СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр байна

/2022-2023/-оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 36253 шалгуулагч бүртгүүлсэн талаар БШУЯ мэдээлэлсэн юм. Үүнээс  12 дугаар ангийг 33000  суралцагч төгсч байгаа аж. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт нь  жилд хоёр удаа болж байгаагаараа онцлог юм. Ээлжит ЭЕШ /2022.06.23/-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэнэ. Мөн тухайн өдрийн дараагийн шалгалт нь Англи хэл байх бөгөөд улс даяар 14:00 цагт болох юм.

2022-2023 оны Монгол Улсын Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх босго оноог 480 болгох шийдвэр гарсан бөгөөд хувийн болон төрийн өмчит их сургууль бүгд ижил байна гэсэн юм.

 ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БОСГО ОНОО

  • Их сургууль 480

  • Дээд сургууль 440

  • Коллеж 400

  • Орон нутгийн их дээд сургууль 410

Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан шалгалтаар хамгийн өндөр оноог авсан суралцагч 580 оноо авчээ. Харин түүний дараах өндөр оноо нь 532 оноо байна.

Их сургуулиудын хувьд хамгийн өндөр босготой нь СЭЗИС/Санхүү эдийн засгийн их сургууль/ байна. Тус сургуулийн босго оноо 620 оноо байхаар тогтжээ. Бусад их сургуулиуд БШУЯ-наас тогтоосон босго болох 480 оноогоор элсүүлэх аж. Энэ нь 480 оноогоос дээш оноо авсан хүүхэд бүр хүссэн мэргэжлийнхээ ангид орно гэсэн үг биш бөгөөд мэргэжлийн анги бүрд хүүхдийн тоо заасан байгаа аж. Тиймээс ЭЕШ-аас авсан оноогоороо эрэмбэлэгдэн орох юм.

МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ

Боловсролын байгууллагуудаас өөрсдийн судалгааны хүрээнд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг жил бүр гаргадаг юм. БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхээс тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг ямар судалгаан дээр үндэслэн, хэрхэн гаргасан талаар лавлахад “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан байна.

Төрөлжсөн чиглэл Мэргэжлийн нэр Боловсролын түвшин
Бакалавр Магистр Доктор
1 Боловсрол 1 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол BSc
2 Багш, бага ангийн боловсрол BSc
3 Багш, тусгай хэрэгцээт боловсрол BSc
2 Соёл, урлаг 4 Уран сайхны гэрэлтүүлэг BSc MSc
5 Дуу, чимээний технологи BSc MSc
6 Хөгжмийн театрын найруулга BSc MSc
7 Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) BSc MSc
8 Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт BSc
3 Биологи ба холбогдох шинжлэх ухаан 9 Биологи BSc MSc PhD
4 Хүрээлэн буй орчин 10 Хүрээлэн буй орчин судлал BSc MSc PhD
5 Мэдээлэл, харилцаа холбооны технологи 11 Утасгүй холбоо BEng MEng
12 Өгөгдлийн ухаан BEng MEng
13 Системийн аюулгүй байдал BEng MEng
14 Хиймэл оюун ухаан BEng MEng
6 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл 15 Химийн инженерчлэл ба боловсруулалт BEng MEng
16 Сэргээгдэх эрчим хүч BEng MEng PhD
17 Байгаль орчныг хамгаалах технологи BEng MEng
18 Электроник BEng MEng PhD
19 Механик инженер BEng MEng
7 Үйлдвэрлэл, боловсруулалт 20 Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
21 Хүнсний инженерчлэл BEng MEng PhD
22 Шим тэжээл судлал BEng MEng PhD
23 Газрын тосны инженер BEng MEng
24 Уул уурхайн ашиглалтын технологи BEng MEng
8 Архитектур ба барилга, угсралт 25 Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
26 Хаягдал боловсруулах технологи BEng MEng PhD
9 Инженерчлэл салбар хооронд 27 Биотехнологи BEng MSc PhD
28 Био-инженерчлэл MSc PhD
29 Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл MSc PhD
10 Хөдөө аж ахуй 30 Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) BSc
31 Газар тариалангийн аж ахуй (агрономи) BSc
32 Хөрс судлал, агрохими BSc
11 Ойн аж ахуй 33 Ойн инженер BSc
12 Мал эмнэл зүй 34 Мал эмнэл зүй BSc
13 Эрүүл мэнд 35 Сувилахуй BSc
36 Био-анагаах ухаан BSc
37 Нийгмийн эрүүл мэнд BSc
Нийт 35 25 12

Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож буй. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарах юм. Энэхүү өдөрт зориулан Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явуулах аж. Тус парадыг 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.19/

Хонь
Энэ долоо хоногийг төлөвлөгөөтэй эхлүүлээрэй. Таны ажил амьдралыг хэцүү болгодог цорын ганц зүйл тань эмх замбараагүй байдал. Энэ долоо хоногт ерөнхийдөө азтай байна. Ажил дээрээ хамт олондоо туслаарай. Бусдад анхаарал тавихгүй бол өөртөө хэт итгэх итгэл чинь сөрөг үр дагавар дагуулж магадгүй юм. Та хаашаа ч явсан баяр хөөр, эрч хүчийг түгээх болно. Од эрхэс таны талд байгаа тул хичээвэл их ашиг олох боломжтой.
Үхэр
Дүрэм журам тогтоох долоо хоног айсуй. Энэ нь ажил, гэр бүл, хайр дурлал, юун дээр ч байж болно. Та хэн болохыг хүсч байна, тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хиймээр байна, түүнийхээ дагуу дүрмээ гарга. Бусдын дэмжлэг хамгийн их хэрэг болно. Таны ойр тойрны хүмүүс таны аз жаргал, эрүүл мэнд, хөгжил дэвшлийн чинь төлөө бүхнээ зориулахад бэлэн байна. Аливаад яаран дүн шинжилгээ хийхээс зайлсхий. Энэ нь таны олсон ашгийг сүйтгэж мэднэ. Хайр дурлалын амьдрал будлиантай байна.
Ихэр
Энэ долоо хоногт та өөрийгөө харуулахыг хичээх болно. Мэдлэг чадвараа бусдад харуулахаас бүү эмээ. Санхүүгийн бэрхшээлүүд таныг бага зэрэг ганхуулах нь. Ойр дотны хүмүүс тань асар их хайр, дэмжлэг танд үзүүлсэн ч ажил дээрээ багагүй гүрийх шаардлага гарна. Өдөр бүр таван минутын завсарлага авч, бясалгал хийж сураарай. Бусдын туслалцааг харамгүй ав. Бодит бус зорилго өөртөө тавиад хэрэггүй, таныг бухимдуулахаас цаашгүй. Хайртай хүнтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлнэ.
Мэлхий
Таны эрүүл мэнд долоо хоногийн турш асуудал үүсгэж магадгүй. Гэр бүл, найз нөхөдтэйгөө аль болох цагийг хамт өнгөрөөж, тайван амар. Баяр баясгалан, урам зоригтой байх тусам эрүүл мэнд тань сайжирна. Бизнесийн хувьд энэ долоо хоногт бага зэргийн алдагдал хүлээж магадгүй. Долоо хоногийн эхээр хайртай хүмүүсийн харилцаа таагүй байх хэдий ч өдөр өнгөрөх тусам байдал дээрдэнэ.
Арслан
Энэ долоо хоногт ялалт таных. Сугалаа юм уу, ямар нэг тэмцээнд хожиж ч мэдэх юм. Хэдийгээр энэ нь зөвхөн таны ялалт байлаа ч таньдаг бүх хүмүүстэйгээ аз жаргалтай мэдрэмжээ хуваалцаарай. Хүмүүс танаар бахархах болно. Бизнесийн гайхалтай шийдвэр гаргана. Энэ долоо хоногийн цорын ганц асуудал бол хайр дурлал. Та өөрийн мэдэлгүй хамтрагчийнхаа итгэлийг алдаж болзошгүй. Каффейны хэт их хэрэглээнээс татгалзаарай.
Охин
Энэ долоо хоногт од эрхэс хайр дурлалын амьдралыг тань ивээлдээ авчээ. Хайр дурлалын амьдралд олон хүн гарч ирэх магадлалтай. Шинэ бизнес эхлүүлбэл алсдаа амжилттай. Зорилгодоо тууштай байж, бодитой хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Өөртөө халамж анхаарал тавиарай. Богино хугацааны аялал юм уу, шинэ сургалтад хамрагдаж, юм үзэж, нүд тайлж магадгүй. Эрүүл мэнд сайн байна.
Жинлүүр
Энэ долоо хоногт та азтай байна. Бүх зүйл зөв гольдрилоороо үргэлжилж, хайр дурлал тань бүтнэ. Догдлол дүүрэн байж, секунд нэг бүрийг таатай өнгөрүүлнэ. Олон шинэ найз нөхөдтэй болж, аялалд гарч магадгүй. Хэт их сээтэгнүүр зандаа хил хязгаар тогтоохгүй бол нөгөө хүн тань эвгүй сэтгэгдэлтэй үлдэхийг анхаараарай. Аливаа шийдвэр гаргахдаа ахмад хүмүүсээс зөвлөгөө авч, цогц дүгнэлтэд хүрэхийг зөвлөж байна.
Хилэнц
Та ганцаараа цагийг өнгөрөөх дуртай хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт ганцаараа байгаад хэрэггүй гэж зөвлөе. Ерөнхийдөө сорилтын долоо хоног гэхэд болно. Ажил хэрэг, хайр дурлал аль аль нь амаргүй байна. Бизнесийн өрсөлдөгчид хувийн мэдээлэл, стратегийг тань ашигласан байж мэднэ. Энэ асуудлыг тэвчиж, уучлах хэрэггүй. Хувийн мэдээллээ хамгаалах стратеги боловсруул.
Нум
Та энэ долоо хоногт ганцаараа байхыг илүүд үзэж, бүхнийг өөрөө шийдэх гэж хичээх болно. Ганцаараа байгаа энэ өдрүүдэд олон ч зүйл тохиолдох нь. Толгой тань элдэв бодлоор дүүрээд байвал өөрөө өөртөө амралт өгөөрэй. Хайртай хүндээ эелдэг хандаж, хамт амрах цаг гарга. Онцын хүчин чармайлт гаргалгүйгээр мөнгө олох боломж гарч ирнэ. Энэ долоо хоногт гаргасан шийдвэр урт хугацаандаа маш үр дүнтэй байна. Эрүүл мэндийн байдал бага зэрэг хэлбэлзэх боловч үүнийгээ анзаарах сөхөөгүй гүйж мэдэх нь дээ.
Матар
Та энэ долоо хоногт ямар нэг зүйлээс мултарч, аз тохиох нь. Өөрийнхөө төлөө өчнөөн хөдөлмөрлөсөн тань үр дүнгээ өгч эхэлнэ. Зорилгодоо хүрч, бусад хүмүүс таны зоримог байр суурийг хүндэтгэх болно. Зарим хүмүүс байр суурийг тань эзлэхийг оролдох тул ур чадварын хувьд өөрийгөө шинэчлэх шаардлага гарна. Санхүүгийн байдал бага зэрэг хүндхэн байх хэдий ч долоо хоногийн дундуур байдал сайжирна. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөж, ердийн бус завсарлага авах бололтой.
Хумх
Энэ долоо хоног минут секунд тутамд хайр дурлал, амар амгалан, тогтвортой байдлыг мэдэрнэ. Энэ нь танд таалагдана. Шаргуу хөдөлмөрийн тань үр дүн гарна. Амжилтад хүрч, цаашид мөрөөдлөө биелүүлэх урам зоригоор дүүрэн байх болно. Өөрийн мэдрэмжээ үл тоомсорлож болохгүй. Магадгүй та амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулаад гарсан бол хааяа өөртөө гуниглах, гашуудах боломж олгоорой. Ажил хэрэг тань нэг их хүч зарцуулахгүйгээр аяндаа өөрөө бүтнэ.
Загас
Ашигтай ажиллахыг хүссэн ч эмх замбараагүй байдал, санхүүгийн алдагдалтай нүүр тулгарч магадгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ. Сэтгэлийн түгшүүрийг тань намжаах маш сайн зөвлөгчтэй таарна. Рашаан сувилалд явж, дуртай зохиолоо уншиж алжаалаа тайлаарай. Хайртай хүн тань хамт байхгүй, та ганцаардаж магадгүй.

Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд  нутгийн зүүн хагаст, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно.

Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ

Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.

Тахь нутагшуулах чиглэлээр ажилласан мэргэжилтнүүдийн нэг П.Цогтсайхан, Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. Ингэснээр:

  • Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь
  • Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулсан. Энэ хугацаанд Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ
  • Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.Өнөөдрийн байдлаар:
    • Хустайн нуруунд 422 тахь
    • Говийн их дархан цаазат газарт – 386 тахь
    • Хомын талд- 132 тахь, нийт 970 толгой тахь Монгол нутагтаа сэргээн нутагшиж, манай улс дэлхийд  хамгийн олон тахьтай орон боллоо.

    Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн хамгийн хүндрэлтэй цаг үед энэ ажлыг эхлүүлсэн.

​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан нь үнэн. Гэхдээ түргэвчилсэн шинжилгээнд шууд итгэж болохгүй. Хуурамч хариу гарах боломжтой. Үүнийг баталгаажуулах хэрэгтэй. Явуулын баг явсан. Гэхдээ ДОХ-ыг лабораторийн бус орчинд шинжлэх боломжгүй. Тиймээс эерэг гарсан тохиолдлуудыг авчирч лабораторийн нөхцөлд шинжлэхээр ажиллаж байна” гэлээ.

Одоогоор хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа юм.

Сануулахад, Гашуунсухайт боомт дээр байгуулсан бөмбөлөг тээврийн зарчим гэдэг нь жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Нэг бөмбөлөгт дунджаар 40 орчим жолоочийг хамруулдаг бөгөөд 5000 гаруй жолооч бөмбөлөг тээврийн зарчмыг баримталж байгаа юм.Уг арга хэмжээ 2021 есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон билээ.

Иймд оноо дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана.

БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Ойрын хоёр хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.