ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Шатахууны үнэ литр тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад буй. Бид уг мэдээллийг Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, “Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. УИХ-аас баталсан “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-нд зөвхөн АИ92-ын үнийг тогтворжуулж барина гэж тусгасан байгаа” гэлээ.

МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ

Монгол улсад умайн хүзүүний хоргүй хавдар 4-5 эмэгтэй тутамд 1 тохиолдож байна гэсэн судалгааг Өргөө амаржих газраас гаргаад байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд энэ өвчнөөс болж умайгаа авхуулж, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох нь элбэг. Тиймээс дэлхий даяар умайг авахгүйгээр эмчлэх олон аргыг нэвтрүүлсэн. Монгол улсад хоргүй хавдар байгаа хэсгийн судсыг боох, түлэх аргаар умайг авахгүйгээр эмчлэдэг гэдгийг эмч хэлж байгаа юм.

Монгол улсад эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдар нийгмийн асуудал болсон учраас үүний шалтгаан нөхцөл, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор Өргөө амаржих газраас олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна.

  • Олон удаа үр хөндүүлэх
  • Олон удаа зулбах, дутуу төрөх
  • Умайн гадуурх жирэмслэлт
  • Жирэмслээгүй байхдаа эрүүл биш байсан хүмүүст хоргүй хавдар илүү  тохиолддог гэдэг нь судалгаагаар батлагдсан. Нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны эмэгтэйчүүдийн 20-50% нь хоргүй хавдраар өвчлөж байна. 60-аас дээш насныханд 70% тохиолдож байна.

Өнөөдрийн байдлаар Өргөө амаржих газрын  эмэгтэйчүүдийн тасагт хийгдэж байгаа мэс заслын 45%-ийг умайн хүзүүн хоргүй хавдраар  оношлогдож умайгаа авхуулж байгаа мэс засал эзлэж байна . Нэгэнт умайгаа авхуулсан тохиолдол дахин хүүхэдтэй болох боломжгүй. Ялангуяа өмнө нь огт төрж байгаагүй залуу эмэгтэйчүүд умайгаа авахуулах хэмжээнд хүндрүүлж байгаа нь эмзэг асуудал болсон гэдгийг эмч хэлж байна. Одоогийн байдлаар Өргөө амаржихад хавдарыг тэжээж байгаа судсыг боож, тэжээгчийг нь хязгаарласнаар хавдар жижгэрч байгааг нь олж тогтоосон, Харин Амгалан амаржихад хавдар байгаа хэсгийг түлж эмчлэж байна. Ингэснээр умайгаа авхуулахгүй, дахин хүүхэдтэй болох боломжтой юм байна.

Харин олон улсад робот мэс заслын арга, шарлагын аргаар умайн хүзүүний хоргүй хавдрыг бүрэн эмчлэж байна. Робот мэс заслын арга нь мэс засал эмч аль улсад байгаагааё үл шалтгаалан роботоор дамжуулан мэс засал хийх технологи нэвтрээд байна. Мөн шарлагын арга нь БНСУ-д эмчилгээний арганд нэвтрээд, хүлээн зөвшөөрөгдсөн арга юм. 2019 онд БНСУ-ын Сөүл хотод 2 ширхэг шарлагаар эмчлэх тоног төхөөрөмж байжээ. Сөүл хот нь 4 сая гаруй хүн амтай. Тиймээс Монгол улсад 1 ширхэг аппарат, тоног төхөөрөмж эмчлэхэд л маш олон эмэгтэй хялбар аргаар эмчлүүлэх боломж бүрдэх юм.

Өргөө амаржих газрын зохион байгуулсан онол, практикийн бага хуралд олон улсын эрдэмтэд оролцож монгол улсын эмч нартай мэдээлэл солилцсон байна. Энэ хурлын үр дүнд умайн хүзүүний хоргүй хорт хавдрын оношлогоо болон эмчилгээний стандартыг улс орон даяар нэг болгож эмэгтэйчүүдийн эрхтэнг авдаг биш  хамгаалдаг болоход чиглэсэн байна.

Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

2022 оны Эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

2016 оны тооллогоор улсын хэмжээнд Мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм.

Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харсан гэдэг.

Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.

Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоосон байна.

ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

ОХУ-ын өндөр албан тушаалтнууд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Америкууд Украинд байгуулсан биологийн лабораторийг Монгол Улсад байгуулах гэж байгаа тухай мэдэгдлийг удаа дараа хийгээд байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд: 

“Сүүлийн үед  ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Хүүхдийн мөнгийг он дуустал бүтэн буюу 100 МЯНГАН төгрөгөөр олгох чиглэл өгчээ

Засгийн газрын ээлжит бус хурал баасан гарагт болсон. Энэ үеэр Төсвийн тодотгол хэлэлцэн, хэд хэдэн үндсэн чиглэлийг Ерөнхий сайд гаргажээ. Үүнд хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох буюу Хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах санал багтжээ.

Энэ оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг зургадугаар сар дуустал хүүхэд бүрд 100 мянган төгрөгөөр олгох, долдугаар сарын 1-нээс хойш 50 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 50 мянган төгрөгийг хуримтлалын дансанд хийж, тухайн хүүхэд 18 нас хүрээд авах зохицуулалт  хийсэн байв.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг  энэ долоо хоногт УИХ эцэслэн шийднэ.

зурхай

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.IV.18-2022.IV.24

Бизнес эрхлэгч хонины ордныхон энэ долоо хоногт хэвийн ажилладгаараа ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт биеийн доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй.

ҮХЭР


Үхрийн ордныхон энэ долоо хоногт сэтгэл санааны сайнгүй байдлаасаа болж ажлын бүтээмж буурч тааруу ажиллана. Ингэснээр ажлын байран дээр өөртөө итгэлгүй болж болзошгүй. Санхүүгийн хувьд хэрэгцээгүй зүйлсэд мөнгө үрэхээ болих шаардлагатай байна. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалын асуудлаар завгүй байх болно. Эрүүл мэнд хэвийн тогтвортой байна.

ИХЭР

Бизнес эрхлэгч ихрийн ордныхон энэ долоо хоногт үйлчлүүлэгчдэдээ илүү их анхаарах шаардлагатай. Санхүүгийн хувьд таны орлого нэмэгдэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт ямар нэг хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй. Гэр бүлийн зарлага өснө. Хайр дурлалын хувьд дотно хүнтэйгээ маргалдана. Эрүүл мэнд асуудалгүй хэвийн байна.

МЭЛХИЙ

Бизнес эрхлэгч мэлхийнүүд энэ долоо хоногт чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Од эрхэсийн байрлалын нөлөөгөөр та хэрэггүй зардлуудаа танах шаардлагатай байна. Гэрлэсэн хосуудын хувьд тийм ч таатай долоо хоног болохгүй. Та хайртыхаа таныг үл тоодог занд төвөгшөөж маргалдаж болзошгүй. Тэвчээртэй байх нь чухал. Эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл хооллох шаардлагатай.

АРСЛАН

Бизнес эрхлэгч арслангууд энэ долоо хоногт өрсөлдөгчидтэй тулгарна. Бизнесийн аялалд гарч магадгүй байна. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй зардлууд гарах тул санхүүгээ бэлтгэлтэй байлгах шаардлагатай. Ганц бие арслангийн ордынхон гэр бүлийхээ дарамт шахалттай тулгарна. Эрүүл мэндийн хувьд биеийн байдал санаа зовоох зүйлгүй.

ОХИН

Энэ долоо хоногт охины ордныхон шаргуу ажиллах шаардлагатай. Шаргуу ажиллаж, ажлаа цагт нь гүйцэтгэх нь танд ирээдүйд хэрэгтэй болно. Дотны хүнтэйгээ маргалдаж муудалцаж болзошгүй. Ийм тохиолдолд тэвчээр гаргах нь хамгийн зөв шийдвэр болно. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт зүүн нүдээ гамнаж хайрлах хэрэгтэй. Ямар нэг өвчин мэдэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

ЖИНЛҮҮР

Бизнес эрхлэгч жинлүүрийн ордныхонд энэ долоо хоног хүндхэн байж болзошгүй. Хийж буй ажлуудын үр дүн хурдан гарахгүй байвал сэтгэл түгших хэрэггүй. Гэр бүлд тань томоохон зардал гарч ирэх тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн, хайрттайгаа харилцах харилцаа сайхан байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн өвчлөхөөс сэргийлээрэй.

ХИЛЭНЦ

Газрын тос, химийн бодис, машин техниктэй холбоотой бизнес эрхлэгчдэд таатай долоо хоног болж өнгөрнө. Харин хөдөө аж ахуйтай холбоотой бизнесүүдэд хүндрэл үүсч болзошгүй. Хичээл зүтгэл үргэлж сайн зүйлд хүргэдэг. Санхүүгийн хувьд энэ долоо хоногийн орлого дундажаас доогуур байна. Гэхдээ удирдлагуудын зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж, санхүүгийн асуудлыг тань шийдэж өгөх бололтой. Хостой хилэнцүүд энэ долоо хоногт хайрттайгаа романтик болзоонд явах ч цагийг тийм ч таатай өнгөрүүлэхгүй бололтой. Харин ганц биечүүд хүнд сохроор итгэхээс зайлсхийх хэрэгтэй. Нуруу өвдвөл даруй эмнэлэгт үзүүлээрэй.

НУМ

Шинэ боломжууд хаалга тогших бүрд шуурхай хариу өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нумынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Гэр бүлд үүссэн багахан асуудлуудад цэг тавиарай. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны онцгүй байдлууд эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болж байсан тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа нумынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч, хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Хэрвээ шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ долоо хоногтоо өнжөөд, илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.

МАТАР

Бизнес эрхлэгчдэд том асуудал үүсэхгүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг онцгойлон анхаараарай. Үгүй бол шинэ захиалга авч чадахгүй болоход хүрэх аюултай. Санхүүгийн хувьд элдэв асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ хадгаламжиндаа чадлаараа мөнгө нэмэхийг хичээх хэрэгтэй. Ганц бие матрууд энэ долоо хоногт насныхаа ханьтай учирч магадгүй. Харин хостой матрууд харилцаандаа жижиг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болох нь. Эрүүл мэнддээ анхаарч, их амтлагчтай хоол, хэт оройн хоолноос татгалзаарай.

ХУМХ

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж эцсийг нь үзэхийг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь салалтын үндэс болох ч аюултай. Ах дүү нартайгаа ч гэсэн болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.

ЗАГАС

Бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад тун завгүй байх бололтой. Харин ажилтан загаснууд гадаад компаниас ажлын санал хүлээн авч магадгүй. Хичээл зүтгэлээ бууруулж болохгүй. Санхүүгийн хувьд бага зэрэг таагүй долоо хоног өнгөрөх бололтой. Тиймээс санхүүгийн хүндрэлүүдээ даван туулахын тулд энэ долоо хоногийг нүдээ аниад, тэвчээд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ганц бие загаснууд амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Та хоёрын мэдрэмжүүд сайхан тохирч, ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэх нь гарцаагүй. Бясалгал хийж сэтгэл санаа, эрүүл мэндээ тогтвортой байлгаарай. Жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. хэлэхэд хэцүү ч энэ долоо хоногт та бэртэж, гэмтэх эрсдэл их байгаа тул болгоомжтой байгаарай.

Азид үнийн өсөлт эрчимжээд байна

Азид хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа энэ үед дэлхий дахин инфляцын “олон зэрэг дэгдэлт”-тэй нүүр тулж байна.
АНУ болон Европыг хамраад буй үнийн өсөлтийг Азийн орнууд тойрч гарна гэж үзэж байв. Хэдий тийм боловч БНХАУ, БНЭУ, Индонез, Филиппин, Тайланд, БНСУ зэрэг Азийн улс орнуудын инфляц шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнтэй гараад байна.

Шинэ Зеланд улс лхагва гарагт үнийн өсөлтөөс үүдэн бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хамгийн дээд дүнгээр өсгөжээ.

Харин хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д хүнсний болон эрчим хүчний хомсдол нүүрлэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өслөө. Энэ нь медиан тооцооллоос давсан хэвээр байна.

Японы Төв банкны жишиг үзүүлэлт болох шинэ хүнсний бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр тооцон гаргадаг инфляц хоёрдугаар сард 0.6 хувьтай гарсан юм. Энэ нь эрчим хүчний зардлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнд тооцогдож байна.

ОХУ Украины геополитикийн асуудал түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчим хүч, түлшний үнэ өсөж, Азийн үр тарианы нийлүүлэлтэд эрсдэл учруулж байна. Мөн бордоо, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь хүнсний үнэд нөлөөлж байгаа аж.

Түүхий эдийн үнэ өссөн нь Азийн хөгжиж буй орнуудын инфляцыг энэ онд нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 3.7 хувьд хүргэхээр байгааг Азийн Хөгжлийн банк энэ сарын эхээр мэдээлж байв.

Манай улсад мөн инфляцийн түвшин хэт өсч 14%-ийг даваад байгаа. Хэдийгээр азийн орнуудад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх хандлагатай байгаа ч дотооддоо үйлдвэрлэл эрхлэдэг, өргөн хэрэглээний бараагаа дотоосоо хангадаг улс орнууд Монгол улсын инфляцаас харьцангуй бага байгаа юм. 

зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Өнөөдөр аргын тооллын 4-р сарыэ 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх дуу сарын 13. Бархасвадь гараг. Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. 

Тухайн өдөр иогой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтний сөрөг муу нөлөөтэй тус элдвэ үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэвь үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхрлэх, уаг ихтэй үйлийг эхлүүлэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, башингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явах бол баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ гэжээ. 

ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ

Төр, засгийн байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс том оврын автомашинуудаа Улаанбаатар хот дотор унахгүй байх шийдвэрийг  засгийн газраас гаргасан. 2021 оны жилийн эцсийн байдлаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 9879 байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Зөвхөн төрийн өмчийн 1000 машины зардалд   жилд  11 тэрбум төгрөг зарцуулж байна.  

Төрд данстай автомашины тоо 9879 байна.Үүний 1767 буюу 17.9% нь жижиг тэрэг, 1364 буюу  13.8% нь том оврын, 664 буюу 6.7% нь дунд оврын автомашин байна.Статистикаас харахад, төрд 98 Lexus, 152 Nissan Patrol, 906 Land Cruiser автомашин байгаа юм.Тэгвэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Улмаар энэ асуудлыг зохицуулсан журам, Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Судалгаанд ойролцоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум, даатгал, татварт гурав орчим тэрбум төгрөг гарч байгаа гэх судалгаа гарсан. Энэ бол маш үрэлгэн зардал гэж  үзэж байна.

Төрийн өмчит компанийн гаргасан судалгаагаар нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Төрийн албанд, төсөвт байгууллагуудад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилнэ. Моторын багтаамж өндөртэй автомашиныг хэрэглэхгүй байх, байгальд ээлтэй цахилгаан, хайбрид автомашин авах, тэгэхдээ худалдан авалтыг төвлөрсөн зохион байгуулалттай хийж, бусад оронд хэрэгжүүлж буй сайн жишээнүүдийг хэрэгжүүлнэ.Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед автомашин худалдаж авахгүй.

Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг  борлуулна.  Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Автомашины тоо цөөрвөл жолоочийн тоо цөөрнө. Эхний ээлжиндээ бодитоор тав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт богино хугацаандаа гарах тооцоо гарсан байна.Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэнэ.

15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Малын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой комисстой цахим хуралдаан зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 сумын 145 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, 41 сумын 85 голомт хязгаарлалтын дэглэмд шилжсэн байна. Харин 17 аймгийн 76 сумын 192 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.

Шүлхий өвчний голомтыг хязгаарлах, халдварын тархалтыг хумих дархлаажуулалтын арга хэмжээг 17 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байгаа аж.  Энэ ажил өчигдрийн байдлаар 85.1 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа гэдгийг мэдээллээ.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын 2022 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Шадар сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулсан байна. Цаашид мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг тус төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийг аймгуудын Онцгой комисст танилцуулсан юм.

Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,

  • Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах
  • Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх
  • Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах
  • Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах
  • Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.