зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.V.16-2022.V.22/

Хонь
Энэ долоо хоног гайхалтай үр дүнтэй үргэлжилнэ. Ажил мэргэжлийн хувьд таны бүтээлч чадвар, дасан зохицох чадвар сайжирна. Шийдвэр гаргахдаа зоригтой байхыг зөвлөж байна. Өөрийн бодолдоо итгэлтэй байж, бусдын өмнө бодсон санаснаа илэрхийлэхээс бүү зовоорой. Хилийн чанадад суралцахаар зорьсон оюутан, сурагчид хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх бололтой. Хайртай хүндээ дотоод сэтгэл мэдрэмжээ харамгүй нээгээрэй. Гэрлэсэн хүмүүс ханьтайгаа аль болох их цагийг өнгөрүүл.

Үхэр

Ажил дээрээ стрессгүй амар амгалан байна. Та маш их хүчин чармайлт гаргасан тул зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Гэсэн хэдий ч дараа нь асуудал үүсч болзошгүй тул ая тухтай бүсэд хэтэрхий гүн орохоос зайлсхий. Өмч хөрөнгө өвлөн авах юм уу, ямар нэгэн гэнэтийн орлого, урамшуулал авах магадлалтай байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэр гаргаж болзошгүй. Гэр бүлийн тань хүний цалин нэмэгдэж магадгүй. Та гэр бүлтэйгээ аль болох их цагийг өнгөрөөж, тайван, сэтгэл хангалуун байх нь. Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар.

Ихэр

Таны гялалзсан чадвар, шаргуу хөдөлмөрийг удирдлагууд тань үнэлнэ. Тиймээс та эрч хүч, урам зоригоор дүүрэн байх нь. Энэ нь танд хийхээр төлөвлөж байсан бүх ажлаа дуусгах боломж олгоно. Гэхдээ хэт өөртөө итгэлтэй байж, нэг дор олон зүйл барьж авахаас зайлсхий. Энэ долоо хоногт богино аялал хийж магадгүй. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа харилцах харилцаанд бага зэрэг хүндрэл үүсч болзошгүй. Оюутан, сурагчид идэвхтэй, сониуч, бүтээлч байна.

Мэлхий

Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайжирч, ашигтай ажиллана. Газар, эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Эцэг, эх тань танд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бусдад нөлөөлөх чадвар тань сайжирч, ашигтай гэрээ хэлцэл хийх боломж гарна. Санхүүгийн хувьд ашигтай албан аялал хийж магадгүй. Гэхдээ хэн нэгэнд мөнгө зээлэхээс зайлсхий. Хувьцаа, хөрөнгө оруулалтаар ашиг олж магадгүй.

Арслан

Энэ долоо хоногт та шаргуу хөдөлмөр, ур чадварынхаа ачаар ажил дээрээ нэр хүндээ нэмэгдүүлнэ. Та хайрцагнаас гадуур сэтгэж, бүтээлч сэтгэлгээ тань маш өндөр байна. Оюун бодол тань шинэ санаагаар дүүрэн байгааг ашиглаж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, стратеги боловсруулахад тохиромжтой. Бизнес эрхлэгчдийн хувьд шинэ хамтын ажиллагаа, түншлэл, санхүүгийн хөрөнгө оруулалт хийхэд таатай байна. Хүүхдүүд тань гадаад улсад боловсрол эзэмшихээр явж магадгүй.

Охин

Энэ долоо хоногт гэр орноо тохижуулах гэх мэт ая тухтай амьдралын төлөө бодож байснаасаа илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болж магадгүй. Өрсөлдөгчидтэйгөө санал зөрөхөөс зайлсхий. Та яаран дүгнэлт хийж, өөрийгөө эрсдэлд оруулж болзошгүй байгаа тул анхаарна уу. Шаардлагагүй зээл авахаас зайлсхий. Ажил ихтэй байж илүү цагаар орой болтол сууж магадгүй. Бодсон санаснаа үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байснаас болж сэтгэл санааны дарамтад орж болзошгүй. Санаа зовнилтоос болж шөнийн нойроо алдах вий. Тайвширч, аливаад уужуу ухаанаар хандаарай.

Жинлүүр

Энэ долоо хоногт та орлогоо нэмэгдүүлэх, ирээдүйгээ баталгаажуулах эрэл хайгуул хийнэ. Дараа нь харамсч магадгүй тул гэнэтийн худалдан авалтаас зайлсхий. Долоо хоногийн дундуур та завгүй, шахуу хуваарьтай байх нь. Богино аялал хийж болзошгүй бөгөөд энэ нь багийнхантайгаа харилцах харилцааг тань сайжруулна. Шинэ найз нөхөдтэй болоход тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ анхаарал хандуулаарай. Ганцаараа баймаар санагдаж магадгүй. Ходоод, гэдэс хямарч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаар.

Хилэнц

Энэ долоо хоногт та ердийнхөөсөө илүү мэдрэмжтэй байна. Амьдралыг шинэ өнцгөөс харж, хүрээлэн буй орчноо мэдэрч, ойр дотныхондоо мэдрэмжээ илэрхийлнэ. Ажил, мэргэжлийн тал дээр байр сууриа ахиулж, цалингаа нэмүүлж магадгүй. Контент бичих, хэвлэн нийтлэх гэх мэт бичгийн чиглэлээр ажилладаг хүмүүст энэ долоо хоног ээлтэй сайн байна. Оюутнууд шалгалт болон бусад тэмцээн уралдаандаа амжилттай оролцоно. Зээл хөөцөлдвөл бүтэх магадлалтай.

Нум

Энэ долоо хоногт бие болоод сэтгэлийн эрүүл мэнд гайхамшигтай сайн байна. Аз таны талд байх тул аливаа санасан үйлс тань амжилттай бүтнэ. Чухал ажил, төслүүдээ цаг тухайд нь дуусгаж, үг бус үйлдлийн хүчийг хамтрагчиддаа харуулах бололтой. Шинэ боломжийг эрэлхийлж буй хүмүүсийн хувьд үр бүтээлтэй долоо хоног болно. Бизнес эрхлэгчид гэрээ, хэлэлцээрээ амжилттай хийнэ. Хөрөнгө оруулалт хийх буюу хөрөнгөө үржүүлэхэд таатай. Оюутан, сурагчид хилийн чанадад суралцах боломжтой болно.

Матар

Өв залгамжлах, эсвэл өмнөх хөрөнгө оруулалтаас гэнэтийн ашиг орж ирж болзошгүй. Судалгааны үе шатандаа явж байсан ажил тань эерэг үр дүнтэй байна. Ажил дээрээ авьяас чадвараараа онцгойрч, хамтран ажиллагсад болон удирдлагуудынхаа сайшаалыг хүлээнэ. Асуудал шийдвэрлэх чадвар тань өндөр байна. Бизнес эрхлэгчдийн орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ амьд харилцаатай байснаар тэдний зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадна.

Хумх

Энэ долоо хоногт гэр бүлийн амьдрал онцгой аз жаргалтай байна. Ханьтайгаа дэндүү сайн ойлголцож, эв найртай байх нь. Ажил мэргэжлийн тал дээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү үр дүнтэй ажиллана. Бусадтай нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Бизнес эрхлэгчид шинэ төсөл, санаачлага гаргахад тохиромжтой. Гэр бүлийн тань хэн нэг нь албан тушаал ахиж, баяр баясгалантай байна. Хосууд аль болох хамтдаа цагийг өнгөрүүлээрэй.

Загас

Энэ долоо хоног зарлага ихтэй байх нь. Түүнийг дагаад сэтгэлийн түгшүүр, хурцадмал байдал үүсч болзошгүй. Эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй тул анхаарна уу. Ажил, мэргэжлийн хувьд бүх зүйл зөв голдиролоороо явах тул санаа зовох хэрэггүй. Таны хичээл зүтгэлийг зохих ёсоор нь үнэлнэ. Албан тушаал ахиж ч магадгүй. Хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг хүмүүс ажил дээрээ илүү амжилттай байна. Хэрүүл маргаан, мэтгэлцээнээс хол байхыг зөвлөе. Сөрөг сэтгэл хөдлөлүүд таныг өөрийгөө буруутгахад хүргэнэ.

У.ХҮРЭЛСҮХ: АЛИЙН БОЛГОН БИД АЙЛААС ДАВСАА ГУЙЖ АМЬДРАХ ЮМ БЭ

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр улсын их чуулганы хуралдаан дээр  хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдэгдэл хийлээ. НҮБ-ын судалгаагаар МОнгол улсын нийт хүн амын 20% нь хангалттай шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь батлагджээ. Хүнсний асуудлыг УИХ, ЗГ-ийг тусгайлан хэлэлцэх ёстой төрийн тэргүүн үзжээ. Тиймээс “Хүсний хангамж, Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Одоогийн байдлаар Монголчууд гурил, мах, төмсийг эс тооцвол бусад  хүнсний бүтээгдэхүүний 50 гаруй хувийг гадаадаас импортлож байна. Монгол улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан, генийн өөрчлөлттэй хүнс ихээр хэрэглэж  байна гэж ярьдаг ч хэрэглээнээс хасаж чадахгүй байсаар байна. Монгол улс Гурилан бүтээгдэхүүний 33%, Өндөг 50%, Хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний 40%,  жимс жимсгэнэ 96,7%, Загас будаа, элсэн чихэр, тахианы мах, ургамалын тос, хүнснгий давсыг 100% гадаадааас импортлон хэрэглэж байна. 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүн импортоор худалдан авсан байна.

Монгол халдварт бус өвчин буюу хорт хавдар, бусад тарлийн өвчнөөр нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Энэ бол хүрээлэн буй орчноос гадна идэж, хэрэглэж байгаа хоол хүнстэй шууд хамааралтай. НҮБ-ын судалгаагаар МОнгол улсын нийт хүн амын 20% нь хангалттай шим тэжээлтэй хоолл хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь ыатлагдсан. Энэ ч утгаараа Монгол улс  Humgry map буюу Өлсгөлөнгийн жагсаалтанд Африкийн улсуудтай адил түвшинд эрэмблэгдэж байгаа юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр Хүнсний аюүлгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарчээ.  Тиймээс Монгол улсын ерөнхийлдөгч Ухнаагийн Хүрэлсүх аюулгүй хүнс хэрэглэхийн тулд “Хүнсний хангамж, Аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг өрнүүлэх саналыг гаргалаа.

Өнгөрсөн долоо хоногт  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хүнсний аюулгүй байдлыг асуудлаар хуралдсан. Өнөөдөр энэ асуудлаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудлыг хөндөж байгаа нь Монгол улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой хэмжээнд хүсэн болов уу гэх  гэ хардлага олон нийтийн дунд байгаа юм.Үүнийг ч  Ерөнхийлөгчийн хэлсэн “Хүнээ хамгаалъя гэвэл хүнсээ сайжруулах шаардлагатай” гэдэг үг илтгэж байгаа юм.   Монгол улсын хүнсний аюулгүй байдал 90 гаруй хувиар алдсан гэх албан бус мэдээлэл ч гараад байна. Монгол улсын ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой саналыг гаргаж, чиглэлийг УИХ, ЗГ-т өглөө. УИХ болон Засгийн газар энэ асуудалд хэрхэн анхаарах нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

 

29 сувилагч төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор:

“Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхтэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын анхны сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол, тахлын голомтуудад сувилахуйн тусламжийг түүчээлэн хүргэж, сувилахуйн төрөлжсөн тусламжийг давхардсан тоогоор 1,854,363 иргэнд үзүүлж, олон зуун иргэний амь насыг аварч хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ сувилахуйн тусламжийг сайжруулах, сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхээр чармайн ажиллаж, сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Хагалгааны болон боолтын сувилагч Пүрэвийн Зинад хүртээв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Гомбосүрэнгийн Алинчбиш
  2. Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн сувилагч Гаадангийн Буянтогтох
  3. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга Бямбажавын Эрдэнэчимэг
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч Батхүүгийн Удвал

Алтан гадас одонгоор:

  1. Улсын гуравдугаар төв эмнэлгийн ахмад сувилагч Сааралын Эрдэнэчимэг
  2. Нийслэлийн Налайх дүүргийн “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Сэдэдийн Цэцэгмаа
  3. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Галсандоржийн Наранцэцэг
  4. Говь-Сүмбэр аймгийн “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн өрхийн сувилагч Лодойн Цэнд-Аюуш
  5. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ядамсүрэнгийн Энхбаяр
  6. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Зинагийн Алтантовч
  7. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн боолтны сувилагч Жигжиддоржийн Бямбажав
  8. Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Балжиннямын Болормаа
  9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилагч Ширчинжавын Мэндбаяр
  10. Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Дамчаагийн Намжилмаа
  11. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх баригч Цогийн Оюунчимэг
  12. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Эрдэнэбилэгийн Оюунчимэг
  13. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Чойжилдоржийн Уранчимэг
  14. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Доржийн Хандсүрэн
  15. Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашжамцын Шинэбаяр
  16. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Дэлгэрхүүгийн Эрдэнэчимэг
  17. Дорнод аймгийн “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Чойжинжавын Энхзаяа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Пүрэвдоржийн Энхсанаа
  2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмийн бус эмчилгээний сувилагч Баядаагийн Гантуяа
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний сувилагч Оюундуламын Ялалт
  4. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Маруушийн Нямсүрэн
  5. Хавдар судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Юрагийн Оюунзул
  6. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Цанхирын Оюунбилэг
  7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ноостын Отгонжаргал
  8. Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Оюунчимэгийн Удвал нарыг тус тус шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

“Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна”

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болж байна. 

Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.

Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Болор-Эрдэнэ “Гурван санал хэлье.

Нэгдүгээрт, ОХУ-д хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Багшийн амнаас танай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэхийг сонсох нь эцэг, эхчүүдэд их хүнд тусаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдахаас нь өмнө эрт илрүүлэгт оруулбал зүйтэй. 

Хоёрдугаарт, нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр тусгай хэрэгцээт хүүхэд орж ирснээр багшийн ачаалал нэмэгдэнэ. Иймд цэцэрлэгүүдэд тусгай бүлэг нээж, багшийг мэргэшүүлж, ажиллуулах нь оновчтой.

Гуравдугаарттусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяг харгалзахгүйгээр ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна. Хаяг нь Баянзүрх дүүрэг хэр нь өөрсдөө Баянгол дүүрэгт амьдарч байгаагаас хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй жишээ байна.

Шилжилт хөдөлгөөн, хамран сургах тойргоос болж хүүхдүүд боловсрох эрхээ эдэлж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэж байгаад санаа зовниж байна” гэсэн юм. 

А.Баасанжав: Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав “Цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэд орж ирлээ гэж бодъё. Тэгвэл багш нь дохионы хэлтэй байх ёстой болно. Тиймээс багш дохионы хэлтэй байх ёстой гэсэн саналыг хэлье.

Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл юм. Энэ хос хэлээр боловсрол олгох нь зохистой хэрэглэгдэхүүн болох юм.

Тухайлбал, 186 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн бүлэг бий. Гэхдээ 2-5 настнуудын нэг бүлэг болгосон байдаг. Үүнийг насаар нь ангилсан бүлэгтэй болгох хэрэгтэй. Сонсголтой болон сонсголгүй хүүхдүүд хамт суралцаж байгаа үед багш нь дохионы хэл мэдэхгүй бол тухай сонсголгүй хүүхдүүд өөрийгөө илэрхийлж мэддэггүй, үргэлж хүнээр туслуулдаг болно. Иймд бие даан өөрөө бүхнийг хийж сурахын тулд тухайн хүүхдэд дохионы хэлээр бүхнийг заах хэрэгтэй” гэлээ. 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ӨӨРӨӨ БАРЬЧИХААД ТҮҮНИЙГЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛДАГ БАЙДЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ

Иргэний үнэмлэхээ өөрөө барьчихаад түүнийгээ нотариатаар батлуулдаг, цахим үнэмлэх, тоон гарын үсэг нэртэй хэдий ч цаасаар нотолж байж төрийн үйлчилгээ авдаг систем иргэдийг бухимдуулдаг. Тиймээс нотариатын үүрэг чиглэлийг тодорхой болгож, улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулахыг халах шаардлагатай байна.

 Угтаа бол нотариат  иргэдийг ямар нэг залилан мэхлэлт, санхүүгийн алдагдалд орох, шударга бусаас сэргийлэх , цаашлаад төрийн үйлчилгээ авахад баталгаа болдог , хуулиар зөвшөөрсөн эрсдэлээс хамгаалах бүхий тогтолцоо. Гэвч Монгол улсад энэ үйлчилгээ хэт хавтгайрч , иргэдийн цаг хугацаа, хэтэвчнээс “шимэгчилдэг “ хэрэггүй шахам үйлчилгээ болж хувираад байна.Эцсийн дүндээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоодог нэг ч нотариат байхгүй , зөвхөн бичиг баримтын хуулбар цаасан дээр тамга дарж, мөнгө хураадаг  төдий үндсэн үүрэг чиглэлийн дагуу ажилладаггүй нотариатын газруудыг татан буулгах шаардлагатай гэж иргэд үзэж байна.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлсэнээр нийслэлийн хэмжээнд одоогоор 190 нотариарт албан ёсны зөвшөөрөлтэй байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 42, Чингэлтэй дүүрэгт 38, Баянголд 36, Баянзүрх пдүүрэгт 27 , СХД-т 21, Хан-Уул ддүрэгт 18, Налайх , Багануур, Багахангайд нийт 7 нотариат үйл ажиллагаа явуулдаг байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар  зайлшгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулдаг байж болно. Тэгвэл нотаратын газруудыг халах, үйл ажиллагааг нь зогсоох асуудал байж болохгүй, харин үйл ажиллагаа  чиглэлийг илүү тодорхой болгож өгөх ёстой гэж үздэг. Үндсэндээ ямар бичиг баримтыг наториатаар батлах, батлахгүйг ялгаж салгадаг болох шаардлагатай гэсэн үг юм.

Угтаа бол Монгол улс цахим үндэстэн болж байгаагаа зарлаж , е-mongolia гэх томоохон платформыг хөгжүүлж төрийн үйлчилгээ ч цахим руу шилжиж байгаа. Гэтэл энэ мэтээр улсын бүртгэл нь батлаад тамгалчихсан , төр нь бүртгээд авчихсан материалыг дахин баталгаажуулсан дампуу системийг халах, үүрэг чиглэлийг тодорхой болгох шаардлагатайг санууллаа.

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • 2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
  • 2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
  • 2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
  • 2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
  • 2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
  • 2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.

Аж ахуйн нэгж, байгууллага:

  • 2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
  • 2.8. Ажил олгогч байгууллага

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх:

  • Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
  • Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн дөрөв болон есдүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.

Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Нэр бүхий 2 бөхөөс допингийн төрлийн эм бэлдмэл илэрсэн талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд болов. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав.
  2. Ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталсан.
  3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав.
  4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.
  5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.
  6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ.
  7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тодруулбал:

2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайланг ирүүлнэ

2019 оны А/295 тоот тушаалаар бүргүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч

2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгасгаас 86,9% нь

2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94,5% нь

2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92% нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна. Энэ нь үндсэндээ Монгол улсад шинээр орж ирж байгаа эм аюултай , аюулгүй эсэхийг монгол улс магадлахгүй хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн үг юм.

 Шалгалтаар эм, эмнэлэгийн хэрэгслийн 44 аж ахуй нэгж, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл байгаагаас  84,1% нь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан эм үйлдвэрлэлийн зохистой дадал, стандартын шаардлагыг хангаагүй байжээ. Эдгээр 44 аж ахуй нэгжээс ердөө 7 аж ахуй нэгж л стандартыг хангаж байна. Бусад нь стандартын шаардлага хангаагүй хэдий ч эмийг үйлдвэрлэсээр байна. Импортын эмийн чанар аюулгүй байдалд анхаардаггүй дээр нь дотоодын  эмийн үйлдвэр нь шаардлага хангаагүй хэдий ч Монгол улсын эмийн үнэ олон улстай харьцуулахад 3-8 дахин өндөр үнэтэй байна

2016 онд ДЭМБ-аас эмийн салбарыг хариуцсан агентлагтай болохыг зөвлөсөн. Үүний хүрээнд “Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэсэн шинэ бүтцийг байгуулсан. Гэвч энэхүү бүтэцдээ эмийн лабораторыг байгуулах шаардлагатай байсан. Дотоодын эмийн  лаборатор нь техник технологигүй, урвалж бодисгүй гээд дутагдал ихтэй учраас Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эмийн аюулгүй байдлыг магадлаж чадахгүй байна.

Монгол улсад бас нэгэн дутагдалтай байгаа зүйл нь сумдын эмийн сангийн асуудал. Одоогийн байдлаар ихэнх сум 1 эмийн сантай. Эмийн сангууд нь хувийн, улсын, нөхөрлөлийн гээд өмчлөлийн хувьд олон янз. Энэ нь шаардлагатай эм бэлдмэл гарсан үед яаж нийлүүлэх нь ойлгомжгүй, эмийн эргэлтийн удаашруулж байна. Тиймээс цаашид эмийн талаар төрөөс авах бодлого арга хэмжээг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

“Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

“ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн”

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн.

Дээрх өвчлөлд харьцангуй залуусын дунд буюу 18-30 хүртэлх насны залууст зүрхний хэм алдалт, бөөр шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх болон ходоодны хавдрын урьдал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байгаа юм.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай аваад явах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

116 хүнээс 26 хүнд нь урьд нь шинж тэмдэг илрээгүй буюу өөрөө мэдээгүй өвчнийг оношилсон гэдэг бага биш тоон үзүүлэлт.

Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдахыг хүсье. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу хүн гэж тоохгүй явалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэв.

“Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа”

Түүнчлэн “ХӨСҮТ нь БЗД-ийн 10, 11 дүгээр хорооны 30 мянган иргэд эрт илрүүлэг шинжилгээ хийх гэрээтэй ажиллаж байна.

Манай эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 60 хүнд эрт илрүүлэг оношилгоо хийх хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм.

Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа тул тус боломжийг ашиглаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой” хэмээн асуултад хариуллаа.

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=494417529102224&t=0