 60 хүнд эрт илрүүлэг оношилгоо хийх хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм.

Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа тул тус боломжийг ашиглаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой” хэмээн асуултад хариуллаа.

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=494417529102224&t=0