Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ

УИХ-ын дарга Занданшатар  “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш, төсөв мөнгө хязгааргүй. Тиймээс нийт ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдалыг  үүсгээд байна. Учир нь  өрх бүр цар тахлын хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсаар өдийг хүрэв. Улаанбаатар хотын гэр хорооллын дэлгүүрүүд  мах  грамллаж,  хүнсний ногоогоо ширхэглэж, талхаа таллаж худалдан авч байгаа энэ үед дахин хэмнэх ярих нь тохиромжгүй гэж иргэд үзэж байна.

Өмнөх болон одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  алдаатай  бодлогын үр дүнгийн нөлөөгөөр өнөөдөр  иргэд ядуу, буурай амьдарч байна гэж эдийн засагчид харж байна. Учир нь 2020 болон 2021 оны УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаар шатахуун , тог цахилгаан, усны үнийг хүчээр барьж байсан нь инфляцийн хөөрөгдөл, үнийн өсөлтийг тулгаж, төгрөгийн ханшийг унагасан. Гэтэл төр өөрсдийн буруутай бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа горыг ард түмэнд үүрүүлж, дахин хэмнэлтийн горимд шилжихийг үүрэгдэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс иргэд аль хэдийн хэмнэлтийн горимд шилжчихсэн, харин одоо төр өөрөө хэмнэлтэл шилжих ёстойг санууллаа.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

“Аялал жуулчлалын үндэсний чуулган” 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жил дотоодын аялал жуулчлал зогсонги байдалд орсон. Өнөөдрийн чуулганаар Covid-19-ийн дараах аялал жуулчлалыг хэрхэн сэргээхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр /2202.04.04/“Аялал жуулчлалын үндэсний чуулган” болж байна. Тус чуулган Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд салбар яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэж онцолсон юм.

Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг чуулган аялал жуулчлалын хамтын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарах аж.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭНИЙ АН-ЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭВ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Ардчилсан Намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталлаа.

ТАНИЛЦ:ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ГАРСАН ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд буюу өнөөдөр боллоо.  Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой ажээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Манай улсын нийт автомашины 20 хувь нь цахилгаан болоход цэнэглэх боломжтой

Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.

Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.

“Нийт автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.

Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.



Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.

Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

 

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫГ “ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН” МЭДЭГДЭЛ ГАРГАХЫГ ШААРДСАН УУ

ОХУ-ын эхлүүлсэн дайны эсрэг нэгдэхийг  Европын холбоо Монгол улсад суугаа төлөөлөгчийн газраараа дамжуулан ил болон далд хэлбэрээр  засгийн газарт  шахалт үзүүлж байгаа  гэх мэдээлэл байна. Учир нь Монгол улс  “Дайныг эсэргүйцэж байна эсвэл эсэргүйцэхгүй” гэсэн ямар ч мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Хэрвээ Европын холбоонд “үгүй”  гэж хэлбэл тэр зүгээс ирдэг  бүх санхүүжилт зогсоно. Харин ОХУ-ын эсрэг мэдэгдэл гаргачихвал шатахууны болон эрчим хүчний хувьд  хүндрэл үүснэ гэсэг үг юм. Тодруулбал жижиг орны зовлонг энэ өдрүүдэд мэдэрч , төр шийдвэрээ гаргаж чадахгүй гацаанд ороод байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Тэгвэл бид Европыг холбоонд “татгалзсан” хариу хэлвэл ямар эрсдэлүүд хүлээж байна вэ? Өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад өр 33,2 тэрбум америк доллар. Энэхүү өрийн 30% нь Евролын холбоотой хамраалалтай байдаг байна. Мөн Европын холбоотой хамаарал бүхий олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтууд их байдаг.  Тэдгээрийг оруулбал манай улсын гадаад өрийн 50% Европын холбооны улсуудтай хаамаралтай. нь Дээр дурьдсан 33,2 тэрбум америк долларын өрийн 8,4 тэрбум долларыг Нидердланд улсаас  авсан байна.

Хамгийн их зээл авсан гэх Нидерланд улс нь Монголын арилжааны банкуудтай нягт холбоотой ажилладаг. Монгол улсын арилжааны банкууд Нидерланд улсаас зээл авч тухайн мөнгөө монгол улсад эргэлдүүлэх  замаар зээдээ  эргүүлэн төлдөг. Тиймээс бид “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэгдвэл банкны хүү нэмэгдэх, иргэд зээл авахад төвөгтэй болох, эргээд бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 10-15%-ийг европын холбоо эзэлдэг. Энэ худалдаа одоогийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Гэвч дайны нөхцөл байдлаас үүдэн ОХУ-аар дамжиж ирдэг европын бараа тойруу замаар ирж, өртөг нь нэмэгдсэн байдалтай байна. Одоогийн байдлаар Европын холбооноос үзүүлсэн эдийн засгийн шахалт байхгүй ч аль хэдийн европ талаас ирдэг барааны үнэ өссөн байдалтай байна. Тиймээс бид зээл тусламж, импортыг хэвийн байлгахын тулд “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэх ёстой. Гэвч нөгөө талд ОХУ-тай хийх худалдаа, 2 улсын харилцааг хэвийн хадгалах шаардлагатай байна.

 

ЗГ: Ирэх сарын 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээнэ

Засгийн газар өнөөдөр /2021.10.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.БОЛОРТУЯА:

Өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • Нэгдүгээрт, одоогийн мөрдөж буй Covid-19-ийн түр журмыг шинэчлэн батлах,
  • Хоёрдугаарт, дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах,
  • Гуравдугаарт, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа.
  • Дөрөвдүгээрт, Авлигын эсрэг ажлын хэсэгт Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлигатай холбоотой хэргийн ялыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна.
  • Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын тухайд энэ сарын 30-наас ирэх долоо хоног хүртэл хилээ түр хугацаанд хаасан байгаа.
  • Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов
  • Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
  • Covid-19 халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Улсын онцгой комисс үүрэг болгов.
  • Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй.
  • Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулна.
  • Арваннэгдүгээр 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.

189 мянган өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан.

Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт ирэх сарын 1-нээс  эхэлж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана.

Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж байгаа аж.

Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлж байгаа ч ирэх сарын 1-нээс шөнийн хөнгөлөлтийг мөн тооцож эхлэх юм байна.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө.

Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн.

Хөнгөлөлт ирэх сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчлэх юм.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үүний дагуу хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэхээр болсон билээ. Covid-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан юм.

Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй

Засгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ.


Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.

Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орнуудаас ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байгаа. Түүнээс улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэжээ.

Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан музейтэй нэгтгэнэ

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэр гарчээ. Ингэснээр музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх гэнэ.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан.  Шинэ музей ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн юм.

Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай аж.

Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтог малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.

Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мартаж болохгүй” аян зарлалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа. Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд  12.378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ын алба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн объектын гал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдол  нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Объектын гал түймэр ихэвчлэн шөнө, үүрийн цагаар гардаг. Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногтоо 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 45 гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээр 2021 он гарснаас хойших хамгийн их дуудлагатай долоо хоног боллоо. Тус 45 дуудлагаас таван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн. Мөн угаарын хийн хордлогод өртөх эрсдэл ч өндөр байна. Иймд гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол, дуудлагын тоог бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг зарлалаа. Уг аяны хүрээнд гэр хорооллын бүсүүдээр хяналт, шалгалтыг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, зөвлөгөө бүхий дүрс, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Энэ үеэр НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн угаарын хийн эрсдэлтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны есдүгээр сарын 1-нээс хойш 120 орчим хүн угаарын хийн эрсдэлд өртжээ. Статистик үзүүлэлтээр угаарын эрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оны угаарын хийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, “Таван толгой түлш” ХХК-аас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох аянуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн эрсдэлийг арилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал” хэмээн тодотгож байлаа.

“Таван толгой түлш” ХХК-аас 8600 айлд дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг суурилуулжээ. Уг дамжуулагчийг суурилуулснаас хойш буюу 12 хоногийн хугацаанд 58 айлаас угаарын хий ялгарсан гэх мэдээ ирсэн байна. Цаашид угаарын хийн өндөр эрсдэлтэй 63 мянган өрхөд тус дамжуулагчийг суурилуулах аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт угаарын хий дамжуулагчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 гаруй иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийллээ. Иргэд угаарын хий дамжуулагчаа зөвхөн гал түлэх үедээ ажиллуулах тохиолдол зонхилж байна. Бусад үед нь тог, цахилгаан үрээд байна гэх шалтгаанаар тэжээлээс  нь салгах тохиолдол олон гарчээ. Засгийн газраас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан тул угаарын хий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэрт угаарын хий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй” хэмээн иргэдэд анхаарууллаа.

Мөн угаарын хий мэдрэгчээ эвдэх, зарж борлуулсан хүн ч бий гэнэ. Тус угаарын хий мэдрэгчийг өрхөд нэг л удаа үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд эвдсэн, худалдсан тохиолдолд өөрсдөө худалдаж авах учиртайг албаныхан сануулж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС