Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй

“Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Бэлтэс мөрөн компанийн хууль бус үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням: “Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан. Уг үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдөөгүй, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг бичиг нь ирчихсэн. Хориглосон заалттай байхад уг үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна. Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа” гэв.

Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Уг төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр  дуусна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн мэдээллээр төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах боломжтой.

Өнгөрсөн жил 2389 залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Үүнээс оны эцэст 806 нь байнгын ажлын байртай болсон. Мөн 1700 гаруй залуусыг сургалтын дараа 15 хоног үйлдвэрийн дадлагад хамруулаад байна. Энэхүү сургалтыг 14 хоног вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулдаг. Хичээлийн агуулгын хувьд хөдөлмөрийн үнэ цэнэ, харилцааны ур чадвар, анкет бөглөх зэрэг хамаардаг. Үүнээс гадна өв соёл, эрүүл мэнд, батлан хамгаалахын чиглэлээр хичээлүүд ордог.

Энэхүү тэтгэлгийн онцлог нь хоёр долоо хоногийн сургалтын дараа хичээлд бүрэн хамрагдсан хүмүүст 500 мянган төгрөг бэлнээр олгодог. Үүний дараа үйлдвэрлэлийн дадлагыг хийвэл мөн 500 мянган төгрөг өгдөг.

Тэтгэлэгтэй төсөлд хамрагдахын тулд хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:

  • Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны иргэн байх
  • Сүүлийн гурван сар ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй
  • Сургалтад хамрагдах үед их, дээд сургууль, МСҮТ-д хамрагдаагүй байх ёстой.

Засгийн газрын 58 дугаар тогтоолоор энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо” төсөл зөвхөн иргэдэд дэмжлэг үзүүлэх бус, ажил олгогчдыг мөн харгалздаг. Тухайлбал, тогтвортой ажлын байраар хангаж, 12 сараас дээш төсөлд хамрагдсан иргэнийг ажлуулсан тохиолдолд тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөнгөлдөг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буцаан олгодог.

Ямар нэгэн боловсрол эзэмшээгүй иргэд ч энэ төсөлд хамрагдаж болно. Тиймээс мэргэжил эзэмшээгүй залуус хөдөлмөрт оролцоотой байх талаар сайн ойлголт авдаг. Өнгөрсөн жил хамрагдсан иргэд энэ жил хамрагдах боломжтой эсэх талаар тодруулж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн тухайд дахин хамрагдах боломжгүй юм байна. Бүртгүүлэх иргэд E-mongolia системд хандах эсвэл нэг цэгийн үйлчилгээний төвд очиж биечлэн бүртгүүлэх боломжтой.

 Эх сурвалж:ХНХЯ

Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд гаргажээ. Төсвийн тухай хууль болон хэмнэлтийн горимын дагуу нийслэл цаашид хоёр орлогчтой ажиллах бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өөрөө шийдэх юм.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өчигдөр батламж гардууллаа.  

Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ.  Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ” гэв.

зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн тэтгэлэг Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх мэргэжлээр суралцах залуусыг дэмжсэнээрээ онцлог. Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг  бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.

Оюутнуудыг төлөөлж АШУҮИС-ийн оюутан Г.Хонгорзул сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр “Ерөнхий сайдын тэтгэлэг оюутан залуус бидний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, суралцах тэгш боломж олгож байна, маш их баяртай байна” гэлээ.

Мөн Лейден их сургуулийн докторын хөтөлбөрийн оюутан М.Ренчинханд “Зүрх судасны оношилгооны чиглэлээр мэргэшиж буй миний хувьд судалгааны ажлаа хийж, үргэлжлүүлэн суралцах боломжийг Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгож байна. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад Монгол Улсдаа хувь нэмрээ оруулах зорилготой суралцаж байна” гэж хэллээ.

зураг

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 

-“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хуулийг УИХ-аас баталсан. Энэ нь нэг сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зорилготой. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн дарамт үүсч байгаа одоогийн нөхцөл байдалд бага орлоготой иргэдээ хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэхүү ажил олгогчоос ирүүлсэн тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна. Өөрөөр хэлбэл тавдугаар сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно. Нэг сая төгрөг түүнээс доош цалингаас тооцон шимтгэл төлсөн албан журмын болон сайн дурын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг буцаан олгох юм. Харин нэг сая төгрөгөөс дээш цалин хөлстэй иргэнд шимтгэл буцаан олгохгүй.

Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 625 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 609 хэрэг шалгагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;
  • Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
  • “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн тендер”-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг;
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэрэг багтаж байна.

ЭХ СУРВАЛЖ:АТГ

МОНГОЛ УЛСАД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ЗЭРЭГ 37 ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ БАЙНА

Монгол улсад их дээд сургууль төгсөгчдын 70 хувь нь нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшин төгсдөг. Энэхүү 70%-ийн 50%-ийг банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлүүд эзлэж байна. 240 мянган гаруй оюутнуудаас судалгаа авахад 60% нь “Энэ мэргэжлээр сурах сонирхол байгаагүй” гэж хариулжээ. Сургууль төгсөж байгаа оюутнуудын ердөө 20 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил байгаа юм.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, хуурай салхитай байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсэж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 25-нд Халх голын хөндийгөөр,
  • 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

ДЭМБ: Дэлхий даяар ‘‘Сармагчны цэцэг’’ өвчин 92 тохиолдол бүртгэгдсэн

ДЭМБ сармагчны цэцэг лабораториор батлагдсан 92 тохиолдлын талаарх мэдээллийг 12 улсаас хүлээн авсан гэж мэдээллээ. Үүнээс гадна 28 тохиолдлын хариуг хүлээж байгаа юм байна. Одоогоор энэхүү өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.

Сармагчны цэцэг өвчин нь төв болон баруун Африкийн алслагдсан бүс нутагт голчлон тохиолддог ховор вирусийн халдвар юм байна. Өвчин нь халуурах, хордлого өгөх, арьсан дээр тууралт гарах хэлбэрээр илэрдэг. Сармагчны цэцэг өвчин шинж тэмдэг хэдэн долоо хоногийн дараа арилдаг боловч зарим тохиолдолд хүндрэл үүсгэж, бүр үхэлд хүргэдэг гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн мэдлэггүй хүүхдүүд цахилгаан дугуй унаж байна

Цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа залуучуудын тоо эрс нэмэгдсэн энэ үед аюулгүй байдлыг хангах нь маш чухал байна. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд ихээр унаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Цахилгаан дугуй буюу суррон, скүүтер зэргээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээ нь Суррон загварын цахилгаан дугуй л гэхэд төрөл дотроо асар хүчтэйдээ тооцогддог. Богино хугацаанд 45 км цаг хурдлах чадвартай. Тэгвэл энэ хэмжээний огцом хурдыг өсвөр насныхан зогсоох ур чадвар огт эзэмшээгүй. Нэг үгээр ханасан хэмжээнд жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн ямар ч мэдлэггүй гэсэн үг. Уулзвар гарц нэвтрэх, явган замаар зорчиход цахилгаан дугуйтай гарахдаа явган хүний зорчих стандарт мөрдөгдөх ёстойг анхааруулж байна.

Монгол улсад электрон мотоцикл буюу Суррон болон бусад цахилгаан дугуйг хэрхэн хэрэглэж, ямар ангилалд оруулах тухай өнөөг хүртэл ямар ч техникийн үзүүлэлт байхгүй. Үүнийг олон жилийн турш батлаж, журамлаагүй байна. Угтаа бол АТҮТ энэхүү техникийн үзүүлэлт дээр анхаарах ёстой. Зах замбараагүй орж ирдэг худалдаанд нээлттэй байгаа энэхүү цахилгаан дугуйнуудад стандарт тогтоож, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай мэдээллийг ил тод мэдээлэх нь чухал байна. Хүүхэд залуучууд цахилгаан дугуйтай явган хүний замаар хурдтай зорчдог, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрдөг, машин сүлжиж явдаг, хажуу эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирдэг, замын голоор зорчдог, үргэлжилсэн цагаан шугам дагаж хурдалдаг зэрэг осол аюул үүсгэх шалтгаан болоод байна.

Угтаа бол цахилгаан дугуйг 16 наснаас доош насныхан хэрэглэх нь аюултай. Энэ дагуу 16 ба түүнээс дээш насныхан унах зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа. Хэрвээ бага насны буюу 16-аас доош насны хүүхдээ цахилгаан тээврийн хэрэгслээр асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулсан бол эцэг эхэд хариуцлага хүлээлгэдэг. Зөрчлийн тухай хуулийн 14,7-ийн 54-т зааснаар эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлөгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.