Бороо, нойтон цас орж ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр /2022.04.25/ Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.

Цаг уурч Э.Мөнх-Эрдэнэ “Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Мөн Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ихэнх, төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, цаг агаар ихэнх нутгаар эрс ширүүснэ, Дархадын хотгор, хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан. Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга боллоо

“PUBG Mobile” тоглоомын Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Pro League – South Asia Spring 2022” тэмцээний финалын тоглолтууд гурван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа.

Тэмцээнд дэлхийн аваргын долоодугаар байрын шагналт Монголын “Stalwart Esports” баг түрүүлж 18500 ам.долларын эзэн болов.

Харин хоёр, гуравдугаар байрт Балба улсын “Deadeyes Guys” болон “Trained 2 kill” багууд орсон бол Монголын “IHC Esports” баг дөрөв “Seal Esports” баг долоодугаар байрыг эзэллээ.

Тэмцээний эхний 10 байрт шалгарсан багууд “PUBG Mobile Pro League – South Asia Championship Spring 2022” тэмцээнд оролцох эрхээ авч буй бол 16 баг бүгд “PMPL South Asia Fall 2022” цувралд оролцох боломжтой боллоо.

Хүснэгт:

  1. Stalwart Esports (Монгол) – 234 оноо
  2. Deadeyes Guys (Балба) – 215
  3. Trained 2 kill (Балба) – 212
  4. IHC Esports (Монгол) – 209
  5. JyanMaara (Балба) – 158
  6. Skylightz Gaming (Балба) – 155
  7. Seal Esports (Монгол) – 138
  8. DRS Gaming (Балба) – 135
  9. High Voltage – 120
  10. Phanton Esports – 107
  11. Raw Esports (Балба) – 100
  12. 7Sea Esports (Балба) – 92
  13. Vibes Esports (Балба) – 88
  14. ElementriX (Балба) – 81
  15. Savage Esports (Монгол) – 56
  16. Venom Legends (Бангладеш) – 52

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг тавдугаар сарын 1-ээс эхэлнэ

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлнэ.

Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэдгийг тогтоосон байдаг. Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.

Манай улсын хувьд 2018 оноос нас, насны багцаар ангилан даатгуулагч-иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хамруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч иргэдийн оролцоо, идэвх сул хэвээр байсан юм. Иймд нийт хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдвар бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор насны багц болон оношилгоо, шинжилгээний нэр төрлийг шинэчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолоор батласан.

Ингэхдээ хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Хуучин мөрдөгдөж байсан тушаалд зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэчилсэн журмаар 0-18 насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдэж, нийт 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийхээр холбогдох мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангажээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдол, амны хөндий, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж өвчний хүндрэл, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм.

Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улс, орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2.    Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:

3.    Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ

4.    Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.

5.    Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:

6.    Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7.    Дүгнэлт бичих

8.    Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

 

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2.    Эмнэлзүйн үзлэг:

3.    Биеийн хэмжилт, БЖИ:

4.    Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:

5.    Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:

6.    Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7.    Дүгнэлт бичих

8.    Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана. Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

 

Багц 3: 18-30 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

4.    ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Зүрхний цахилгаан бичлэг,

7.    Цээжний рентген зураг

8.    Эмчийн үзлэг

9.    Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

10. Дүгнэлт

11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

 

Багц 4: 31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5.    ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

6.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

7.    Эсийн шинжилгээ –ПАП тест,

8.    Хэвлийн хэт авиа,

9.    Бамбайн хэт авиа,

10. Хөхний хэт авиа,

11. Зүрхний цахилгаан бичлэг,

12. Улаан хоолой, ходоодны дуран,

13. Цээжний рентген зураг

14. Эмчийн үзлэг:

15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

16. Дүгнэлт

17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

 

Багц 5: 46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Эсийн шинжилгээ –ПАП тест,

7.    Хэвлийн хэт авиа,

8.    Бамбайн хэт авиа,

9.    Хөхний хэт авиа,

10. Зүрхний цахилгаан бичлэг,

11. Улаан хоолой, ходоодны дуран,

12. Цээжний рентген зураг

13. Эмчийн үзлэг

14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

15. Дүгнэлт

16. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

 

Багц 6: 61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Хэвлийн хэт авиа,

7.    Бамбайн хэт авиа,

8.    Хөхний хэт авиа,

9.    Зүрхний цахилгаан бичлэг,

10. Улаан хоолой, ходоодны дуран,

11. Цээжний рентген зураг

12. Эмчийн үзлэг

13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

14. Дүгнэлт

15. Зөвлөгөө

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.IV.25-2022.V.1

Хонь

Ажлын байран дээрх өрсөлдөөнөөс болгоомжил, учир нь тэд таны алдагдсан боломжуудыг олж авах гэж байна. Бага зэрэг нийтэч байхыг зөвлөж байна. Мөн үр бүтээмжтэй ажиллахад туслах шинэ хүмүүстэй танилцаарай. Санхүүгийн тал дээр орлого нэмэгдсэн, амжилттай долоо хоног болно. Тиймээс урт хугацаандаа амжилттай байхын тулд шинэ хөрөнгө оруулалт хийх тухай бодож үзэхэд гэмгүй. Гэрт тань гэнэтийн зочин ирж магадгүй. Энэ нь таны өдөр тутмын тогтсон хэмнэлийг жаахан эвдэж магадгүй юм.
Үхэр
Энэ долоо хоногт та урам зоригоор дүүрэн байх ба энэ нь таны эргэн тойрны хүмүүст сайнаар нөлөөлнө. Шинэ төсөл эхлүүлж, ажил дээрээ завгүй байна. Гэнэтийн зардал гарч болзошгүй тул мөнгө зарцуулалтдаа анхаарлаа хандуулаарай. Гэр бүлийнхэн тань сэтгэл санаа тайван аз жаргалтай байна. Гэрлэсэн хосууд хүүхэдтэй болох магадлал өндөр байна. Зарим нэг хүмүүс олон нийтийн арга хэмжээнд оролцож магадгүй. Хурц хоол хүнснээс татгалзаж, ходоод гэдсээ хямраахаас зайлсхийгээрэй.
Ихэр
Аливааг ухаалаг өнцгөөс харж, асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Ажил дээрээ бусдад туслахын тулд өөрийгөө орхигдуулах вий. Албан ёсны ажил хэргийн аялал хийж магад. Мөн энэ долоо хоногт өөрийгөө таниулах боломж бүрийг алдахгүй ашигла. Бизнесийн шинэ гэрээ байгуулж магадгүй. Гэр бүлийн тань хүний эрүүл мэнд сайнгүй байна. Таны эрүүл мэнд сайн байгаа тул дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэмнэлийг сонгоорой. Өнгөрсөн ба ирээдүйд санаа зоволгүй өнөөдрөөрөө амьдар.
Мэлхий
Энэ долоо хоногт ажил дээрээ илүү хариуцлагатай байж, анхаарлаа төвлөрүүлэн, хувийн өндөр зохион байгуулалттай байх шаардлагатай. Үүний үр дүнд таны гүйцэтгэл нэмэгдэнэ. Гадаадад ажиллах сайхан боломж гарч ирж ч магадгүй юм. Гадагшаа явж ажиллаж, сурах хүсэлтэй хүмүүс энэ долоо хоногт сайхан мэдээ сонсох магадлалтай байна. Мөнгөө хэрхэн зарцуулж байгаадаа дүн шинжилгээ хийж, ирээдүйдээ баталгаатай байхын тулд ухаалаг шийдвэр гарга. Хайр дурлалын амьдрал учир зүйгээ олохгүй байх магадлалтай. Эрүүл мэндээ анхаарч, гэмтэж бэртэхээс сэргийл.
Арслан
Энэ долоо хоногт санхүүгийн хувьд аюулгүй байж, хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулах боломжтой болно. Хэн нэгэнд мөнгө зээлэхээс татгалзах хэрэгтэй. Мөн хүнээс зээл авахаас ч зайлсхий. Амьдралынхаа болон өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, хайртай хүмүүстэйгээ илүү сайн танилц. Гэр бүлийн аялал төлөвлө. Сэтгэл ханамжаа дээшлүүлэх нь ажил, амьдралд тань ашиг тусаа өгнө. Бизнесийн шинэ санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлснээр амжилтад хүрэх боломжтой.
Охин
Энэ долоо хоногийн турш та завгүй байж, олон төрлийн төсөл, хөтөлбөрт хамрагдана. Дуусгаж амжаагүй олон ажлаа дуусгана. Санхүүгийн байдал сайжирна. Илүү их мөнгө олох шинэ санаа төрж магадгүй. Цахим сургалтад хамрагдаж, карьераа ахиулаарай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд анхаарал хандуул. Жижиг саад бэрхшээлүүдийг үл харгалзан, том амжилтын төлөө урагшаа. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай. Нуруу өвдөж болзошгүй.
Жинлүүр
Ажил хэргийн харилцаагаа тодорхой байлга. Танай хамт олон, багийн гишүүд хамтран ажиллахдаа хойрго хандаж, та стресст орж болзошгүй. Тав тухтай бүсдээ хоргодоод байлгүй шинэ зүйл туршиж үзэхийг зөвлөж байна. Санхүүгийн эрсдэл гаргахаас зайлсхий. Аливаа шийдвэр гаргахдаа эргэлзэж байвал ойр дотныхоо хүмүүсээс зөвлөгөө аваарай. Хүсээгүй маргаанаас зайлсхийхийн тулд хайртай хүмүүстэйгээ хүндэтгэлтэй бөгөөд үндэслэлтэй харьцаарай. Цээжтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй.
Хилэнц
Ажлын байрны орчин таатай бус байснаас зорьсон зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай. Аливааг хөнгөн хүлээж авахыг хичээгээрэй. Ингэснээр илүү эерэг, баяр баясгалантай орчныг өөртөө бүрдүүлж чадна. Эргэн тойрондоо өөдрөг үзэл түгээхийг хичээгээрэй. Удирдах албан тушаалтнуудаасаа магтаал сонсоно. Бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлтэй тулгарч, төслүүд саатаж болзошгүй. Ингэснээр зээл авах шаардлага үүснэ. Оюутан, сурагчдад гадаадад суралцах боломж гарч ирнэ.
Нум
Бизнес эрхлэгчид шинэ гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Хувийн асуудлаа шийдвэрлэхийн тулд аливаад ухаалгаар хандаарай. Ухаалаг, хүлээцтэй байсны эцэст энэ долоо хоногт удаан хүлээж байсан боломжоо гартаа оруулж мэдэх юм. Урт хугацаандаа та үүнээс ашиг хүртэнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ гэр бүлийн хүнийхээ санал, зөвлөгөөг сонсоорой. Харилцаагаа шинэ шатанд гаргахын тулд ярилц. Хүүхдүүдийн хичээл, сурлага сайн байна. Ямар нэгэн санаа зовоосон зүйл байгаа бол хөгжим сонсох зэргээр өөрийгөө тайвшруулаарай.
Матар
Энэ долоо хоногт та нөхөрлөл, гэр бүлийн харилцаагаа сэргээх боломжтой. Гэр орны асуудлуудаа цэгцэлж, “ужгирсан” ажлаа дуусга. Санхүүгийн луйварт өртөхөөс болгоомжил. Ажил дээрээ өөдрөг, гэгээлэг байснаар хүн бүхэн танд талархах болно. Үүний үр дүнд бусад хүмүүс ч илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой болно. Эрүүл мэнддээ анхаарч, жижиг зүйлийг ч сайн ажиглаарай. Хайртай хүнтэйгээ маргалдаж, түрэмгий зан гаргахаас зайлсхий. Аль болох гэртээ цагийг өнгөрөө.
Хумх
Энэ долоо хоногт та өмнөх хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэнэ. Дотнын найз, эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ бизнесийн түнш болох нь ашигтай. Аливаад тайван хандвал ажил мэргэжилдээ амжилт гаргах боломжтой байна. Уур хилэнгээ барьж чадахгүй бол танд л ашиггүй. Энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй ажил төрөл, бусад харилцаанд ч сөргөөр нөлөөлнө. Хувийн асуудлууд санаа зовоож, эрч хүчийг тань гундааж магадгүй. Асуудлыг даван туулахын тулд ханиасаа дэмжлэг ав.
Загас
Энэ долоо хоногт ачаалал ихтэй байж, бие махбод, сэтгэл санааны ядаргаанд орж болзошгүй. Төсөл, даалгаврыг амжилттай удирдан чиглүүлснээр карьертаа ахиц гаргана. Гадаад улсад аялах боломж гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ үл ойлголцохоос сэргийлж, эрүүл харилцаатай байхыг эрхэмлэ. Шаардлагатай үед ахмад хүмүүсээс зөвлөгөө авахад буруудахгүй. Ходоод өвдөж магадгүй тул хоол ундандаа анхаар, стрессээс өөрийгөө чөлөөл. Аливаа сорилтод бэлэн, хүчтэй, зоригтой байгаарай.

Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлана гэдгээ Засгийн газар хэлж буй. Төсөв хэмнэх болоод төрийн данхар байдлыг бууруулахын тулд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах дэд дарга нар цомхотголд орно. 

1. Биеийн тамир, спортын улсын хороо нэг дэд даргатай. – Ц.Одонбаяр ажиллаж байна;

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван дэд даргатай. Тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, дэд дарга Д.Энхсайхан, дэд дарга Б.Мөнхдөл нар ажиллаж байна;

3. Стандарт, хэмжил зүйн газар нэг дэд даргатай;

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэг дэд даргатай – А.Ариунболд;

5. Төрийн худалдан авах ажиллагааны газар нэг дэд даргатай;

6. Цаг уур, орчны шинжилгээний газар нэг дэд даргатай – Б.Баттулга;  

7. Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай – Б.Батхишиг, Ц.Гэндэнцэвээн нар ажиллаж байна;

8. Татварын ерөнхий газар нэг дэд даргатай – Ц.Цогтжаргал;

9. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Билгүүн; 

10. Архивын ерөнхий газрын нэг дэд даргатай – Ч.Оюунчимэг;

11. Гадаадын иргэн, харьяатын газар нэг дэд даргатай – Д.Мөнхбаатар;

12. Оюуны өмчийн газрын нэг дэд даргатай;

13. Нийгмийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Саран;

14. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөдөлмөр болон нийгмийн асуудал хариуцсан хоёр дэд даргатай;

15. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэг дэд даргатай – Н.Самъяа;

16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар захиргаа хамтын ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан хоёр дэд даргатай;

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нэг дэд даргатай – М.Буяндэлгэр;

18. Соёл урлагийн газар нэг дэд даргатай;

19. Иргэний нисэхийн ерөнхий газар нэг дэд даргатай- Б.Алтанцом;

20. АМГТГ нэг орлогч даргатай- Ц.Эрдэнэбаяр;

21. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай – Г.Гийхнаран

Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогч даргатай ажиллаж байгаа бол энэ хууль батлагдсанаар хоёр орлогчтой ажиллана гэсэн үг. 

Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм. 

Шүд цоорсгоос янгинаж лугшиж өвдөж эхэлсэн бол өвчин хүндэрсний илрэл

Амны хөндийн эрүүл мэнд ба шүд цоорол, түүний хүндрэлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Нүүр, амны эмчилгээний тасгийн эмч Г.Мишээл зөвлөж байна.

Тэрбээр, Хүүхэд зургаан сартайгаас шүдлэхээс эхлэн 2.5 нас хүртэл хүүхдийн дээд, доод талд тус бүрт 10 шүд ургаж, сүүн зуулт үүсдэг. Зургаан наснаас 12-13 нас хүртэл шүд нь нэг нэгээр унаж, солигдож ургасаар ясан шүд буюу байнгын зуулт үүснэ. Гаднаас стрептококкус мутанс нянгийн халдвар авсны дараа цаг хугацааны туршид нүүрс ус буюу чихэрлэг хоол, хүнсний нөлөөгөөр шүдний пааланд нэвчиж шүдний цоорол үүсдэг.

Нэгэнт цоорсон шүд нөхөн төлжихгүй, цоорлын явцыг зөвхөн эмчилгээгээр зогсооно. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвөөс 2018 онд сургуулийн өмнөх насны судалгаанд хамрагдсан 1100 гаруй хүүхдийн 86 хувь нь шүд цоорох эмгэгтэй байсан.

Дэлгэрэнгүйг:

https://www.facebook.com/watch/live/?ref=external&v=724019601947873

Хүүхдийн мөнгө барьцаалан зээл олгох, зээлд суутгахыг хориглоно

2020 оны гуравдугаар сараас эхлэн төрөөс хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байна. Хүүхдийн мөнгө нь хүүхдэдээ зарцуулагдахгүй хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд шилжүүлж байгааг шүүмжлэх нь түгээмэл билээ.

Иймд Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг хариуцлагагүй эцэг, эхийн данс руу биш хүүхдийн хадгаламжийн данс руу, эсвэл тухайн хүүхдийг асран халамжилж буй жишээ нь эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг хийсэн гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Уг журамд Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон байна.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох ЖУРАМ-д: 

5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
      5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
      5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
   5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.

5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

ӨДӨРТ 1000 ГАРУЙ ДАНСААР 2000 ОРЧИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ГҮЙЛГЭЭ ХИЙГДДЭГ БАЙСНЫГ ТОГТООСОН

Сүүлийн жилүүдэд залуучууд цахим мөрийтэй тоглоомд донтож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө зарж үрэх,   цаашлаад их хэмжээний өр, дарамтад орох тохиолдлууд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насныхан холбогдох нь ихэссэн байна.

Тодруулбал цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олно гэсэн сэдлийг  төрүүлэх тактик ашигладаг байна.  Цахим мөрийтэй тоглоом, түүнээс үүдэлтэй  гэмт хэрэгийн тохиолдол 2021 онд 94 хувиар өссөн байна. Харин энэ оны 1-р улирлын байдлаар цахим мөрийтэй тоглоомын 93 хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтууд байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож их хэмжээний мөнгийг битүүмжилсэн байна.

 

Өдөрт дунджаар 1000 гаруй дансаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгддэг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, цаашлаад их хэмжээний өрөнд орж амиа хорлох оролдлого хийсэн ч хүн байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдээллээ. Тоглоом болон мөрий нь хуулиар шаардах эрхийг бий болгохгүй. Хэрэв мөрийтэй тоглоом тоглоод бусдад их хэмжээний мөнгөө алдсан, эсвэл эд хөрөнгөө алдсан тохиолдолд заавал тухайн эд хөрөнгийг өгөхгүй байсан ч болно гэсэн үг юм.

Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл санаа тогтворгүй,  амар хялбар аргаар мөнгө олох хүсэлт автсан, алдсан мөнгө буцааж олхын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр ч тоглоход бэлэн болсон байдаг байна.

Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан шоо, хөзөр бусад эд зүйлээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг. Мөн 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  дээрх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Харин тоглосон иргэнд зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл ногдуулдаг байна.

Гар утас худалдан авахдаа анхаарах 6 зүйл

Гар утас худалдан авах үед олон тооны сонголт, шаардлага байдаг нь таныг эргэлзэхэд хүргэдэг үү? Тийм бол, гар утас худалдан авах шийдвэр гаргахад олон цаг зарцуулахгүй байх үүднээс гар утас худалдан авахтай холбоотой зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна

1. Батарей

Та гар утсан дээрээ олон программыг нэгэн зэрэг ашигладаг хэрэглэгч үү? Эсвэл урт хугацаанд бичлэг үздэг, тоглоом тоглодог уу? Гар утасны хэт их хэрэглээ нь батарейг хурдан шавхах хандлагатай байдаг. Хэрэв та энэ ангилалд багтдаг бол удаан эдэлгээтэй батарейтай утас сонгох нь дээр.

2. Санах ой (Memory)

Утаснууд нь RAM, ROM гэсэн хоёр төрлийн санах ойтой. RAM нь таны утасны процессор болон ажиллахад хялбар байдлыг тодорхойлдог. ROM нь ихэнх хүмүүсийн санах ой гэж нэрлэдэг. Энэ нь таны утсан дээр хадгалахыг хүссэн үйлдлийн систем, программ, бүх видео, зураг, дууг хадгалахад ашигладаг санах ой юм.

Тиймээс өндөр RAM-тай утаснууд илүү хурдан, өндөр ROM-той утаснууд илүү их санах ойтой байдаг гэсэн үг. Гар утсаа дундаж хэмжээнд хэрэглэдэг хэрэглэгч 2GB RAM, 16GB ROM-д сэтгэл хангалуун байдаг.

3. Камер

Илүү мегапиксел санал болгож, бие биеэсээ илүү гарахыг хичээж буй брэндүүдтэй гар утсанд суурилуулсан камерын талаар маш их сурталчилж байна. Энэ нь таныг хуурахыг бүү зөвшөөр. Илүү их мегапикселтэй камер нь өөрөө илүү сайн зураг авчрахгүй. Мегапикселээс гадна чанартай зургууд нь ISO түвшин, диафрагм, автофокусын хурд зэрэг хүчин зүйлсээс хамаардаг.

Та гэрэл багатай үед ч сайн сайн зураг авахын тулд f/2.0 ба түүнээс доош диафрагм бүхий 12 эсвэл 16MP камертай утас сонгоорой.

Хэрэв таны камерын хэрэглээ тийм ч их биш бол 8-12 MP камертай, f/2.2 диафрагмтай утас танд тохирно.

4. Процессор

Ухаалаг утасны камерын нэгэн адил quadcore, octa core, Snapdragon, MediaTek гэх мэт үг хэллэг бүхий процессоруудын талаар цахим орчинд маш их шуугиан дэгдэж байна.

ГигаГерц (GHz)-ээр илэрхийлэгдсэн боловсруулалтын хурдыг анхааралтай харна уу. Хурд өндөр байх тусам процессор хурдан болно. Хэрэв та маш их зураг/видео засварлах эсвэл онлайн тоглоом тоглох, бичлэг цацах гэж байгаа бол илүү хурдан процессор сонгоорой.

5. Дэлгэц

5.5-6 инчийн HD эсвэл QHD дэлгэцтэй утас нь хамгийн тохиромжтой сонголт юм. Энэ нь танд халаасандаа эсвэл цүнхэндээ авч явахад хялбар байх боломжийг олгоно.

6. Үйлдлийн систем

Зөвхөн хоёр үйлдлийн систем (OS) байдаг – Android эсвэл iOS. Хэрэв та iOS-г сонгосон бол анхдагч байдлаар Apple iPhone-г сонгох болно. Бусад бүх ухаалаг гар утас үйлдвэрлэгчид Android үйлдлийн систем дээр ажилладаг. Гар утасны үйлдвэрлэгчид, гарч байгаа нөлөө зэргийн талаар интернэтээс хайж үзээд, худалдан авалтаа хийж болох юм.

ИРГЭДИЙН ӨГСӨН 15 ШААРДЛАГЫН НЭГИЙГ Ч БҮРЭН АГУУЛГААР НЬ ХҮЛЭЭЖ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛООГҮЙ

Залуучууд 4-р сарын 7-ны өдөр төв талбайд тайван жагсаал хийж 15 шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү шаардлагын дагуй төсөвт тодотгол хийж байгаа. Гэвч эдгээр шаардлагыг биелүүлээгүй, аргацаасан байдлаар хандаж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Тиймээс хүргүүлсэн шаардлагын биелэлт ямар хэмжээнд байгааг авч үзье.

Шаардлага 1.Нийгмийн даатгалын шимтгэлийг 15-18 хувь хүртэл бууруулж, татварын дарамтыг багасгах

Шаардлагын хариу.Байгууллага болон иргэний төлдөг  Нийгмийн даатгалын хувь хэмжээ хэвээрээ.  1 сая төгрөгөөс доош цалинтай иргэд төлж байгаа нийгмийн даатгалынхаа 50%-ийг буцааж авна. НДШ-ын 50%-ийг буцаан олгохын тулд төсөвт 172 тэрбум төгрөг суулгана.

Шаардлага 2:НӨАТ-ын буцаан олголтын сугалааг зогсоох, буцаан олголтын 2% хувийг 10 хувь болгох

Шаардлагын хариу.НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хэвээр үлдээж, сугалааг зогсооно гэж шийдвэрлэсэн. Иргэд өөрсдийн төлж байгаа мөнгийг өөрсдөө авъя гэдэг зорилгоор энэхүү шаардлагыг хүргүүлсэн ч сугалаагаар дамжин иргэдийн гар дээр очдог хэсэг хувийг төр авахаар болов.

Шаардлага 3. .Цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Бодит байдал. Хувийн цэцэрлэгүүдэд олгох хувьсан зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Тухайн хувийн цэцэрлэг төлбөртэй байх нь эсэх нь тухайн аж ахуй нэгжийн асуудал гэдэг байр суурийг сангийн сайд Б.Жавхлан илэрхийлсэн.

Шаардлага 4. Авилга, албан тушаалын хэрэгт ялын бодлого чангатгах

Шаардлагын хариу.Тодорхой мэдээлэл өгөөгүй

Шаардалага 5. Төр өөрөө хэмнэ

Шаардлагын хариу. Хотод том оврын машин унахгүй, дэд дарга орлогч даргагүй болох, дарга нар бизнес ангилалаар нэсэхгүй, төрийн тусгай албанаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй, 10 ТӨК-иудыг татан буулгах  зэрэг хэмнэлтийг гаргаж ирсэн. Гэвч төрд тэвчиж болох зардал олон бий гэдгийг эдийн засагчид онцолж байгаа.

Шаардлага 6. Аж, ахуй нэгж байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, зээлийн бодлогыг ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах

Шаардлагын хариу. Тодорхой хариулт өгөөгүй. Хүнс нөөцлөх зорилгоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Бусдаар ААН-үүдийг дэмжих талаар асуудал хөндөөгүй.

Сонгуулийн хар машиныг халах, Олон улсын төлбөр тооцооны системийн үйлчилгээнд Монгол улсын төлбө хүлээн авах боломжийг нээж өгөх, Иргэд олон нийтийг мэдэх эрхээр нээлттэй болгох зэрэг олон шаардлагад тодорхой хариулт хэлээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гал намжаасан, түр зуурын шийдвэр гаргахгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч энэ удаагийн жагсаалаас гарсан шийдвэр, шаардлагын хариуг түр зуур аргацаасан, богино хугацааны шийдвэр гэж дүгнэж байна. НДШ-ын 50%-ийг эргүүлэн олгох мөнгөөр сургууль, цэцэрлэг, үйлдвэр барих боломжтой байсан гэж үзэж байгаа юм.