ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 2390 ТӨГРӨГӨӨ “БАРИНА”

УУХҮЯ ОХУ-ын Роснефт компанитай хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг ирэх зургаадугаар сар хүртэл 25 хувийн хямралтай үнээр худалдан авахаар тохиролцсон. Ингэснээр 5,6-р сард шатахууны үнэд өөрчлөлт орохгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг салбарын яам мэдээллээ. Гэхдээ  шатахууны үнэ цаашид   нэмэгдэхгүй гэх баталгааг өгөхгүй байна.  

Тодруулбал, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийг  4-р сард АИ92 шатахууны нэг тонныг нь 1110 ам.доллараар буюу литр тутмыг нь 3330 төгрөгийг өртөгөөр оруулж ирдэг. Харин тус гэрээ хэлэлцээрийн үр дүнд үнийг 25 хувиар бууруулж 1 тонныг нь 840 ам.доллараар тооцож литр тутамд нь 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдэж байгаа буюу одоо байгаа үнээ 6-р сар хүртэл” барих“ боломж бүрдэж байна. Дизель түлшний үнэ 25 хувиар буурч  литр тутам нь 3714 төгрөгийн өртөгтэй орж ирдэг байсан түлшийг иргэдэд 3380 төгрөгөөр худалдана гэлээ.

Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 7,8 жилд байгаагүй өсөлтийг үзүүлж АИ92 шатахуун гэхэд 2021 онд 71.3 хувиар өссөн, 2022 оны эхний 4 сарын байдлаар 45 хувиар өссөн . Ийнхүү газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхий дахинд бий болсон үнийн өсөлт шууд байдлаар нөлөөлж байгааг онцлон хэллээ.  Тус хэлэлцээрийн үр дүн зөвхөн хоёрхон сар үргэлжилж, ирэх 6-р сараас дахин шатахууны үнэ өсөх нөхцөл байдал үүсэж байна:

Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг энэ оныг дуустал тэглэсэн. Дизель түлшний үнэ 4-р сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Хэрвээ онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байсан гэх уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас  мэдээллээ.

Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо маргааш хуралдана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байхаар тусгасан.

Энэ дагуу Цалин хөлс тогтоох аргачлалыг боловсруулж, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний Хороо(ХНТГТҮХ) баталсан юм. Гэвч энэ нь бодит байдал уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байх, тооцсон тохиолдолд үндсэн цалинг бууруулах зэрэг зөрчлийг бий болгож, салбар даяар үл ойлголцол үүсгэсэн гэдгийг өчигдөр Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлж, ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан билээ.

Хариуд нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа ХНТГТҮХ-г маргааш буюу Лхагва гарагт хуралдуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү” гэжээ.

Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, долоон аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

МАН-ын бүлэг хүүхдийн гэмтэл, хүчирхийлэлд анхаарана гэж мэдэгдлээ

Нэгд, Засгийн газраас өргөн барьсан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус хуулийн төслөөр төрийн төлөвлөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал түр зогсоохоор тусгасан юм. Бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг яаралтай өргөн барьж, тус хоёр хуулийн төслийг хамт хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ.

Хоёрт, бүлгийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай лобби бүлгийн хийсэн хамгийн гол ажил бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт оруулсан. Энэ нь тус хуулийн 43.3-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын бүх байгууллага ажиллаж байна. Цар тахлын өмнө жилдээ 25 мянган хүүхэд гэмтэж бэртэж, хүчирхийлүүлдэг байсан. Энэ тоо цар тахлын хөл хорионы үед 35 мянга болж өссөн байна. Тиймээс нийгэмд тулгамдаж байгаа асуудалд дүгнэлт хийх цаг болсон” гэсэн юм.

ТЕГ-ААС МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны 12 дугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлст нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна.

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4,5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Т.ДОРЖХАНД:ЦААШИД УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт УИХ хаалттай хуралдаж, Хөгжлийн банктай холбоотой гишүүдээ хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг эхлүүлэх бөгөөд үүнд залуучуудыг мөн уриаллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ.

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа ба тэд тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарчээ.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажил эхлэж байна. Ингэснээр аливаа үйлчилгээ авахад хурууны хээ уншуулах бус цахим гарын үсгээ ашиглан авдаг болно гэсэн үг юм. Мөн цаашдаа биечлэн очиж гарын үсэг зурахгүйгээр тоон  гарын үсгээ солилцож цахимаар гэрээ байгуулах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5,8 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. ҮҮний хүрээнд Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэнэ гэж тусгасан. Өнөөдрөөс эхлэн нийслэл болон аймгуудад  3 төрлөөр тоон гарын үсгийг олгож эхэллээ.

  1. Иргэн улсын бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, есөн дүүрэг, үйлчилгээний төвөөр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгонр
  2. Киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож байна
  3. Гар утасны аппликейшнаар тоон гарын үсэг авах боломжтой юм байна. Цаашдаа хороодуудаар дамжуулан олгоно гэж мэдэгдлээ.

Тоон гарын үсгийн шилжилт 5,8 тэрбум төгрөгийн төсөвтэй.Тоон гарын үсэг нь  256 тэмдэгтэй алгиритм өгөгдлөөс бүрддэг. Үүнийг тайлж унших программын аюулгүйболон үйл ажиллгааны урсгал зардалд дээрх 5,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Иргэдийн дунд E-mongolia, регистерийн дугаар, баталгаат гарын үсэг, цахим үнэмлэх гээд тухайн хүний хувийн мэдээллийг агуулж байгаа олон зүйл байхад тоон гарын үсэг нь үр ашиггүй зардал гэж үзэж байгаа хэсэг бий. Гэвч албаны эх сурвалжаас “Хувь хүний мэдээллийг баталгаажуулсан хамгийн боломжит”арга гэдгийг хэлж байгаа юм. 

2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Тоон гарын үсгин 16-аас дээш бух насны хүн авна. Цаашдаа 5 5 жилийн зайтай  хугацааг нь сунгуулах юм байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд ч консулын газраар дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой. Ингэснээр үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголд байгаа хүнтэй гэрээ байгуулах, ямар нэгэн төрийн үйлчилгээ авахад саадгүй болох юм байна. 2023  оноос цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэх юм байна.

Тоон гарын үсэг аваагүй тохиолдолд одоогийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй. Гэвч цаашдаа банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын газрууд, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тоон гарын үсэг шаардлагатай болно гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрөөс цахим шилжилтийн багц хууль хэрэгжиж эхэлснээр тоон гарын үсэгнээс гадна Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдсэн.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцлов.

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцлов. 

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр түвшний харилцан айлчлал чухал болохыг тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын цаг үед Япон Улсад ажлын айлчлал хийж, “Токио-2021” Олимпын наадмын нээлтэд оролцож, эв санааны нэгдлээ илэрхийлсэнд онцгойлон талархал илэрхийллээ. 

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.02-2022.V.08

Хонь 

Та өнгөрсөн долоо хоногт чадах бүхнээ хийж, хичээнгүйлэн ажиллажээ. Тиймээс одоо хариуцлагаас холдож, амрах цаг чинь ирсэн байна. Хайр дурлалын амьдрал тань эерэгээр эргэж, харилцаандаа дэвшил гаргаж мэдэх юм. Ажил мэргэжлийн хувьд бага зэрэг хүндрэл тулгарч болох ч энэ нь таны өсөлтийн эхлэл гэдгийг санаарай. Таны зоригтой, өөртөө итгэлтэй зан чанар энэ долоо хоногт олон хүний сэтгэлийг татна.

Үхэр 

Энэ долоо хоног тайван сайхан өнгөрнө. Та зүгээр л эрүүл мэнддээ анхаарч биеэ энхрийлүүштэй. Шинэ ажлын санал ирж магадгүй бөгөөд олон сонголт дундаас зөвийг нь олж чадахгүй хэцүүдэж мэдэх юм. Танд шинэ санаа төрж, гайхалтай үр бүтээлч байх нь. Санаагаа хэрэгжүүлснээр олны талархлыг хүлээх болно. Ажил дээрээ өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Энэ долоо хоногт олон сонирхолтой хүнтэй учирч, маш их зүйл сурна. Хайр дурлалын амьдрал тань аз жаргал дүүрэн байна. 

Ихэр

Төгс төгөлдөр байх гэж удаан хугацаанд хичээснийхээ үр дүнг амсах долоо хоног. Таны бүхий л хичээл зүтгэлийн үр шим гарах нь. Албан тушаал ахих юм уу үйлчлүүлэгчийнхээ талархлыг хүлээж магадгүй. Энэ долоо хоногт хайр дурлалдаа санаа тавихыг зөвлөж байна. Та эрч хүчтэй, эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц байх тул энэ байдлаа ашиглан бүтээмжтэй зүйл хийхийг хичээгээрэй. Мөн таныг маш олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Ажил дээрээ ядарсан ч гэсэн саад бэрхшээлийг өлхөн даваад, сэтгэл хангалуун байх болно. 

Мэлхий 

Та бүх бэрхшээлийг үл харгалзан ялалт өөдөө тэмүүлж байна. Өөртөө итгэснээр хурдан бөгөөд ухаалаг шийдвэр гаргаж чадна. Зүрх сэтгэлийнхээ дуудлагыг дагаж, зоригтой бай. Энэ долоо хоногт найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөгөөрэй. Урт хугацаанд ашиг тусаа өгөх шинэ ажил хэрэг эхлүүлж магадгүй. Санхүүгийн хувьд сайн байна. Харьцангуй ажил багатай, таатай долоо хоног өнгөрнө. Тийм болохоор долоо хоногийн эхний хагас гэхэд л завтай болчихож мэдэх юм. 

Арслан 

Долоо хоногоо эерэгээр эхлүүлбэл амьдрал тань аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байна. Өөртөө болон хоббиндоо цаг зарцуул. Хайртай хүмүүстээ цаг гаргаж, амьд харилцааг эрхэмлэ. Мөнгө санхүүгээ цэгцэлж, хаана зарцуулах, хаана хэмнэхээ шийд. Үл хөдлөх хөрөнгийн наймаа хийвэл ашигтай. Таны хувьд энэ долоо хоног ерөнхийдөө эерэг эрчимээр давалгаалж байна. Гэр бүлийнхэн тань таныг үнэлнэ. Хайр дурлалын амьдрал эерэгээр эргэх бөгөөд хайртай хүндээ сэтгэл хөдлөлөө илэрхийлээрэй. 

Охин 

Энэ долоо хоногт та хамаагүй ухаалаг бөгөөд сахилга баттай байна. Таны суралцах, өсөж хөгжих долоо хоног ирсэн байна. Та өөртөө эргэлзэж, ямар нэг муу зүйл тохиолдох гээд байгаа мэт мэдрэмж төрж болзошгүй. Од эрхэс таны талд байгаа тул аливаа муу зүйл тохиолдохгүй гэдэгт итгэж болно. Хайртай хүмүүс тань эрүүл саруул байна. Таны эрүүл мэнд ч гайхалтай сайн байна. Гэхдээ дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэвээс улам л сайн сайхныг мэдрэх болно шүү. 

Жинлүүр 

Аливаа зүйлсээс жижигхэн ч хамаагүй сайн сайхныг нь олж харах юм бол танд тохиолдож буй сөрөг зүйлс огт асуудал мэт санагдахгүй. Таны бизнес таныг аз жаргалтай болгоно. Энэ долоо хоногт өөрийгөө, ур чадвараа сайжруулахад цаг гарга. Мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд нэн тустай. Гэр бүлдээ томоохон шийдвэр гаргах бөгөөд хүүхдүүдийнхээ санаа бодлыг энэ удаад алдалгүй сонсоорой. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хэт их мөнгө зарцуулах магадлалтай байна. Үүний оронд эрүүл зөв хооллох зуршилтай бол.

Хилэнц 

Энэ долоо хоногт амар амгалангийн мэдрэмжээр дүүрэн байна. Эрүүл мэнд сайн байна. Хайр дурлалын харилцаагаа шинэ шатанд гаргаж, хоёр биеэ илүү сайн таньж мэдэхийн тулд хөгжилтэй, хөөрхөн болзоонуудыг төлөвлөөрэй. Бусдыг баярлуулах нь сэтгэл санааг өргөнө. Ажил мэргэжлийн хувьд дуусгах ёстой ажлууд багагүй байх тул бие болоод сэтгэлээ бэлдэж, эрч хүчтэй байгаарай. Хийхийг зориж байсан зүйлээ дуусгаж чадна. 

Нум 

Энэ долоо хоног тайван сайхан байна. Амарч, алжаалаа тайлах цагийг өөртөө гаргах нь бизнес болон хувийн амьдралд аль алинд нь тустай. Хайртай хүмүүстэйгээ ахиухан цаг өнгөрөөхийн тулд завсарлага авах долоо хоног. Цаг гаргаад хайрттайгаа ирээдүйнхээ тухай, хөндөхөөс зайлсхийж байсан сэдвүүдийнхээ талаар зориглон ярилцаарай. Долоо хоногийн дунд үеэс бүх зүйл бүтэмжтэй сайхан байж, амьдралаас таашаал авна. 

Матар 

Хамт олон эсвэл гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарна. Маш их аялж, маш их эрэл хайгуул хийснээр сэтгэл санаа нэн өндөр байх нь. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Эрүүл мэнд сайн байна. Гэхдээ хэт их зүйлийг бодох нь эрүүл мэндэд тусгүй. Биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн эрүүл мэндээ эмчлээрэй. Аливаа зүйлд хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Ажлын хамт олондоо үнэлэгдэнэ. Хайр дурлалын харилцаагаа аль түвшинд байгааг тодорхойлж, дүгнэлт хийгээрэй. 

Хумх 

Тайван, эрүүл мэнддээ анхаарсан, төвийг сахисан долоо хоног эхэлж байна. Хооллолтын тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авбал зохилтой. Та хаашаа ч явсан эргэн тойрондоо баяр баясгаланг түгээх бөгөөд уулзсан хүн бүр таны ачаар аз жаргалтай болно. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой, ирээдүйд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч мэдэх юм. Найдвартай хамтрагчаасаа энэ тал дээр зөвлөгөө ав. Энэ долоо хоногт таны аз таарч байгаа тул чухал шийдвэр гаргахад тохиромжтой. 

Загас 

Энэ долоо хоногт таны нуруун дээр ямар ч үүрэг хариуцлага, ачаа алга гэхэд болно. Тиймээс хүссэн зүйлээ хийх цаг хангалттай гарах нь. Долоо хоногоо бүрэн дүүрэн үр дүнтэй өнгөрүүлээрэй. Хэрвээ та ганц бие бол одоо л нөхцөл байдлыг гартаа авах цаг шүү. Шинэ хүмүүстэй танилцаж, хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сэргээнэ. Таны бизнес ч амжилттай байж, шинэ үйлчлүүлэгчидтэй болно. Энэ долоо хоногт таны бизнест хамгийн их өсөлт ажиглагдана. Бусдаас хүлээж авсан хайр халамжийнхаа ачаар эрч хүчээр дүүрэн байна.