ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны хүүхдийн тоо, цэцэрлэгийн барилгын хүчин чадал, анги танхимын багтаамж, өрхийн мэдээллийн сан, гэр цэцэрлэг хоорондын зайнд үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтооход баримтлах аргачлал баталж, цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинээр тогтоон, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөнө.

Цэцэрлэгийн хүртээмж багатай зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн цэцэрлэгийн барилгын сул орон зайд хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс нэмэлт элсэлт зохион байгуулах, тавигдах шалгуур, шаардлага хангасан тохиолдолд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжээс барилга түрээслэх, худалдан авахад баримтлах үнийн жишиг тарифыг судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн ачаалал өндөртэй, төвийн дэд бүтцээс алслагдсан зарим дүүрэг, хороонд орчин үеийн технологи ашигласан гэр цэцэрлэг байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, нийслэлд шинээр баригдах хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг заавал тусгах талаарх барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон хотхон, хорооллын орон сууцны барилгын нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар барилгын холбогдох норм дүрийн дагуу засварлан тоноглож эрх бүхий мэргэжлийн байгууллагын комисс хүлээн авдаг зохицуулалт хийж, хяналт тавих, байгууллагын цэцэрлэг ажиллуулах санаачилгыг дэмжих зэрэг арга хэмжээ авна.

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1000 орчим бүлгийн багш дутагдах судалгаа байна. Багшийг хөрвөх сургалтаар нэмж бэлтгэх, оюутан ажиллангаа суралцах боломж бүрдүүлэх, багшийг давтан бэлтгэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхэд байгаагаас 106 мянган хүүхдийг төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой, 34 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй 34 мянган хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулна, сугалаагүй элсэх боломж бүрдэнэ, хоёр болон гурван настай нийт хүүхдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулна гэж тооцож байна.

Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тус аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг түдгэлзүүлсэн талаар ярилцах нь зүйтэй гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 2014 оны 246 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозмын замын боомт байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын малчид, иргэд хилийн боомт хүртлэх автозам тавигдсанаар зам дагуух ашиглалтын зөвшөөрөлтэй уурхайнууд нээгдэж, улмаар говийн унаган байгалийн экосистемийг алдагдуулах, ховор ан амьтны байршилгүй болох, бэлчээр хомсдох зэрэг сөрөг нөлөөлөл үүснэ хэмээн эсэргүүцэл илэрхийлж буй юм.

 Мах, махан бүтээгдэхүүн экспортолдог “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ

 Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна.

Мөн хурлаар Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд  хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүй. Монгол Улсын экспортын мах, махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой” гэж мэдээлэл хийхдээ хэллээ.

 Товч мэдээ

·      Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.

·      Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг баталлаа.

·      Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·      Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болголоо.

 Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

​С.Амарсайхан: Эмээлтэд 17 махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон

Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох төрийн байгууллагынхан мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монгол Улсад 60 ААН мах экспортлох эрхтэй ажилладаг байна. Үүнээс 32 ААН нь Эмээлтэд үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсад 60 ААН мах экспортлох эрхтэй байдгаас 15 нь дулааны аргаар мах боловсруулдаг. МХЕГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг тавдугаар сарын 15-аас хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Эмээлтийн 32 үйлдвэрийг шалгаж 17-ынх нь үйл ажиллагааг зогсоосон. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Мөн 14 хоногийн хугацаанд дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай стандартад нийцэж байгаа эсэхийг тогтооно. Эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж байгаа бол үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ. Шаардлага хангахгүй бол хууль журмын хүрээнд хариуцлага тооцож, стандартыг хангуулах арга хэмжээ авна” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бүхэл бүтэн төр байж хэдхэн сэтгүүлчийн олж чадаж байгаа энэ мэдээллийг МХЕГ мэдээгүй явж байсан юм уу. Энэ мах хүүхдийн хоолонд ороогүй гэх баталгаа байна уу. Хүүхдийн хоолыг шалгаж байна уу?

Шадар сайд С.Амарсайхан: МХЕГ тавдугаар сарын 15-аас хяналт шалгалт хийж эхэлсэн. Тодорхой арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллаж байгаа. Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрийн асуудал олон жил яригдаж байна. Тиймээс одоо хатуу зохион байгуулалт дунд эцэслэн шийднэ. Асуудал их, хариуцлага дутуу байгаа учир ШӨХТГ, МХЕГ-ын удирдлагуудыг сольсон. Энэ хүрээнд шинэ төлөвлөгөө гаргаж хууль журмын хүрээнд иргэдэд дарамтгүйгээр явуулна. Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа асуудал биш гэдгийг хэлье.

Сургууль цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас гадна нийт хүн амд шаардлага хангаагүй мах нийлүүлсэн эсэхэд бид мэдээлэл авч байгаа. МХЕГ-аас шаардлага хангаагүй мах дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгааг баталгаатай хэлсэн.

-Шалгалт хийнэ гээд зарлачихаар юу ч илрүүлж чадахгүй юм биш үү?

Шадар сайд С.Амарсайхан: Өмнө нь шалгаж байна гээд л орхигддог асуудал байсан. Энэ удаад олон нийтийн хяналтыг давхар тавина.

Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт иргэн боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Болдсайханд “Аймгийн хүндэт иргэн” цол тэмдгийг гардууллаа.

“Бундан”, “Хязгаараас чинад”, “Зүрх мартахгүй” төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа билээ.

Тус багийнхан тавдугаар сарын 31-нд Есөнбулаг сум, зургаадугаар сарын 1-нд Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумдын хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн юм.

Өчигдрийн үзлэгийн өмнө аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, “Хүндэт иргэн” шагналыг гардууллаа.

Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы хатуу дэглэм цуцлагдлаа

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдвар тархалтыг зогсоохын тулд зарлаад байсан хатуу хөл хорионы дэглэм хоёр сарын дараа цуцлагдлаа.

Өнгөрсөн шөнө дундаас эхлэн тус хотын 25 сая оршин суугчийн ихэнх хэсэг гэрээсээ гарч, чөлөөтэй зорчих эрхтэй болсон байна.

Зөвхөн 650,000 хүн амьдардаг Шанхай хотын хэсэгт хөл хорионы дэглэм үргэлжлэн үйлчлэх юм.

“Бидний удаан хүлээсэн өдөр ирж байна” гэж Шанхай хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Ин Шин өчигдөр шийдвэрийг зарлахдаа эхэлж хэлжээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хүн бүр зовлон амссан. Их үнээр олдсон энэ өдрөө бид нандигнаж, хамгаалах ёстой. Бидний сайн мэддэг, үгүйлэгдэж байсан Шанхай хотод тавтай морил” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, Volskwagen, Tesla зэрэг өрнөдийн автомашины компаниуд үйлдвэрлэлээ тасалдуулахгүйн тулд ажилчдаа гэрт нь хариулалгүй ээлжээр ажиллуулж байв.

Шанхайн иргэдийн орлого тасарч, хоол хүнсний хомстолтой тулгарч, тусгаарлалтад удаан байснаас сэтгэл санааны хямралд нэрвэгдэж байсан юм. Лхагва гарагаас эхлэн нийтийн тээвэр, том дэлгүүрүүд багтаамжийнхаа 75 хувийн хязгаарлалттайгаар нээгдэж байна. Кино театр, музей, фитнес клубүүд хаалттай хэвээр байх ажээ.

Сургуулиудын ихэнх нь танхимаар хичээллэхгүй юм байна.

Хөл хорионы дэглэм эхлэхээс өмнө Шанхай хотын эдийн засгийн хэмжээ $600 тэрбум гаруй байжээ. Эрх баригчид эдийн засгаа энэ түвшинд буцааж сэргээхийн тулд зарим татварыг хөнгөлөх, түргэвчилсэн шугамаар бонд гаргах, шинэ барилгын төслүүдэд зөвшөөрөл олгох журмыг хялбарчлах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болсон байна.

Эх сурвалж: BBC

​Хот хоорондын автобусаар зорчих тасалбарын үнэ нэмэгджээ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 1-ээс нэмэгдүүлж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан аж. Тэгвэл өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно гэх тайлбарыг АТҮТ-өөс гаргасан байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ ингэж нэмэгджээ.

Олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд ‘Хүүхдийн фонд’-оос шагналаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “Хүүхдийн төлөө сан”-аас мөнгөн шагнал, батламж гардууллаа.

Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан, 200 гаруй орны хүүхдүүд оролцсон “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Ливан улсын Бэйрут хотод болсон Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази номхон далайн орнуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зэрэгт Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцон шагналт байр эзэлсэн 30 хүүхдэд мөнгөн шагнал, батламж гардуулсан юм.

Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ дахь эмэгтэй гишүүд нийлж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль анх 1973 онд батлагдаж байсан бөгөөд 1999 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт ороогүй. Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийн гол өөрчлөлт нь хүүхэд хамгааллын асуудал. Жилд 3391 гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Иймээс гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байгаа. Иймээс тус хуулийн төсөлд гэр бүл салалтын дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тусгаж өгсөн. Тодруулбал тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулсан.

Тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Ингэхээр өнөөдөр 11 нас хүрээгүй хүүхдийн тэтгэмж сард 115,000 төгрөг. Энэ бол маш бага, хангалтгүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулах, ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэдэг байдлаар тогтооё гэсэн заалтыг оруулж өгсөн.

Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх зохицуулалтыг оруулсан.

Өнөөдөр тэтгэмж төлөлт маш бага байна. Нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тийм учраас тогтоосон тэтгэмжийг данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн” гэлээ.

Сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ

Африк тивийн гадна төдийлөн илэрч байгаагүй сармагчны цэцэг өвчний халдварын 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээллээ.

Уг өвчин яагаад ийм өргөн хүрээнд тархах болсныг гүйцэд ойлгоогүй байгаа ч өвчний вирус мутацлагдсан гэх нотолгоо одоогоор олдоогүйг бас мэдээлсэн байна.

Сармагчны цэцэг өвчний голомт Африк тивийн баруун болон төв хэсэгт илэрдэг ба зэрлэг амьтадтай хэт ойр харилцсан тохиолдолд л хүнд халдварладаг юм. Мөн халдвар тархалт нь Африк тивээс хэтэрч байсан тохиолдол бараг байдаггүй.

Баасан гарагийн байдлаар Испани улсад халдварын нийт 98 тохиолдол, Их Британид 106 тохиолдол, Португал улсад 74 тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр бас Аргентин улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь Латин Америкийн бүс нутгийн анхны тохиолдол болжээ.

Уг тохиолдол нь саяхан Испани улсад аялаад Буэнос-Айрес хотод буцаж ирсэн эрэгтэй юм байна.

Британи, Испани, Португал, Канад, АНУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрснийг мэргэжилтнүүд баталж байгаа.

Одоогоор Британи, Герман, Канад, АНУ-ын эрдэмтэд сармагчны цэцэг өвчний эсрэг салхин цэцгийн вакцин хэрэглэх боломжийг судалж байна. Гэхдээ ДЭМБ-ын мэргэжилтэн Розамунд Люис сармагчны цэцэг нь арьс-арьс хүрэлцэх замаар халдварладаг тул амархан тархах боломжгүй, тиймээс вакцинжуулалт одоогоор шаардлагагүй гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Шүүхээс Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хориглолоо

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлжээ. Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдсөн байна. 

Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртсэн байна. 

Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм.

Энэ амжилт Э.Сомпилжээгийн ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан юм.