зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.05.09-2022.05.15/

ХОНЬ

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна.

ҮХЭР

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болох хандлагатай байна. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж, дарамт ихсэх болно. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл тайван болж, ажил амьдрал урагштай байна.

ИХЭР

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та гомдохгүй. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд саад болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай.

МЭЛХИЙ

Өнгөрсөн долоо хоногт тулгарсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.

АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй.

ОХИН

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүл. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсож магадгүй.

ЖИНЛҮҮР

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна.

ХИЛЭНЦЭТ

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм.

НУМ

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай.

МАТАР

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олох юм. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой.

ХУМХ

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадах юм. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно.

6-17 насныхны өсөлт хөгжлийг тодорхойлно

Энэ сарын 1-нээс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг эхлэв. Хүүхдүүд харьяа сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх юм.

Манай улсад сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын 10 мянган хүн ам тутамд ногдох түвшин 15-34 нас, 65-аас дээш насанд өндөр байдаг. Иймд 6-17 насныхнаас сүрьеэгийн илрүүлгийг асуумж асуух замаар хийнэ.

Тодруулбал сүрьеэгийн шинж тэмдэг, зовуурын зургаан асуултад тавина. Мөн тархвар судлалын гурван бүлэг асуулт асуун, үнэлгээгээр 3 ба түүнээс дээш оноо авбал сүрьеэгийн сэжигтэй гэж үзэх юм.              

ДЭМБ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар 43 ам.долларын  өгөөжтэй байдгийг тогтоожээ. 

ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бодис илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МҮДЭБ)-аас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан.

Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага(ОУДЭБ)-ын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөх орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар танилцууллаа.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 2390 ТӨГРӨГӨӨ “БАРИНА”

УУХҮЯ ОХУ-ын Роснефт компанитай хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг ирэх зургаадугаар сар хүртэл 25 хувийн хямралтай үнээр худалдан авахаар тохиролцсон. Ингэснээр 5,6-р сард шатахууны үнэд өөрчлөлт орохгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг салбарын яам мэдээллээ. Гэхдээ  шатахууны үнэ цаашид   нэмэгдэхгүй гэх баталгааг өгөхгүй байна.  

Тодруулбал, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийг  4-р сард АИ92 шатахууны нэг тонныг нь 1110 ам.доллараар буюу литр тутмыг нь 3330 төгрөгийг өртөгөөр оруулж ирдэг. Харин тус гэрээ хэлэлцээрийн үр дүнд үнийг 25 хувиар бууруулж 1 тонныг нь 840 ам.доллараар тооцож литр тутамд нь 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдэж байгаа буюу одоо байгаа үнээ 6-р сар хүртэл” барих“ боломж бүрдэж байна. Дизель түлшний үнэ 25 хувиар буурч  литр тутам нь 3714 төгрөгийн өртөгтэй орж ирдэг байсан түлшийг иргэдэд 3380 төгрөгөөр худалдана гэлээ.

Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 7,8 жилд байгаагүй өсөлтийг үзүүлж АИ92 шатахуун гэхэд 2021 онд 71.3 хувиар өссөн, 2022 оны эхний 4 сарын байдлаар 45 хувиар өссөн . Ийнхүү газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхий дахинд бий болсон үнийн өсөлт шууд байдлаар нөлөөлж байгааг онцлон хэллээ.  Тус хэлэлцээрийн үр дүн зөвхөн хоёрхон сар үргэлжилж, ирэх 6-р сараас дахин шатахууны үнэ өсөх нөхцөл байдал үүсэж байна:

Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг энэ оныг дуустал тэглэсэн. Дизель түлшний үнэ 4-р сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Хэрвээ онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байсан гэх уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас  мэдээллээ.

Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал,

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо.

  • Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.
  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.

Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн.

  • Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.
  • Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна.

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар:

  • Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой.
  • Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана.

Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ бямба гарагт авна

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа ба тэд тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарчээ.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

ИРГЭН БҮРТ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн иргэдэд тоон гарын үсэг олгох ажил эхлэж байна. Ингэснээр аливаа үйлчилгээ авахад хурууны хээ уншуулах бус цахим гарын үсгээ ашиглан авдаг болно гэсэн үг юм. Мөн цаашдаа биечлэн очиж гарын үсэг зурахгүйгээр тоон  гарын үсгээ солилцож цахимаар гэрээ байгуулах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5,8 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. ҮҮний хүрээнд Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэнэ гэж тусгасан. Өнөөдрөөс эхлэн нийслэл болон аймгуудад  3 төрлөөр тоон гарын үсгийг олгож эхэллээ.

  1. Иргэн улсын бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, есөн дүүрэг, үйлчилгээний төвөөр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд үнэгүй олгонр
  2. Киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож байна
  3. Гар утасны аппликейшнаар тоон гарын үсэг авах боломжтой юм байна. Цаашдаа хороодуудаар дамжуулан олгоно гэж мэдэгдлээ.

Тоон гарын үсгийн шилжилт 5,8 тэрбум төгрөгийн төсөвтэй.Тоон гарын үсэг нь  256 тэмдэгтэй алгиритм өгөгдлөөс бүрддэг. Үүнийг тайлж унших программын аюулгүйболон үйл ажиллгааны урсгал зардалд дээрх 5,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Иргэдийн дунд E-mongolia, регистерийн дугаар, баталгаат гарын үсэг, цахим үнэмлэх гээд тухайн хүний хувийн мэдээллийг агуулж байгаа олон зүйл байхад тоон гарын үсэг нь үр ашиггүй зардал гэж үзэж байгаа хэсэг бий. Гэвч албаны эх сурвалжаас “Хувь хүний мэдээллийг баталгаажуулсан хамгийн боломжит”арга гэдгийг хэлж байгаа юм. 

2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Тоон гарын үсгин 16-аас дээш бух насны хүн авна. Цаашдаа 5 5 жилийн зайтай  хугацааг нь сунгуулах юм байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд ч консулын газраар дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой. Ингэснээр үйл ажиллагаа жигдэрсний дараа Монголд байгаа хүнтэй гэрээ байгуулах, ямар нэгэн төрийн үйлчилгээ авахад саадгүй болох юм байна. 2023  оноос цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэх юм байна.

Тоон гарын үсэг аваагүй тохиолдолд одоогийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй. Гэвч цаашдаа банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын газрууд, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тоон гарын үсэг шаардлагатай болно гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрөөс цахим шилжилтийн багц хууль хэрэгжиж эхэлснээр тоон гарын үсэгнээс гадна Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдсэн.  

Бүх иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ

“Урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-ээс эхэлсэн. Нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ингэхдээ аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна .

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Бид урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм. Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ өнөөдөр албан ёсоор эхэлснийг мэдэгдье” гэсэн юм.

зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 27. Буд гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.