БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Ойрын хоёр хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй

Хэт бага наснаасаа ажил хийх, эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг.

Хүүхдийн хөдөлмөрийг дараах нөхцөлөөр тодорхойлдог. Үүнд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд дор дурдсанаас илүү цагаар оролцсон бол

  • 5-11 нас: нэг ба түүнээс олон
  • 12-14 нас: 14 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба түүнээс олон цаг

Гэрийн ажлыг дор дурдсанаас илүү цагаар хийсэн бол

  • 5-14 нас: 28 ба түүнээс олон
  • 15-17 нас: 43 ба цаг түүнээс олон цаг

Аюултай нөхцөлд ажилладаг бол: Хэт халуун, хэт чийгтэй, хэт өндөр, хэт тоосжилттой, аюултай тоног төхөөрөмж дээр гэх мэт.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9% байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48% нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.

МАН-ын бүлэг: ҮХНӨ-ийг олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн нам, иргэдээс ирсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг УИХ-д ирүүлсэн. Хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, саналыг нь сонссон.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбал, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулсан юм. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгээс энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

МАН, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын талаар урьд өмнө байр суурь илэрхийлж байгаагүй. Харин өнөөдөр тодорхой бүрэлдэхүүний санал гарч, УИХ-ын ТББХ-оор хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал юм гэдэг талаар бүлгийн гишүүд тодорхой саналуудыг хэллээ. Иймээс улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ” гэв.

​ТАНИЛЦ: Эмээлтийн эрхээ түр хасуулсан 20 компанийн 11 нь хятад эзэнтэй

МХЕГ-аас Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт төлөвлөгөөт бус шалгалт хийж, 20 үйлдвэрийг өчигдөр /2022.06.03/ битүүмжилж, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлэв. Эдгээр үйлдвэрийн эзэд ямар хүмүүс байдаг талаарх мэдээллийг нээлттэй өгөгдлийн сан /opendata/-г ашиглан хүргэж байна.

  1. Цэлмэг Онгод ХХК / Li Qingshan, Бямбасүрэн Гансэлэм/
  2. Шилүүст Сүмбэр ХХК / Мягмар Ариунболд/
  3. Язгууртны Эзо хүнс ХХК / Онхор Алтансүх, Цэрэнхүү Энхтуяа/
  4. Саян Уул ХХК / Jia Chaoqun/
  5. Дун Фан интернэйшнл ХХК / Yu Yadong, Gao Hongyu, Yu Yaquan/
  6. Үүлэнгөү ХХК / Zhang Qian, Xxx Mailegen, Сугар Мягмархорол/
  7. Натурал грийн фүүдс ХХК / Bao De, Zhang Jianquan, Nagata Norihiro, Tamagawa Hidehiko, Мягмар Бумаюуш/
  8. Цан сан тиан ийн ХХК / Mai Heping/
  9. Тэлмүүн Ану ХХК / Бямбадорж Мөнхжаргал/
  10. Оргинал гүн ХХК / Халзанхүү Чулуунцэцэг/
  11. Өргөө мийт трейд ХХК / Leng Gusi, Dong Xiufen, Wang Heping/
  12. Мон грийн хас ХХК / Xxx Liu Xiaolong/
  13. Актай фүүдстафф ХХК Ирэрц олдоогүй
  14. Жэй Икс Си Эс ХХК / Yin Wenhua, Yin Jiangming, Zhao Hairong/
  15. Эм Ди Си Пи ХХК / Chin Bin, Dong Xiao Zhong/
  16. Монгол Эко Мах ХХК / Мөнх Цагаанбаатар/
  17. ГПДС ХХК / Баточир Должинсүрэн, Ганхуяг Пүрэвжав/
  18. Тэнүүн хүсэл ХХК / Пүрэвжал Баясгаланхүү, Жамбаацэрэн Бөхбямба, Цогтжаргал Гэрэлтод, Нацагдорж Олзод/
  19. Эс Эс Си Монголиа фүүдс ХХК / Jin Yonghe/
  20. БӨЖТ ХХК / Дааданхүү Байгалмаа- Мах, махан бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулдаггүй/

Дээрхээс харахад, 20 аж ахуйн нэгжийн 11 нь хятад эзэнтэй бөгөөд нэг компани /Актай фүүдстафф ХХК/ нь АТГ болон УБЕГ-ын цахимд ямар нэг бүртгэлгүй байв. Мөн БӨЖТ ХХК нь мах махан бүтээгдэхүүн боловсруулах ямар нэг үйл ажиллагааны чиглэлгүй, хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг аж.

БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэнийг шалгажээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэн байрлаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Иймээс Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх хоёр иргэнийг шалгажээ.

Шалгалтаар дээрх иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22, 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн. Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир нутаг буцах боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогдсон байна.

Мөн тухайн иргэд нь өөрийн орны Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байна. Иймээс “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн дагуу ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авах юм.

Дэлхийн олон улс “Ковид-19” цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас эх орондоо буцах боломжгүй нөхцөл байдалд орсон гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах зэргээр уян хатан зохицуулалт хийж буй. Манай улсын хувьд ч “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт зааснаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө гэж хуульчилсан.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр болно

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд 09:00 цагт товлогджээ.

Өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох  шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.

Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, улмаар шүүх хуралдааныг жич товлохоор тогтоод байв.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд буй.

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.06-2022.VI.12/

Хонь

Энэ долоо хоногт аливаа  бүлэг, байгууллага, клуб, буяны байгууллагуудтай дахин холбогдох шаардлага гарна. Та улс төр, гэр бүл, эргэн тойрондоо хэрэгтэй зүйл хийхийн тулд сэтгэл шулуудах хандлагатай байна. Та бусадтай хамтран ажиллаж8 ямар нэгэн асуудлын шийдлийг олох болно. Хэт их өөртөө ачаалал өгснөөр сэтгэл санаагаар унах хандлагатай тул бага ч болов өөртөө цаг гарга. Та нэг дор бүх зүйлийг өөрчилж чадахгүй шүү дээ.

Үхэр

Энэ долоо хоногт маш олон ажил овоорч, амрах зав чөлөөгүй байх бололтой. Түүнээсээ болж хямрах цөөнгүй тохиолдол гарна. Ажил мэргэжил болон гэр бүлийн урт хугацааны төлөвлөгөөгөө дахин сэтгэлдээ бодож, хямрах шинжтэй байна. Гэхдээ энэ бүхний хажуугаар та мөнгө санхүүгээ өөрөөр шийдвэрлэхдээ гарамгай болсон байх болно. Мөнгөнд ухаантай хандана. Та зөв замаа хайж олох хэрэгтэй байна.

Ихэр

Энэ долоо хоногт таны сонирхол хуучнаасаа тэс өөр тийшээ эргэх шинжтэй. Сэтгэл доторхоо уудлан, ертөнцийн мөн чанарын тухай нарийвчлан судалж, жижиг зүйлсэд орших агуу том ухагдахууныг хайх болно. Магадгүй танд матрикс шинж тэмдэг илэрсэн байх. Бидний харж, сонсож, мэдэрч байгаа бүхэн үнэн бодит мэт байгаа нь таны сонирхлыг татна. Өөртөө хангалттай цаг гаргаж судал. Бодлоо өөрчил.

Мэлхий

Энэ долоо хоногт санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар болон тэтгэвэрт гарахдаа ашиглах мөнгөний талаар ихэвчлэн бодно. Хадгаламж нээх хэрэгтэйг ухаарна. Ихэнх цаг хугацааг мөнгө санхүүтэй зууралдаж өнгөрөөхөөс гадна дотнын нэгэнтэй муудалцах хандлагатай байна. Магадгүй таны ертөнцөөс хааяа тасрах сонирхолтой байдгаас болох юм. Гэхдээ маргалдаан тийм ч удаан үргэлжлэхгүй. Тэдэнд анхаардаг гэдгээ мэдрүүл.

Арслан

Өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн хэн нэгэнтэй дахин холбогдоно. Хуучин хайр, найз, хамтрагч зэрэг байж болно. Таны өдөр тутмын амьдралд санамсаргүй байдлаар орж ирнэ. Гэхдээ хэт их сандрах хэрэггүй. Энэ харилцаа удаан үргэлжлэхгүй л болов уу. Мөн эд хэрэгслийн төрлөөс болж ихээхэн уурлах хандлагатай. Та өөрийн эд хогшилдоо гамтай байхад илүүдэхгүй.

Охин

Ойрын хугацаанд өнгөрсөн дэх өөртөө дүгнэлт хийж, шинэ хүн болох сонголт хийх болно. Өмнө нь хийж байсан муу зуршлуудаа хаях, дуусгаагүй даалгавраа хийж гүйцэлдүүлэх, төлөвлөгөөгөө өөрчлөх гэх мэт шинэ хүн болох замналдаа орно. Хамгийн гол нь амьдралдаа юу хийх ёстойгоо олж илрүүлнэ. Сургалт, боловсролдоо анхаарна.

Жинлүүр

Таны хийсэн үйлдэл болон хэн нэгэнд хүчтэй нөлөөлөх болно. Гэхдээ танаас бага насны хүнд илүү нөлөөлнө. Тиймээс шийдвэр, үйлдэл, хэлж ярих зүйлсээ болгоомжтой сонго. Мөн ирэх саруудад хийх аяллаа төлөвлөж эхэлсэн нь дээр. Учир нь мөнгөө одооноос хадгалахгүй бол аялж чадахгүй байх эрсдэлтэй.

Хилэнц

Гэр орондоо цаг гаргаарай. Хэн нэгэн шинээр тань дээр зочлох төлөвтэй байна. Мөн гэр бүлдээ цаг гаргавал ямар ч муу зүйлс тохиолдохгүй. Учир нь та сүүлийн үед хэтэрхий гаднын хүн мэт зан араншин гэр бүлдээ гаргасан, эсвэл гэрээсээ хол удаан хугацаанд явсан байх. Мөн хамтран ажилладаг хүн, эсвэл хамт сурдаг хүмүүстэйгээ холбоотой байгаарай. Танд тэдний тусламж хэрэг болно.

Нум

Энэ хугацаанд та ямарваа нэгэн харилцаанд ялахын тулд золиос гаргах шаардлагатай болно. Бусадтай эв зүйгээ олохын тулд харилцааны шинэ дадал өөртөө бий болго. Санхүүгийн асуудал тун таагүй харагдаж байна. Зөв зохицуулж чадвал ирэх саруудад өөртөө зориулж маш үнэтэй, эсвэл их зарлагатай зүйл худалдаж авах болно. Мөн өнгөрсөнд үлдсэн хүмүүсийн амьдралд бүү хошуу дүрж, саад хий.

Матар

Энэ долоо хоногт санхүүгээ зохицуулах гэж бага зэрэг стресстэй нүүр тулах нь. Өр зээл, эсвэл ямар нэгэн мөнгөн төлбөр гарч ирнэ. Гэхдээ бүх асуудлыг тун удалгүй шийдэж, ард нь гарах тул сэтгэлээ аль болох тайван байлгах хэрэгтэй. Үүнээс гадна төлөвлөсөн ажил тань нэг л бүтэж өгөхгүй, эсвэл та хиймээргүй санагдаж магадгүй. Бүх зүйлийг түр хойш тавиад, шинэ зүйл турших сонирхолтой байж магад. Тиймээс уян хатан байж сураарай.

Хумх

Өмнө нь хэзээ ч төсөөлөөгүй хүндээ татагдана. Мөн ажлаа цалгардуулах төлөвтэй байна. Та хэн нэгэнд татагдлаа гээд өөрийн үүрэг, хариуцлагаа мартаж болохгүй. Амьдралынхаа гол зорилгоо үргэлж санаж яв. Гэр бүлийнхэн тань таны одоо хийж буй ажлыг үнэлэхгүй байж магад. Гэхдээ шинэ зүйл туршихад хэзээ ч оройтохгүй шүү дээ.

Загас

Томоохон зүйлтэй холбогдож мэднэ. Ажил, бүлгэм зэрэг талбарт ирэх саруудад завгүй байх төлөвтэй байна. Энэ долоо хоногт танд шинэ боломжууд гарч ирж, дотор хүнтэйгээ тэрсэлдэж эхлэх болно. Гэхдээ шийдвэрээ олно. Хэт их алдар нэр, мөнгөний амтад шунаад хэрэггүй. Учир нь хэзээ ч сайн зүйл тохиолдохгүй. Өмнө нь төлөвлөж байсан ажлуудаа мартаж болохгүй. Утсаа үргэлж чагна. Шинэ мэдээ ирнэ.

Зөвхөн өглөө эрт босдог хүмүүсийн л мэдэрдэг 7 МЭДРЭМЖ

Өглөө эрт босох гэж хичээдэг ч босож чаддаггүй юу? Өглөө босох талаар түмэн зөвлөгөө сонссоноос өглөө л тохиодог гайхалтай мэдрэмжүүдийг мэдээд авчихвал өөрийн эрхгүй босох эрч хүчийг өгөх болно. Өглөө эрт босдог хүмүүсийн л мэдэх нарийн нандин мэдрэмжүүд юу гээч? 

#1 Өглөө эрт босох нь сэтгэл санааг ер бусын сэргээдэг

Өглөө эрт сэрэх нь багагүй тэсвэр тэвчээр шаарддаг. Харин нэгэнт босчихвол хэцүү давааг давсан мэт сэтгэл сэргээд л сайхан мэдрэмж төрдөг дөө? Эрт босоход өглөөг тайван тухтай эхлүүлж, өөртөө цаг гаргадаг тул өдрийн турш сэтгэл өөдрөг, сайхан ааштай байхад ч нөлөөлөх болно. Тиймээс ч өглөө эрт босдог хүмүүс хамгийн өөдрөг, найрсаг байдаг юм шүү.

#2 Том зорилгоо гүйцэлдүүлэх урамтай цаг

Өглөө 1 цагаар эрт босоход л шалгалтандаа бэлтгэх, хэл сурах, дасгал хийх зэргээр гүйцэлдүүлэхийг хүссэн зорилгодоо гаргах цагтай болчихно гэсэн үг. Өдөр бүр тогтмол цагт босч, зорилгынхоо төлөө хичээллэх нь 21 хоногийн дараа дадал болон тогтох болно. Гол нь өглөө бүтээмж өндөр байдаг тул богино хугацаанд ихийг амжуулах ид шидтэй.

#3 Зөвхөн өглөө эрт л мэдэрч болох гайхалтай мэдрэмжүүд бий… 

Үүрээр сэрэхэд бороо орсон байх, зуны өглөө нар мандахыг харах, цонхоо нээтэл цас хаялах… гээд л зөвхөн өглөө эрт босч л мэдрэх боломжтой ер бусын мэдрэмжүүдийг эргэн санацгаая. Эрт босвол нэгийг дуулна гэдэг шиг л зөвхөн өглөө босоод л мэдрэх амьдралын гайхалтай мөчүүдийг бүү алдаарай.

#4 Өглөө эрт босдог хүмүүс илүү их дататай байдаг 

Өглөө босоод иога хийх, цэвэр агаарт гүйж алхангаа дуу подкаст сонсох, онлайн хичээл үзэх гээд л маш олон үр бүтээмжтэй зүйлсийг хийхэд дата хамгийн чухал. Тэгвэл өглөө эрт босдог хүмүүст зориулсан Мобикомын өглөөний дата багц маш хямдхан буюу 1500-3500 төгрөгийн үнэтэйг та мэдэх үү? 15 хоногийн турш өглөөний турш бичлэг үзсэн ч дуусахааргүй 50-150 GB дата гээд бод доо.

#5 Тайван тухтай өглөө – Хамгийн аз жаргалтай мөч 

Хавар зуны дулаахан өглөө өглөөний цайгаа гадаа саравчинд суун таашааж, амтат кофе цай уух сайхан биш гэж үү? Өглөөний цайгаа эртлэн тухтай уух боломж зөвхөн эрт босдог хүмүүст л бий. Өглөө эрт цай ууснаар ходоодны хүчил ялгаралт багасдаг бөгөөд жингээ барих, гуалиг сайхан харагдах болно.

#6 Зөвхөн өглөө эрт босдог хүмүүсийн л олж хүртэж болох олон урамшуулал байдаг 

Өглөө эрт кафе, үйлчилгээний газруудад хүн багатай байдаг тул та өглөөний цагаар төрөл бүрийн урамшуулал авч, дээрээс нь хүн багатай сэлүүхэн орчинд суух боломжтой.

#7 Нам гүм, амар амгалан, онгод төрөх агшин

Өглөө эрт 05:00-07:00 цагийн хооронд босоход нойрноосоо бүрэн сэрж амжаагүй намуухан хот таныг угтах болно. Чимээ аниргүй намуухан орчин эрхгүй амар амгаланг мэдрүүлдэг болохыг эрт босож байж л мэдэрнэ шүү. Өглөө эрт босоод өөрийгөө сэргээхэд ухаан санаа яг л шинэхэн нээсэн дэвтэр шиг байдаг. Бүх зүйл боломжтой, бүгдийг хийж чадах мэт гайхалтай урам зориг төрөх болно.

 

Сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гаднах спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагт нээлттэй байлгах захирамж гарлаа

Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хорооллын гаднах биеийн тамир спортын талбайг хүүхдүүдэд нээлттэй байлгах тухай Хотын даргын захирамж өнөөдөр гарсан байна.

Захирамжид:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох нөхцөлийг бүрдүүлэхийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, СӨХ-д үүрэг болгожээ.

Түүнчлэн осол, эрсдэлээс сэргийлж биеийн тамир спортын болон тоглоомын талбайн хашаа, хашлага, тоглоомын бүрэн бүтэн байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулах ажилд хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын байгууллага болон дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад даалгасан байна.

​Т.Доржханд: 14 хоног ажиллаад 14 хоног амрах заалт уул уурхайн салбарынхныг хүнд байдалд оруулж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч, уурхайн ажилчдын төлөөлөл Хөдөлмөрийн тухай хуулиас болж уул уурхайн салбарын ажиллах хүчний том асуудал үүсч байгаа тул энэхүү хуулийг өөрчлөх ёстой талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын эдийн засаг арван жилийн хугацаанд таг гацчихсан. Өсөлтийг сүүлийн 10-15 жил түлхэж ирсэн уул уурхайн салбар зогсоод байна. Учир нь энэ салбар ажиллах хүчний дутагдалд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг олон жилийн дараа шинэчлэн баталлаа гэж том мэдэгдлүүдийг хийсэн. Гэтэл он гарснаас хойш бодит байдал дээр уул уурхайн салбарт ажилладаг ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг зохицуулалтад шилжсэн. Үүний үр дүнд залуучуудын орлого буурч, бүтээн байгуулалт хийж байгаа компаниудын үйл ажиллагаа доголдож, гурван ээлжээр ажилладаг байсан бол дөрвөн ээлжээр ажилладаг болсон. Цаашлаад хилээ нээж эдийн засгийн асуудлаа шийдэх гэхээр уурхайнууд нь бүрэн хүчин чадлаараа ажилахгүй, ажилчдын дутагдалд орж байна. Шалтгаан нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн хуулиас болсон. Уул уурхайн салбар ажиллаж чадахгүй тохиолдол долларгүй, ханш алдаж, инфляц өсөх болно. Үр дүнд нь эдийн засаг буцаж богцлогдох гээд байна. Үүний цаад талд залуучуудын орлого буурч, нийгмийн асуудал тулгарч ажилгүйдэл ядуурал үүсэх гээд байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт ажилладаг залуусын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мөн экспортоо хурдан шийдэхийг хүсэж байвал зөвхөн боомтын асуудлыг биш уул уурхайн салбарт ажиллах боломжийг нэмэх хэрэгтэй.