зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.05.09-2022.05.15/

ХОНЬ

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна.

ҮХЭР

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болох хандлагатай байна. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж, дарамт ихсэх болно. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл тайван болж, ажил амьдрал урагштай байна.

ИХЭР

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та гомдохгүй. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд саад болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай.

МЭЛХИЙ

Өнгөрсөн долоо хоногт тулгарсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.

АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй.

ОХИН

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүл. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсож магадгүй.

ЖИНЛҮҮР

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна.

ХИЛЭНЦЭТ

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм.

НУМ

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай.

МАТАР

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олох юм. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой.

ХУМХ

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадах юм. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно.

Х.Нямбаатар: Тролл хаягуудыг устгах асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байсан юм. 

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сануулах шийтгэлийг зарчмын хувьд би дэмжиж байна. Харин ял наймаалцах гэдэг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн, одоо зөрчлийн хуульд оруулж ирэх гэж байгаа юм шиг байна. Наймаалцах асуудлыг зөрчлийн хууль дээр ямар нэг байдлаар оруулж ирээд байна. Энэ ямар учиртай юм бэ, Х.Нямбаатар аа. Эрүүгийн хууль дээрээ хасна гэчихээд Зөрчил дээр оруулаад ирж. Энд тайлбар авъя. Зөрчлийн тухай хуулиар зөвхөн хувь хүний гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Байгууллага, улс төрийн намуудын зөрчилд гаргавал ямар хариуцлага тооцох нь тодорхой биш байна. Дээр нь цахим орчинд хүнийг гүтгэх, хүчирхийлэлд уриалсан хуурамч контентын асуудлыг тодорхой болгож оруулж ирмээр байна. Өнөөдөр цахим орчинд гэрэл гэгээтэй зүйл алга, хар муухай үйл явдлууд өрнөж байна. Энд ямар хяналт тавьж, арга хэмжээ авах вэ?

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нэгд, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд ял наймаалцах гэдэг асуудал огт байхгүй. Харин энэ хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая орчим зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд явуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн том дэвшил гаргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11 мянган орчим субъект зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн дагуур авахын тулд харьяалах дүүргийн прокурорын байгууллага дээр очдог. Зөрчлийг 30 хоногт нь шалган шийдвэрлэх процессоо эргээд прокурорт мэдүүлдэг энэ процессыг бүхэлд цахимжуулна гэдгээ хэлье. Зөрчил гаргагч зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэх процесс бүх процессын хуульд байдаг. Зөрчил гэдэгт гудамж талбайд нус цэрээ хаях, улаан гэрлээр гарах, хэвийн амьдралын норм журмыг зөрчсөн зөрчлөө тухайн хүн хүлээн зөвшөөрч, торгуулиа төлье гэж байгаа нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэж явах нь илүү ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

Хоёрт, УИХ-ын нэр бүхий гишүүд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Би хууль санаачлагчийн хувьд нэгтгэж хэлэлцэх саналтай байгаа. Өнөөдөр энэ хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүд зөвшөөрвөл Дэгийн тухай хуулиар нэгтгэгдэж хэлэлцэх боломжтой. 

Гуравт, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй. Түүнийг нь нөгөө байгууллага бүртгэж авах үүрэгтэй. Харин жагсахынхаа өмнө аль нэг Засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно. 

Дөрөвт, 2015 оны Эрүүгийн болон Зөрчлийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг үг оруулчихсан юм. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах хоёрын хооронд нэлээд зай байгаа.Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд үүнийг нэгтгэж тодорхойлно. Хоёрт, үүрэн холбооны компаниуд гар утасны дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилж өгнө Одоо журам л хэрэгжиж байгаа болохоор хэрэгжихгүй байна. Одоо 5, 10 мянган төгрөгөөр нэг дугаар аваад датаг нь ашиглаж цахим орчинд нэр хаяг нь мэдэхгүйгээр хуурамч мэдээ үүсгэдэг компани маягийн зүйл ажиллаад байгаа. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Мөн бид Европын холбоонд нэвтэрсэн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийн төслийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд нэлээд асуудал цэгцэрнэ. Герман улс гэхэд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараавал маш өндөр торгууль тавьж, нийгмийн сүлжээний компаниудыг үүрэгжүүлдэг. Тухайн улсын иргэний эрх ашгийг хохироосон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан тохиолдол тухайн нийгмийн сүлжээ нь өргөдөл гомдлыг тухай бүрт нь барагдуулах үүрэг хүлээдэг. Үүргээ биелээгүй тохиолдол олон сая еврогийн торгууль ногдуулдаг. Дээр нь тухайн улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллах үүргийг хүлээлгэдэг. Бид яг энэ загварын дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш фэйсбүүкийн нэр хаягийг бүгдийг нь албан ёсны болгох боломжгүй. 

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм. Тодруулбал

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллах аж.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна.

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм.

Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна. 

Саид Моллай Иран улсад төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос хойш Монголын шигшээ багт харьяалагдаж байгаа юм.

Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу “Манайд олон авьяаслаг залуус байгаа ч Олимпын аварга Элнур Мамедлигийн дараа хэн ч медаль авч чадаагүй. Саиед Моллай дэлхийн хэмжээний тамирчдын нэг бөгөөд 81 кг-ын жинд амжилт үзүүлэхэд тусалж, энэ жинд өрсөлдөх залуусын хөгжил дэвшилд тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Саиед Моллай Акербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон талаараа “Монгол Улстай байгуулсан гэрээ дууссаны дараа би Азербайжаны холбоонд хүсэлт гаргасан ба тэд эх орныхоо төлөө тоглох болсонд баяртай байна гэсэн. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны олимпод үр дүнд хүрэхийн тулд би чадах бүхнээ хийх болно” хэмээн ярьжээ.

ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа.

2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан  www.eec.mn 
  • цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  •  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

АНХААРУУЛАХАД, Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

ОУВС Монгол улсын эдийн засгийг эрсдэлтэй гэж үнэлэв

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас өнөөдөр (2022.05.04)-ийг хүртэл манай улсад ажилласан. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна.

Тодруулбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна “Рио Тинто”, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзжээ.

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи “Монгол Улсад эдийн засагт тулгарч болохуйц байсан эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсад өрнөсөн байгаа шок Монгол Улсад нөлөөлж байна. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай байна гэж байсан бол одоо 1%-тай болгож бууруулж байгаа. Инфляцын хувьд өндөр хэвээр байхаар байна. Энэ нь олон улсын түвшинд явагдаж байгаа үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй. Өмнө нь тооцоолж байсан эрсдэлүүдээс гадна огт тооцоолоогүй эрсдэл гарсан нь Украины дайны асуудал.

Сайн мэдээ гэвэл Монгол Улсад цар тахлын асуудлаа сайн шийдвэрлэж чадсан байна.

  1. Засгийн газрын зүгээс эрт арга хэмжээ авсан
  2. Ард иргэдийн хувьд төрөөс явуулсан арга хэмжээтэйгээ зохицож вакциндаа сайн хамрагдсан нь гол нөлөө үзүүлжээ.

Бидний хувьд энэ жил Орос-Украины дайн намжина, БНХАУ-д явагдаж буй КОВД-19-той холбоотой бодлого өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байж чадахгүй. Нөхцөл байдал яаж ч эргэсэн дараа жил Монгол Улсад амаргүй жил байх нь тодорхой байсан. Учир нь томоохон хэмжээний өр төлбөрүүдийг 2023 онд төлнө.

Монголбанк болон Засгийн газартай энэ хүндрэлтэй нөхцөл байдалд ямар байдалд ажиллах нь тохиромжтой тухай ярилцлаа.

Одоо иргэдэд хамгийн том ачаа болж байгаа зүйл бол өндөр инфляцын түвшин. Олон улсад ажилласан туршлагаас харахад инфляц явагдахад ядуу иргэд хамгийн их өртдөг. Бид төр засгийн төлөөллүүдтэй уулзахдаа инфляцыг барихын тулд төрөөс үзүүлж буй дэмжлэгүүдээ зорилтот бүлгүүдэд чиглүүлэх хэрэгтэйг хэлсэн. Бараа бүтээгдэхүүний эрэлт буурвал инфляц саарна. Иргэнд илүү их дэмжлэг мөнгө өгөх тусам дотоодын зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талд гаднаас орж ирэх бараа хязгаарлагдмал хэвээр байгаа.

Иргэдэд тулгарч байгаа асуудлыг хөнгөвчлөхөөр Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа арга хэмжээг авахдаа консерватив байдлаар хандах хэрэгтэй

Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой. Энэ бүх асуудлыг Засгийн газар болон иргэд хамтарч ажилласны үндсэн дээр давж гарч чадна” гэв. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямар нэгэн байдлаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэмжээнд байхгүй, одоогийн байдлаар энэ талаарх хүсэлт ирүүлээгүй. Гадаад өр төлбөр өндөр байгаа ч тогтворгүй байдалд хүрсэн гэсэн үг биш гэдгийг тодотгов.

6-17 насныхны өсөлт хөгжлийг тодорхойлно

Энэ сарын 1-нээс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг эхлэв. Хүүхдүүд харьяа сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх юм.

Манай улсад сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын 10 мянган хүн ам тутамд ногдох түвшин 15-34 нас, 65-аас дээш насанд өндөр байдаг. Иймд 6-17 насныхнаас сүрьеэгийн илрүүлгийг асуумж асуух замаар хийнэ.

Тодруулбал сүрьеэгийн шинж тэмдэг, зовуурын зургаан асуултад тавина. Мөн тархвар судлалын гурван бүлэг асуулт асуун, үнэлгээгээр 3 ба түүнээс дээш оноо авбал сүрьеэгийн сэжигтэй гэж үзэх юм.              

ДЭМБ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар 43 ам.долларын  өгөөжтэй байдгийг тогтоожээ. 

ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бодис илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МҮДЭБ)-аас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан.

Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага(ОУДЭБ)-ын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөх орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар танилцууллаа.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Б.Бейсен тэргүүтэй 21 гишүүн эмийн стандартад хяналт тавих иүр хороо байгуулах санал гаргалаа. Монгол улсын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. Тиймээс эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулахын тулд “Хянан шалгах Түр хороо” байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Үндэсний Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Энэ нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн үг юм. Мөн эмийн чанарт хийсэн шалгалтаар монгол улс дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн 18,6%, импортын эмийн 6,1% нь стандартын шаардлаг хангаагүй гэж гарчээ. Мөн зах зээлд байгаа нийт эмийн 14% нь стандартын бус, 19% нь бүртгэлгүй эм эзэлж байна. Энэ нь Монгол улсад байгаа эмний чанар стандарт ямар хэмжээнд байгааг харуулж байна.

Эмтэй холбоотой асуудал нь нийт хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Одоогийн байдлаар ямар ямар  эмийн үйлчилгээ хангалтгүй байгаа вэ гэдэг судалгаа монгол улсад байхгүй. Тиймээс түр хороо байгуулах хүсэлтэй гишүүд “Монгол улсад худалдаалагдаж байгаа эмүүдийн дээжийг гадаадын лабораторид” шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдвал эхний ээлжинд тоног төхөөрөмжийн дутагдалд орсон эмийн лабораторийг сайжруулах, эм үйлдвэрлэлийн явцад  хяналт шалгалтын чангаруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол улсын эмнэлэгүүдэд антибиотикт тэсвэртэй халдварт өвчин маш их гардаг гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн. Гэвч тэр халдварын дарах антибиотик монгол улсад байхгүй.  Мөн эрүүл мэндийн салбарын төсвийн нилээд хэсгийг чанаргүй эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдаж авсаар өдийг хүрчээ. Эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо өндөр байдаг нь чанаргүй эмтэй шууд холбоотой гэдгийг онцлож байна.

Нийт эмийн 14 хувь стандарт бус, 19% нь бүртгэлгүй гэдэг нь эмүүдийн 33% нь ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэсэн үг. Монгол улсад эмийн чанар хангалтгүй гэдгээс гадна өндөр үнэтэй гэдэг нь шалгалтаар илэрсэн. :Монгол улсад эмийн үнэ олон улсын жишгээс 5,4-15,6 дахин өндөр үнэтэй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн үнэ импортолсон үнээс буюу гадаадаас татан авсан үнээсээ 10-82%-иар үнэтэй зарагдаж байгааг  аудитын тайланд онцлосон байна. Тиймээс эмийн чанар болон  үнийн асуудалд нэгдсэн нэг тогтолцоо шаардлагатай байна.