зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.IV.04-2022.IV.10/

ХОНЬ:Энэ долоо хоногт та өөрийн байр сууриа баттай хадгалах гэж хичээх болно. Хэн нэгэн танаас ямар нэгэн зүйлийг тань булааж авахыг оролддог бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг ойлгуулах цаг болжээ. Магадгүй бусдын нүдэнд та түрэмгий, уур уцаартай харагдсан, үг биш үйлдэл тань таны өмнөөс ярьж, зөв гэдгийг тань батална. Хамт олны дэмжлэг шаардлагатай болно. Тэднээс дэмжлэг хангалтгүй байснаас болж сэтгэл дундуур үлдэж болзошгүй.

ҮХЭР:Тэвчээр шалгасан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Албан тушаал дагаж хариуцлага ирдэг. Энэ долоо хоногт та олны анхаарлын төвд байж магадгүй юм. Шинээр ажил хайж, ажил хэргийн шинэ гэрээ байгуулахыг зорьж буй бол, эсвэл хүүхдүүдийн тань сургууль дээр асуудал гарвал та хэн ч биш болсон мэт ойлгомжгүй байдал үүсч болзошгүй. Яаж ч хичээгээд, хүмүүс түүнийг тань ойлгохгүй байх үе бас бий.

ИХЭР:Та ихрийн ордонд төрсөн шигээ амьдралын ихэнх хугацаанд замаа мэдэхгүй өнгөрөөсөн юм биш биз. Энэ долоо хоногт мөн л салаа замын уулзвар дээр ирж, сонголт хийх шаардлагатай тулгарах нь. Гэхдээ та зөв шийдвэрийг зовлонгүй гаргаж дөнгөнө. Урт хугацааны турш тэсэн ядан хүлээж байсан зарим нэг төлөвлөгөө тань нуран унаж магадгүй. Гэхдээ бүх итгэл найдвараа бүү алдаарай. Асуудлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар шийдвэрлэхийг зөвлөж байна.

МЭЛХИЙ:Амжилтад хүрэхэд чинь саад болж буй хэн нэгэн байгаа бололтой. Гэхдээ хөндлөнгийн хэн нэгэн биш, сэтгэлийн холбоотой нэгэн юм. Шаардлагагүй холбоог таслан зогсоож, ирээдүйн замаа засах хэрэгтэй. Гэр бүлийн хүн чинь цалингаа хасуулж, ажлын хамтрагч чинь ажилдаа ховорхон ирэх болж, таны нуруун дээр илүү их ачаа ирэх төлөвтэй байна. Эдгээр бэрхшээлийг та даван туулаад, дараагийн адал явдалдаа ханцуй шамлан ороход бэлэн бай.

АРСЛАН:Та энэ долоо хоногт орчин тойрныхноо байлдан дагуулж, амжилт олох нь. Танд ямар нэгэн гайхалтай зүйл тохиолдох бөгөөд энэ нь итгэхийн аргагүйгээр сэтгэл санааг тань өндөрт өргөх болно. Гэхдээ удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Хэлж амжаагүй үгс цээжинд чинь байдаг бол одоо хэлэх цаг шүү. Хамгийн чухал харилцаагаа дарамтад оруулахаас авар. Ажлын хамт олныхоо дэмжлэгийг авна.

ОХИН:Даргатайгаа, аль эсвэл доод албан тушаалтантайгаа, ямар нэг байдлаар та ажил дээрээ зөрчил тэмцэл ихтэй байгаа бололтой. Энэ долоо хоногт ажил дээрх үл ойлголцол, бэрхшээлд тэвчээртэй хандахгүй бол бүгдийг баллаж мэдэхээр байна. Таны дайсан таны бүдрэхийг хүлээж буй тул хөнгөн, гоомой үйлдэл хийж болохгүй. Гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэхгүй бол үүрэг хариуцлага тань энэ долоо хоногт улам л нэмэгдэж байна.

ЖИНЛҮҮР:Таагүй сонсогдож магадгүй ч энэ долоо хоногт та романтик харилцаагаа дуусгавар болгож магадгүй. Хэрвээ дуусгаагүй бол нухацтай бодоод үзэхэд илүүдэхгүй. Үргэлжлүүлэхийг хичээсэн ч таны тэвчиж чадахгүй байгаа нэг жижиг асуудал байх шиг байна. Сүүлийн саруудад багагүй бүтэлгүйтэж, бухимдсан уу? Тийм бол одоо олон нийтийн сүлжээнд зарцуулах цагаа багасгаж, дасгал хөдөлгөөн хийж, витамин хэрэглэх зэргээр эрүүл амьдралын хэвшилд анхаарлаа хандуулаарай. Найз нөхөд, гэр бүлтэйгээ халуун дотно яриа өрнүүл.

ХИЛЭНЦ:Таны хувьд бүх зүйл өв тэгш, сайхан долоо хоног эхлэх гэж байна. Ялангуяа хайр дурлалын тухайд. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирч магадгүй. Өнгөрсөн жилд зарим харилцаандаа ахиц дэвшил гаргасан боловч энэ долоо хоногт бага зэрэг ухрах төлөвтэй байна. Гэхдээ нэг алхам ухарсан ч хэдий хол зам туулж ирснийг тань юу ч баллахгүй. Та үргэлж дотроо бүхнийг бодож болгоох шаардлагагүй. Хааяа ч гэсэн гүнзгий амьсгал аваад, дуртай зүйлээ хий, тайвшир.

НУМ:Энэ долоо хоногт та бол ялагч. Удаан хүлээсэн ялалт ирж, та цэнгэлийн манлайд хүрэх нь. Санхүүгийн хувьд ашигтай байж магадгүй. Хүмүүстэй харилцах харилцаанд тань ан цав үүсэх вий, болгоомжлоорой. Чухал шуудан илгээх, хурлын баримт бичиг хэвлэхээ мартсан зэрэг бага сага бүтэлгүйтлүүд байна. Хөгжилтэйгээр хүлээн авч, алдаа дутагдлаа засаарай. Бүх зүйл түр зуурынх гэдгийг сана.

МАТАР:Насанд хүрсэн хүн байж залхлаа. Энэ долоо хоногт хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суугаад явж болно шүү. Хэдийгээр ингэлээ гээд бүхнээс зугтчихгүй ч гэсэн цагийг хөгжилтэй өнгөрөөхөд юу нь буруу гэж. Та хариуцлагатай бөгөөд чадварлаг байдлыг шүтдэг хүн юм. Гэхдээ хааяа завсарлага авч бай. Энэ хавар та найз нөхөдтэйгөө зугаатай байх нь. Гэхдээ олонтойгоо хөл нийлүүлэх гэж хэчнээн их зардал гаргаж байгаадаа сэтгэл гутарч мэднэ.

ХУМХ:Найз нөхөдтэйгөө нийлж, бүтээлч төсөлд оролцож магадгүй. Олуулаа нийлж, ямар нэг сайхан зүйл бүтээх нь мөрөөдөл биелсэнтэй ялгаагүй. Юм бүхнийг амжуулах гэсээр дарамт мэдэрч болзошгүй. Хэдийгээр та сорилтыг даван туулах хангалттай чадвартай ч өөрийнхөө сэтгэл санаа, бие бялдрыг хамаагүй золиослож болохгүй. Санхүүгийн байдал сайжирна. Өөртөө өгөөмөр сэтгэл гаргаарай.

ЗАГАС:Эсрэг хүйсийн хэн нэгэн танаас романтик харилцаа хүсч магадгүй. Зүгээр л найз биш, зүггүй амрагууд болъё гэнэ. Энэ найз тань итгэж болохуйц хүн учраас танд алдаад байх зүйл үгүй л юм. Үнэхээр хүсч байгаа зүйлдээ үгүй гэсэн хариу авч болзошгүй байна. Гэхдээ татгалзсан хариу гэдэг өөр нэгэн шинэ үүдийг нээдэг биш гэж үү. Өөрийн хянаж чадахгүй зүйлсээ зөнд нь хаяад, амьдралын эрүүл хэв маяг, дуртай зүйлстээ анхаарал хандуул.

МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУГ 4-Р САРЫН 13-НД ЦАХИМААР ЗАРЛАНА

Эх хэл, бичгийн шалгалт 4-р сарны 2-ны өдөр зохион байгуулагдсан. Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцаа соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор  Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг болсон. 

Шалгалтыг нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95%-тай байв. Шалгалтын оноог 2022 оны 4-р сарын 13-ны өдөр https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулна гэж БҮТ-өөс мэдээллээ 

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАР 98,6% БУЮУ 35 ОРНООС 12-Т ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

Азийн хөгжлийн банкнаас 2021 онд Ази, номхон далайн орнуудын дунд хийсэн судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин 98.6 хувь буюу 35 орноос 12 дугаар байрт оржээ.

Узбекистан эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин 100%-аар нэгдүгээр байрт жагсаж байна.

Монгол Улсын хэмжээнд хүн амын бичиг үсгийн мэдлэг байнга өсөж ирсний дотор бичиг үсэгтний хувь

  • 1921 онд 2.1 хувь 
  • 1944 онд 27.3 хувь
  • 1956 онд 70.5 хувь
  • 1979 онд 92.7 хувь
  • 2000 онд 97.8 хувь байсан бол 2020 онд 98.7 хувь болж өсжээ.

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ 6-8 САРТАЙ ОНОШЛОГДОХ БОЛОМЖТОЙ

Маргааш буюу 4-р сарын 2-ны өдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болж болох гэж байна. Тиймээс аутизмын талаар уншигч та бүхэнд мэдээлэл хүргье. Манай улсын хувьд 2012 оноос хойш аутизмын талаар ярьж, олон нийтэд таниулах ажлыг өрнүүлсэн байдаг. 

Аутизмыг өвчин гэж эндүүрэх хүн олон байдаг. Гэвч энэ нь хүрээний эмгэг гэж тодорхойлогдсон байдаг. Аутиз нь хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмйин харилцаанд орох чадвар болон хэл ярианы чадварт тодорхой хэмжээнд нөлөөлдөг. 

Аутизмын үндсэн гурван шинж байдаг. Үүнд

1. Нийгмийн харилцаанд орох чадвар сул

2.Хүнтэй харилцах харилцаанд орох чадвар сул

3.Давтагдмал зан үйл эсвэл хэт явцуу сонирхолтой гэж 3 ангилдаг. 

Иргэдийн хувьд давтагдмал зан үйл буюу хэт явцуу сонирхолын талаарх төдийлөн мэддэггүй. Энэ эмгэгтэй хүмүүс нэг сэдэвт хэт гүн автах, тухайн сэдвээр бүх зүйлийг мэддэг хирнээ ярианы сэдвийг өөрчлөхөд тэр талаарх ойлголт байхгүй гэх мэт явцуу сонирхолтой байдаг.  Харин бага насны хүүхдийн хувьд явцуу сонирхол нь зөвхөн нэг өнгийн тоглоомоор тоглох, аль эсвэл тоглоомоо өрж тоглох гэх мэт зан үйл ажиглагдах боломжтой. Давтагдмал зан үйлийн хувьд гараа сэгсрэх, хашхирах, үсрэх гэх мэт зан үйл ажиглагддаг.

Эрдэмтэд аутизмын эмгэгийн гол шалтгаан нөхцлийг өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ хэд хэдэн шалтгаан байх боломжтой гэж үздэг. Нэг нь удамшил байх боломжтой гэж үзэж байна. Учир нь нэг хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй бол дараагийн хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлал 2-18 хувь. Нэг эсийн хоёр ихэр байлаа гэж бодоход нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй бол нөгөөх нь аутизмтай байх магадлал 36-95 хувь.  Харин хоёр эсийн ихрийн хувьд 31 хувьтай байдаг байна. Хоёр дахь нь гадаад орчны нөлөө. Агаарын бохирдол, хүнсний хэрэглээ, химийн эм тариа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ төрлийн эмгэг үүссэн байх боломжтой гэж үздэг.

Аутизмын хүрээний эмгэг нь бүрэн зүгээр болохгүй. Харин чадварыг нь хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Аутизмын эмгэгтэй хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй, харилцааны чадвар сул байдаг учраас энэ төрлийн заслыг хийх нь хамгийн тохиромжтой гэж дэлхийн дахинд үздэг.

Аутизмын хүрээний эмгэгийн хамгийн эрт оношлогдох боломжтой хугацаа нь 6-8 сар гэж үздэг. Ийм насны хүүхдүүд хөгжилтэй үйлдэл хийх, эрхлүүлэхэд инээх, айлгах цочооход уйлах зэрэг үйлдэл үзүүлдэг. Харин аутизмын эмгэгтэй энэ насны хүүхэд эдгээр үйлдлийг бага хийдэг буюу хүнтэй харилцаанд орох чадвар буюу хариу үйлдэл үзүүлэх нь бага байдаг байна.   Мөн хөгжлийн хоцрогдол ажиглагдах боломжтой. Аутизмын шинж тэмдэг илүү тод ажиглагдах нас нь 2-3 нас гэж хэлж болно. Энэ үед хүүхдийг нэрээр нь дуудахад харахгүй байх, дохио зангаа ойлгохгүй байх, тоглоомоороо хэвийн бусаар тоглох, тоглоомоо эгнүүлж тавих, бусадтай хамтарч ажиллахгүй байх, үг хэлэхгүй байх, чимээнд тавгүйрхэх, шинэ орчинд тавгүйрхэх гэх  зэрэг шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг.

Харин насанд хүрсэн хүний тухайд нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаанд орох чадвар сул, хэт явцуу сонирхолтой, давтагдмал зан үйл  илэрнэ. Хэт өөр лүүгээ чиглэсэн харилцаатай, хүмүүстэй “би-чи” гэсэн харилцан яриаг үргэлжлүүлэх чадар сул байх эсвэл нийгмийн харилцаанд болж байгаа үйл явдлыг ойлгохгүй байх, хэт их хувийн мэдээллээ дэлгэх гэх зэрэг шинж тэмдэг илрэх боломжтой. Гэхдээ насанд хүрсэн хүн аутизмын эмгэгээр оношлогдох тохиолдол цөөн.

МОНГОЛ АЗАРГАНЫ ЗАСААГ ХЯРГАЖ БАЙГАА НЬ АМЬТНЫ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН АСУУДАЛ ГЭЖ ҮЗЛЭЭ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адуу нийгэмлэгээс “Монгол азаргыг хэрцгийгээр эрэмдэглэхээ зогсоо” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ талаар “Монгол адуу” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чойжамц” Монголчууд морийг өөрсдийн хийморь, сүлдтэй холбож ярьдаг. Гэвч адуундаа хамгийн харгис хандаж, амьдаар нь эд эрхтнийг нь тайрч байна. Энэ бол бидний ой тойнд багтамгүй зүйл. 

Монгол азарганы сэлдий буюу засааг хяргаж байгаа нь амьтны эрхийг зөрчсөн асуудал юм. Мориныхоо нуруун дээр өсөж торнисон монгол хүмүүс өнөөдөр эрийн хийморь болсон эцэг малынхаа эд эрхтнийг тайрч байна. Зүчээтэй уяач болгон, айл бүр өнөөдөр ийм харгислал үйлдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад албан шаардлага өгнө” гэдгээ илэрхийлсэн юм. 

Мөн тэрбээр “Гадаадаас үржүүлгийн зорилгоор азарга оруулж ирэхийг хатуу хориглох хэрэгтэй. Түүнчлэн монгол азаргыг эрэмдэглэх явдлыг улс даяар хатуу таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцдог шийдвэр гаргаж өгөх хүсэлттэй байна.

Үүнийг шийдвэрлэхгүй бол Дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг рүү хандана. Адуунд хайртай монголчууд өөрсдөө адууныхаа эд эрхтнийг тайраад эрлийз адуугаараа мөнгө олж байна гэдгийг дэлхий сонсох юм бол шившиг болно” гэв. 

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-ААС ӨМНӨ БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР БУЦААН ОЛГОЛТОО АВНА

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

  1. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  2. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  3. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  4. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

СУРАГЧДЫН АМРАЛТ ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ

2021-2022 оны хичээлийн шинэ жилийн хоёрдугаар улирал энэ долоо хоногийн баасан гарагт дуусч байна. Хоёрдугаар улирлын амралтаар сурагчид долоо хоног амарч 4-р сарын 11-ны даваа гарагт гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.

Бага ангийнхан найман долоо хоног, дунд болон ахлах ангийнхан есөн долоо хоног хичээллэх хуваарьтай байна.

Амралтын хугацаанд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм. Мөн гар утас, таблет, зурагт зэргээс хол байлгахыг анхааруулж байгаа юм.

ҮРЖЛИЙНХ НЬ ҮЕД ЗАГАС АГНАХ, БАРИХЫГ ХОРИГЛОНО

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүхийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.

Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг.  Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна. Хөвсгөл аймаг нь бусад аймгуудтай харьцуулахад загасны хэрэглээ өндөр байдаг. Тиймээс загасны үржлийн үед агнаж барихгүй байх шаардлагатай юм. Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭНИЙ АН-ЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭВ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Ардчилсан Намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталлаа.

ЦАХИЛГААН МАШИНЫГ 3000 ТӨГРӨГӨӨР ЦЭНЭГЛҮҮЛЭЭД 60-80 КМ ЯВАХ БОЛОМЖТОЙ

1-2 ЛИТР ШАТАХУУНЫ МӨНГӨӨР 60-100 КМ ЗАМЫГ ТУУЛАХ БОЛОМЖТОЙ 

Өчигдөрийн засгийн газрын хуралдаанаар цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлэх асуудал яригдсан. Цахилгаан машиныг сонирхох иргэд их байгаа ч хөдөө орон нутагт машины цэнэглэгч 1 ч байхгүй байна. Тиймээс цахилгаан машиныг хөдөө орон нутагт ашиглах боломж хомс байна. 

Цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол багасахаас гадна, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэвч гэнэт олноор хэрэглэх дэд бүтэц монгол улсад хангалтгүй байна. Цахилгаан машиныг цэнэглэхэд 1 квт цагийг нь 300 төгрөгөөр тооцдог. Мөн 1 машиныг 60-80 минутад бүрэн цэнэглэдэг юм байна. 1 цэнэглэгчээр хоногт 20 гаруй машиныг цэнэглэх боломжтой.

Монгол улсад 1,2 сая машин бүртгэлтэй байдаг. Үүнээс ердөө 492 нь л цахилгаан машин байгаа нь чамлалттай тоо юм. Цахилгаан машиныг импортын татвараас чөлөөлж, дугаарын хягзаарлалтгүй зөрчих боломжтой болгосон. Цаашдаа цэнэглэх цэгүүдийг олноор байгуулах шаардлагатай байна. Цахилгаан машиныг  нэвтрүүлэхэд эрчим хүчний салбарт хүндрэл үүсэхгүй гэдгийг засгийн газраас мэдэгдээд байгаа юм.

Дэлхий нийтээрээ цахилгаан машины хэрэглээг дэмжиж байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн Хон Гуан Мини цахилгаан автомашин борлуулалтаараа АНУ-ын Тесла компанийг хол давсан байна. Чили улсын засгийн газар  л гэхэд 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглохоор болжээ. Монгол улсад байгаа цахилгааны машины ихэнх нь Nissan leaf  гэх машин байна. Энэхүү машин нь монгол улсад хамгийн их явж байгаа Toyota PRIUS  маркийн машинтай дүйцэх үнэтэй. Тиймээс хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой юм